Ажлын хэсэг хуралдав

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм.

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох аж. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-22-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн  9 дүгээр уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долдугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болох юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 13 дугаар тоот захирамжийг үндэслэн Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл ханган ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2016.02.08/ уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хуралдлаа.

Тус хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон Ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон холбогдох яам, газрын албаны хүмүүс багтсан болно.

АСЕМ нь анх 1996 онд 26 орны гишүүнчлэлтэй байгуулагдсан бөгөөд эдүгээ Европын 30, Азийн 21 улс болон олон улсын хоёр томоохон байгууллагыг эгнээндээ нэгтгээд байна. Тус байгууллага нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээ явуулдаг. Цаашдаа гишүүнчлэл нь улам бүр өргөжих хандлагатай байгаа бөгөөд одоогоор Турк, Украйн, Серби улс гишүүнээр элсэх өргөдөл өгчээ. Монгол Улс 2008 онд Бээжин хотноо  чуулсан долоо  дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэн бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй оролцож ирсэн учраас 2014 оны ээлжит чуулганаар 2016 оны дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг өгсөн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.