Шинэ нисэх буудалд шаардагдах бараа бүтээгдэхүүний зөвшөөрлийг дамжлагагүй олгоно

Зам, тээврийн сайдын энэ долоо хоногийн шуурхай хуралдаан өчигдөр Хөшигийн хөндийд баригдаж буй онгоцны шинэ нисэх буудлын талбайд болжээ. 

Хуралдаанд Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газрын дарга нар оролцож, авто зам барилга, шинэ нисэх буудлын төслийн ажлын гүйцэтгэлийн явцад гарч буй зарим хүндрэл бэрхшээлүүдийг хамтран шийдвэрлэж байхаар тогтсон байна. Тухайлбал, сайд М.Зоригтын санаачилгаар шинэ нисэх буудлын барилгын ажлын бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулж ирэх, гаалийн татвараас чөлөөлөх зөвшөөрөл гарах хүртэлх Зам, тээврийн яам, Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газраар дамждаг дамжлагыг багасгаж, шууд Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газраас зөвшөөрөл авдаг байхаар болжээ. Харин Зам, тээврийн яам улиралд, эсвэл сард нэг удаа бараа материалын багцыг хянах аж.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 76 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд одоогоор шийдвэрлэх хэд хэдэн асуудал байгааг төслийн удирдагч Н.Энхбат Сайдын шуурхай хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, Монголын талын хариуцан барих 3 барилгын асуудал шүүхийн шатанд удаашралтай байгааг хэлж, хурдны авто зам, шатахууны заавал байх нөөц, ангарын барилга, ангар болон катерингийн барилгууд, дагуул хотын асуудал болон эрчим хүчний нэхэмжлэх, хугацаа хоцорч төлбөр хийгдсэний алданги зэргийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Шинэ нисэх буудлын хурдны замын ажил 4-р сарын 15-нд эхэлнэ гэдгийг сайд М.Зоригт хэлээд дагуул хотын асуудлыг Барилга хот байгуулалтын сайдтай яаралтай уулзалт зохион байгуулж, шийдэлд хүрэхээр тогтсон юм. Түүнчлэн эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэхийн тухайд сайдын нэр дээр албан тоотыг холбогдох яаманд явуулж, яаралтай шийдвэрлэх үүргийг санхүү эрхэлсэн холбогдох дарга нарт өглөө.

Н.Туяа