Монгол, Колумбийн ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг анх удаа видео хэлбэрээр зохион байгууллаа

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Колумби Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 3 дугаар сарын 3-нд видео хэлбэрээр зохион байгууллаа. Энэ нь гадаадын төлөөлөгчидтэй видео хэлбэрээр хийж буй анхны ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болж байна.

Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, айлын талаас тус улсын Гадаад хэргийн дэд сайд Патти Лондоно Харамилло тус тус ахлан оролцсон бөгөөд, тус уулзалт нь Монгол, Колумбийн хооронд жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай хоёр талын харилцааны гол механизм юм.

Мэдээллийн технологи хөгжиж, цахим ертөнцийн цар хүрээ өргөжиж буй өнөө үед газарзүйн байршлаас үл хамааран ийнхүү цахим маягаар хурал, уулзалт хийх нь цаг хугацаа болон төсөв мөнгө хэмнэх давуу талтайг энэхүү зөвлөлдөх уулзалтаар нотоллоо.

Уулзалтын үеэр талууд хоёр талын бүхий л салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцсоноос гадна Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-т гишүүн эдийн засгаар элсэхэд хамтран ажиллах асуудлаар ярилцаж, уулзалтын мөрөөр тусгай төлөвлөгөө гарган ажиллахаар талууд тохиролцлов.