Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зуны Давосын чуулга уулзалтын нээлтэд оролцлоо

Шинэ манлайлагч орнуудын уулзалт буюу Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа нар оролцлоо.

Зуны Давосын уулзалтыг 2007 оноос Хятадын Далянь, Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаад Далянь хотноо болж байна. Манай улс 2010, 2014 онуудад энэ уулзалтад оролцож байсан бөгөөд Ерөнхий сайдын анх удаа хэмжээнд оролцож байна.

Чуулга уулзалтад Малав улсын Ерөнхийлөгч, Гүрж, Монгол Улс, БНХАУ-ын  Ерөнхий сайд нар, ОХУ, Гүржийн Ерөнхий сайдын орлогч, Европын Комиссын Судалгаа, шинжлэх ухаан, инновацийн асуудал эрхэлсэн комиссар, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ЕНБД-ын орлогч болон Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын цахилгааны холбооны байгууллага, Олон улсын худалдааны төв, Олон улсын валюын сангийн удирдлага, 19 орны салбарын 24 сайд оролцож байгаа бөгөөд нийт 90 гаруй орны  төр засаг, хувийн хэвшил, судлаачдын болон хэвлэл мэдээллийн 1500 төлөөлөгч оролцож байна.

Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид Зуны Давосын чуулга уулзалтад оролцож байгаа нь инноваци, шинжлэх ухаан, технологийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ  оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг улс орнууд, бизнесийнхэнд танилцуулах, Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэргүүний инноваци, технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд түлхэц болох ач холбогдолтой юм.

Зуны Давос инноваци, шинжлэх ухаан, технологийн дэлхийн нийтийн тулгамдсан асуудлуудаар санал солилцох, бизнес, судлаачдын шинэ үеийнхэнтэй харилцаа тогтоох, төр, хувийн хэвшлийн хооронд яриа хэлэлцээ өрнүүлэх замаар инноваци, хөдөлмөрийн бүтээмж, итгэлцлийг урагшлуулах, Хятадын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, түншлэлийн шинэ боломжийг бий болгох зорилтын хүрээнд зохион байгууллагддаг гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.