Энэ жил ЭЕШ-д сонсоод ойлгох чадварыг шалгана

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл 2016 оны хоёрдугаар сарын 15-ны 09:00 цагт эхэлж, энэ сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэл ямар шатандаа явж байгаа талаар Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулав.

-Энэ жил хичнээн сурагч ЕБС-ийг төгсч байгаа вэ. ЭЕШ-ыг хичнээн сурагч өгөх вэ?

-Энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангийг нийт  36200 хүүхэд төгсөнө. Өмнөх оны төгсөгчид нэмэгдээд 39-40 мянга орчим хүн шалгалтад орох тооцоо гарсан.

-Одоогийн байдлаар бүртгэл хэдэн хувьтай байна вэ?

-ЭЕШ-ын бүртгэл 80 хувьтай байна. Үлдсэн хугацаанд 15 мянга 700 орчим хүүхэд бүртгүүлэх юм. Ирэх сарын 15-наас хойш БҮТ-ийн www.eec.mn сайтаас суудлын хуваарийг үзэх боломжтой. Суудлын хуваарь гэдэг нь тухайн шалгуулагчийн шалгалтын байранд аль ангид, хэд дугаартай суудалд шалгалт өгөх вэ гэсэн хуваарийг зааж өгч байгаа юм.

-Өнгөрсөн жилээс монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 болсон. Энэ жилийн ЭЕШ-ын онцлог гэвэл?

- Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Нэгдүгээрт монгол хэл бичгийн шалгалтыг өнгөрсөн жил хоёр удаа авч байсан бол энэ жил нэг удаа авна. Энэ нь монгол хэл бичгийн шалгалтыг 400-аас дээш оноо авч байж ЭЕШ-ын оноо нь хүчинтэй болж их, дээд сургуульд элсэх боломжтой болно гэсэн үг. Хоёрдугаарт монгол, орос, англи хэлний шалгалтын агуулгад шалгуулагчийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулж байгаа. Үүнтэй холбоотой шалгалт авах анги танхимуудыг сонсох даалгавар авахад зориулсан шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байна.

-Өмнөх жилүүдийн ЭЕШ-ын туршлагаас үүдэн шалгалтад орох гэж буй хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Бүртгэл дуусахаас өмнө амжиж бүртгүүлээрэй. Мөн хичээл нэмэх шаардлагатай эсвэл хувийн мэдээллийг алдаатай бүртгүүлсэн бол засах боломжтой. Мөн манай цахим хуудсанд шалгалтын агуулгын тестийг байршуулсан. Үүний дагуу шалгалтад бэлдэх хэрэгтэй.

Ж.Болор