С.Ламбаа: Түлэнхийн төвийн эмнэлгийн суурийг энэ хавар тавина

Он дамжин ярьж, бүтээн байгуулалт нь зогсоод байгаа эрүүл мэндийн салбарын барилгуудын талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаас тодрууллаа.

-Түлэнхийн төв, Яармагийн дөрөвдүгээр амаржих газар гээд хэд хэдэн эмнэлийг барилгын ажил зогссон. Үүнийг цаашид хэрхэн талаар яригдаж байгаа зүйл юу байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд нэн яаралтай барьж, ашиглалтад хурдан оруулах ёстой хэд хэдэн чухал объект байгаа. Нэгт гэвэл Яармагт баригдаж байгаа 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, хоёрт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд баригдаж байгаа Үндэсний оношлогооны төв, гуравдугаарт Түлэнхийн төв, дөрөвдүгээрт Төрийн ордны баруун талд байгаа Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилга байгаа юм. Эдгээр эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газрын түвшинд зөвлөлдөж, барилгуудын төсвийг энэ оны гуравдугаар сарын 1-ны дотор шийдвэрлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Тиймээс тодорхой аж ахуйн нэгж байгууллагууд, ЭМСЯ-нд байгуулагдсан ажлын хэсэг зэрэг холбогдох хүмүүстэй улзаж ярилцаж байна.  

-Тэгвэл төсвийн тодотголд суулгаж өгнө гэсэн үг үү? Улс мөнгөгүй болсон энэ үед дахин удаашрах вий гэж эмээж байна?

-Яармагийн төрөхийн барилгыг концессын гэрээгээр хийхээр сонгон шалгаруулалтыг явуулсан ч үнэ өртгөөс болоод тухайн компани нь гэрээгээ цуцлах асуудлыг ярьж байгаа. Тиймээс энэ асуудлыг өөр хэлбэрээр шийдэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл заавал концессийн гэрээгээр шахахаас илүү уг ЭХЭМТ нь нийслэлийн гэх тодотголтой явах учир Нийслэлд төсвийг нь шилжүүлэх нь зөв гэж үзсэн. Тиймээс Э.Бат-Үүл даргатай ярьж байгаад нийслэлд шилжүүлж ашиглалтанд оруулах асуудлыг ойрын хугацаанд тавих гэж байна.

Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгын хувьд Нэгдүгээр эмнэлэг дээр концессийн гэрээгээр барихаар гэрээ хэлцлүүдийг нь хийчихсэн ч явц удаашралтай байгаа. Тиймээс тендерт орсон компаниуд болон Нэгдүгээр эмнэлгийн удирдлагуудтай уулзаж ойрын хугацаанд шийдвэрлэнэ.

-Түлэнхийн төвийн төсөв 2016 оны улсын төсөвт туссан байсан? Энэ төсөв нь хангалттай хүрч чадах уу?

-Түлэнхийн төвийн хувьд энэ оны улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгасан нь үнэн. Тиймээс энэ хавар гэхэд холбогдох байгууллагуудтай ярьж тохироод, суурийг нь тавина. Үндэсний оношилгооны төв ч уг нь гурван сард эхэлж болно. Гэвч тендерт нь ялсан Солонгосын компаниуд хоорондоо зөрчилтэй байгаа учраас одоо болтол ажлаа эхлэхгүй байгаа юм. Тийм учраас Сангийн яам ч хүчлэхгүй харзнаж байна. Гэхдээ бид тендерт шалгарсан компаниар нь бариулах чиглэлийг барина. Энэ төвийн санхүүжилтийн 55 сая ам.долларыг БНСУ-ын зээлээр, 10 сая ам.долларыг Монголын Засгийн газраас гаргах ёстой. Мөнгө хөрөнгө нь бэлэн болчихсон хүлээж байгаа.

-ЭМСЯ-наас энэ онд үүнээс өөр эмнэлэг шинээр барих уу?

-Манай салбар дээр хийгдэж байгаа нэг ажил бол “Эрүүл мэндийн хөгжлийн дөрөв, тав, зургадугаар төсөл” гэсэн том төсөл байгаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Загвар эмнэлгийн төслийг өчигдөр хэлэлцэж баталсан. Уг эмнэлгийн санхүүжилтыг Азийн хөгжлийн банкнаас хийж, тендер зарлаад энэ хавараас мөн эхлүүлэх болоод байна.   

-Зарим улсын эмнэлэг удирдлагагүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Эрүүл мэнд спортын яамны харьяа улсын төв эмнэлгийн удирдлагууд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм бий. Манай яамны Төрийн албаны салбар зөвлөл бүрдэж байгаа, үүний дараа сонгон шалгаруулалт хийгээд явна.

-Нэгдүгээр амаржих газарт өөд болсон эмэгтэйн шүүх эмнэлгийн дүгнэлт өчигдөр гарсан гэсэн. Шалтгааныг нь хэлэх боломж байна уу?

-Эрүүл мэнд, спортын яаманд албан тоот ирээгүй байна. Хэрэв тус эмнэлгийн ажилчид буруутай бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

-Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсан. Түүнийг ажлаа үргэлжлүүлнэ гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ боломжтой юу?

-Хэдийгээр сайдгүй байгаа ч эрүүл мэндийн салбарын сахилга хариуцлага дээшилсэн. Үүнийг мониторингоор гаргасан. Харин Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд шийдэх учир тодорхой хариулт хэлэх боломжгүй.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ