Б.Болор: "Мазаалай" бондыг түр зогсоогоод байна

Сангийн сайд Б.Болороос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Орон сууцны таван хувийн зээлийн шийдвэр гарахад ямар асуудлууд хүлээгдэж байна бэ? 

-Яамны зүгээс Монголбанктай хамтран ажиллаад явж байгаа. Аль болох ойрын хугацаанд шийдэхээр төлөвлөж байна. Засгийн газраас журмыг нь баталсан. 

-ОХУ-д төлөх өртэй холбоотой тодорхой хэмжээний ам.долларыг манай зүгээс шилжүүлэх ёстой. Энэ мөнгийг хэдийд шилжүүлэх вэ? 

-ОХУ-д төлөх 3.8 сая ам.долларын асуудал бий. Засгийн газар төсөв батлуулахдаа энэ мөнгийг суулгаж өгсөн. Тийм учраас 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаад ОХУ-д шилжүүлнэ.

-Төсвийн байдал одоогоор ямар байгаа бэ?

-Өмнөх онуудтай жишихэд нэгдүгээр улирлын эхний саруудад төсвийн орлого тааруухан бүрддэг байсан. Одоогоор төсвийн орлого 90 гаруй хувьтай байна. Энэ бол урьд жилүүдтэй харьцуулахад харьцангуй эерэг үзүүлэлт.

-Төсөвт тодотгол хэдийгээр хийхээр байна вэ?

-Тодотголыг тодорхой хуулийн заалтын дагуу хийдэг. Бид тэр хүрээндээ ажиллаад явна. Төсөвт тодотгол хийх тодорхой нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд хаврын чуулганаар тодотгол оруулах боломжтой. Ер нь бол сонгуультай холбоотойгоор төсөвт тодотгол зайлшгүй хийж  таарна.

-"Мазаалай" бонд олон улсын зах зээл дээр босгох яриа гараад намжсан. Бонд босгох асуудал юу болсон бэ?

-Зах зээлийн эдийн засагтай улс орон жил бүр үнэт цаас гаргадаг. Энэ эрхээ УИХ-аас төсөв батлах үеэрээ авдаг байгаа. Өрийн таазандаа багтааж, тодорхой эрхийнхээ хүрээнд олон улсын зах зээлд бонд босгох ажлыг бид эхлүүлсэн байсан. Энэ ажил эхэндээ нэлээд  амжилттай явж байсан боловч улстөрийн нөхцөл байдлаас үүдэн  зогсонги  байдалд орсон. Биднийг бондын  зах зээл рүү гарч байх үед хүү 8-9 хувьтай байсан бол одоо 13 хувь руу орсон. Засгийн газрын огцруулахаар санал өргөн барьсан өдөр хүү огцом өсч, завсарлага авсны дараа мөн огцом өссөн. Нэгэнт хүү өссөн учраас хүү нь амархан буурахгүй байна.  Тиймээс түр зогсоогоод байна.

-Засгийн газраас бонд босгох талаар дахин ажиллах уу. Ер нь бондоор хэдий хэмжээний хөрөнгө босгох төлөвлөгөө байсан юм бэ?

-Хүү өндөр байгаа учраас бонд авах талаар дахин ямар нэг алхам хийх төлөвлөгөө алга. Яг хэдий хэмжээний хөрөнгө босгох талаар ярилцсан зүйл байхгүй байна.

-Хятадын экспорт, импортын банкнаас 1.3 тэрбум долларын зээл авах гэж байна гэсэн мэдээлэл яригдаж байгаад ямар тайлбар хийх вэ?

-БНХАУ-тай өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлттэй зээл байгаа. Энэ асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт Бээжинд очиж, албан уулзалтууд хийсэн. Төслүүд анхнаасаа тодорч, ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

-Эдийн засаг сэргэх хандлага байна уу?

-Гол нь улс төрийн нөхцөл байдал ямар байх нь вэ гэдгээс асуудлын хариу гарна. Эдийн засгаа сайжруулах шаардлагатай байгаа энэ үед улстөрчид нэгдмэл байж, улстөрийн популизмаас татгалзаж, эдийн засгаа "алахгүй" байх хэрэгтэй байна.

-УИХ-ын намрын чуулганаар Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хэд хэдэн хууль баталсан. Хэдий хэмжээний чөлөөлөлт хийгдсэн бэ, төсөвт нөлөөлөх үү?

-Хуулийн төслийг өргөн барих үеэрээ төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээг байнга хийж байгаа. Ер нь нэгдсэн судалгаа хийж дууссаны дараа мэдээлэл өгнө.

-Гадаадын хөрөнгө оруулалт өнөөгийн нөхцөлд ямар байдалтай байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт одоогийн нөхцөлд маш бага байна. Ерөнхийдөө өсөлт ажиглагдаж байгаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хууль гаргасантай холбоотой. Мөн томоохон төслүүдийг дагаж жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх хандлага ажиглагдаж байна. Сая Унгарын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ тал дээр нэлээд асуудлууд яригдсан. Тиймээс хөрөнгө оруулалтууд нэмэгдэх боломжтой.

-Төрийн байгууллагаас тэтгэвэртээ гарч байгаа иргэд тэтгэмжээ авч чадахгүй байна гэж байна. Сангийн яам тэдгээр иргэдэд мөнгө байхгүй хэмээн буцааж байгаа тухай иргэд ярьж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Ер нь цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгийг ямар ч саадгүй олгож байна. Ганц нэг гомдол ихэнхдээ иргэдтэй өөрсдөдтэй нь холбоотой байдаг. Бичиг баримтын бүрдүүлэлт дутуу байх жишээтэй. Энэ тал дээр яам иргэдтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ санхүүжилтийг яам өгч байгаа.

-Төсвийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн компаниуд мөнгөө авч чадахгүй байгаа. Мөнгийг нь хэзээ шилжүүлэх бол?

-Ажил нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг 80 гаруй тэрбум төгрөгөөр барагдуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал