Цэц УИХ-ыг Үндсэн хуулиа зөрчсөн гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Энэ асуудал болон сүүлийн үед ҮХЦ болон түүний дарга Ж.Амарсанааг тойрсон мэдээллүүдэд албан ёсны байр сууриа илэрхийлж өнөөдөр Үндсэн хуулийн Цэц өөрийн байрандаа хэвлэлийн хурал хийв.

 Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, гишүүн П.Очирбат, Д.Наранчимэг, Д.Ганзориг нар хуралд оролцон холбогдох тайлбаруудыг сэтгүүлчдэд өглөө.

“Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа УИХ-ын даргад явуулсан бичиг нь хууль зөрчсөн гэж нотлогдож байна” гэсэн бичгийг Улсын дээд шүүхэд явуулсан байсан. Албан бичиг хууль зөрчинө гэдэг асуудлыг мэдэхгүй, одоо л судалж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тухай Д.Наранчимэг гишүүний тогтоол бас УИХ-д очсон. Үүнтэй холбогдуулан миний зүгээс УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, ҮХ-ийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт эхэлсэн тул ямарваа нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргахгүй байхыг анхааралдаа авна уу гэсэн бичиг. Энэчлэн хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар зөвхөн Шүүх л нотолдог. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч “Та бүгд ийм асуудал тавьсан байна. Энэ асуудлаа хуулийн дагуу шийдээрэй” гэсэн хариу өгчээ. Гэтэл үүнийг Хууль зүйн байнгын хороон дээр санал өгсөн болгоод, өчигдөр орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаран сандран ҮХ-ийн цэцийн даргын асуудлыг нэгдүгээрт хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тэрчлэн бидний хуваарийн дагуу хийх хурлыг ч хойшлуулах санал өгч дарамталсан. Улсын дээд шүүх УИХ-аас явуулсан бичигт хариу өгөхдөө “Бид байр сууриа илэрхийлэхгүй” гэсэн байна. Хуулийн дагуу бол ҮХЦ-ийн даргыг огцруулах, эргүүлэн татах асуудал ярьвал эхлээд цэцийн 9 гишүүн дотроо хуралдах учиртай. Дараа нь асуудлаа Улсын Дээд шүүхэд тавина. Улмаар Улсын дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхоор УИХ-д бичиг ирүүлэх ёстой. Ингэсэн тохиолдолд УИХ Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэх дараагийн шатны асуудлыг ярих байв. Гэтэл Улсын Дээд шүүхийн явуулсан хариуг санал мэтээр авч хэлэлцсэн. Энэ бол хуулийг ноцтой зөрчиж буйн хэрэг. Энд нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед УИХ-аас ҮХ-ийн цэцтэй холбоотой алхмууд нь дандаа Үндсэн хууль зөрчсөн байгааг хэлэх хэрэгтэй.  

Жишээ нь өнөөдрийн мөрдөж буй хуулиар цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуульд Ерөнхийлөгч хориг тавихаар өгсөн. Ерөнхийлөгч 5 хүртэлх хоног дотор хориг тавиад хариу өгдөг. Хоригийн хугацаа өнөөдөр 17.20 цагт дуусна. Хориг тавихгүй нь тодорхой болоход 6 дахь өдрөөс Төрийн мэдээлэлд хуулиа хэвлэдэг. Гэтэл Төрийн мэдээлэлд 25-ны өдөр бүрэн баталгаатай болоогүй хууль хэвлэчихсэн, өнөө өглөө бидний гар дээр ирсэн. Хоригийн хугацаа дуусаагүй байхад хууль нь хэвлэгдсэн байгаа нь хууль яаж зөрчдөгийн жишээ. ҮХЦ уг нь  УИХ-тай сөргөлдөөд, маргалдаад байдаггүй. УИХ-ын баталсан хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар иргэд өргөдөл бичдэг, энэ асуудлыг бид авч хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, УИХ-тай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг  бид шийдвэрлэдэг. Иргэдээс ирж буй гомдлын дийлэнх нь хуультай холбоотой. Бид УИХ-ыг зүгээр байхад нь хатгаад байдаггүй. Иргэдийн өгсөн өргөдөл гомдлын дагуу асуудалд ханддаг" гэв.

"УИХ-ын даргыг огцруулах асуудлаар МАН-ын гишүүн болоод хуульчаас гомдол гаргасан. Энэ дээр маргаан үүсгэсэн үү" гэсэн асуултад "УИХ-ын өмнөх даргын хувьд асуудал орж ирдэг байсан. Харин энэ даргын хувьд сонгогдсон өдрөөсөө эхлээд маргаан орж ирсэн.

УИХ-ын дарга хууль бусаар, Үндсэн хууль зөрчиж сонгогдсон гэх маргаан ирдэг. Энэ хүнтэй холбоотой хэд хэдэн маргаан орж ирсэн. Бид эрхзүйн шийдвэр гаргадаг. Гэхдээ улс орны тогтвортой байдал талаасаа хүлээцтэй ханддаг" гэлээ.

 ҮХЦ-ийн гишүүн П.Очирбат "Сүүлийн үед ҮХЦ-рүү хандаж буй байдлаас харахад төрийн хямрал гүнзгийрч, эв нэгдлийг хагалан бутаргахад хүргэх вий гэсэн айдас төрж байна. Би Үндсэн хуулийг батлагдахаас өнөөдрийг хүртэл  "манаач"-аар нь ажиллаж байна. "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно" гэсэн Үндсэн хуулийн заалт ч зөрчигдөх вий" гэсэн анхааруулга өглөө.

Мөн "Ипотекийн зээлийн талаар гаргасан шийдвэр нь иргэний талд гарсан болохоос манай цэцтэй ямар ч холбоогүй. Тэр тусмаа надад бүүр ч хамаагүй. Намайг хүүтэй болгоод, тэрнийхээ эрх ашигт тааруулсан шийдвэр гаргалаа гэж гүтгэх боллоо. Би хүүгүй хүн шүү дээ" гэсэн тайлбарыг ҮХЦ-ийн гишүүн Д.Наранчимэг хэллээ. ҮХЦ ийм албан ёсны тайлбаруудыг хийснээр хэвлэлийн бага хурал өндөрлөв.

Ж.Батсайхан