АХБ Монгол Улсад 287 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ

АХБ 201 6 онд Монгол Улсад  287 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна.  

Дээрх хөтөлбөр нь тус банкны өөрийн хөрөнгө болон зах зээлээс босгосон эх үүсвэртэй хөнгөлтттэй зээл, буцалтгүй тусламжаас бүрддэг. Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн сүлжээний томоохон хөрөнгө оруулалт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байртай болгох, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд туслах цоо шинэ төслийг энэ жилийн санхүүжилтэд тусгаснаараа ач холбогдолтой хэмээн АХБ-ныхан үзэж байна. Түүнчлэн АХБ-ны Ази Номхон далайн гамшгийн тусламжийн сангаас 2016 оны зудын хүндрэлийг даван туулах чиглэлээр Монгол Улсад тусламж үзүүлсэн.  Уг тусламжийн дараа хүн амыг байгалийн гамшгийг даван туулах чадвартай болгох зорилгоор буцалтгүй тусламжийн шинэ төсөл батлахаар ажиллаж байна.

Он  гарсаар АХБ гурван зээлийн төсөл баталжээ. Тодруулбал “Эрдэнэс Монгол” ХХК - ийн компанийн засаглал, менежментийн чадавхийг бэхжүүлэх”, “Замын-Үүд, Алтанбулаг болон Бичигтийн хилийн боомтыг сайжруулах”, “Арвайхээр, Даланзадгад, Сайншанд, Цэцэрлэг хотуудад бохир ус цэвэрлэх байгууламж барих” хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

Одоо гэр хорооллыг дахин төлөвлөх, цэвэр бохир усны шугам хоолойг барьж байгуулах, алслагдсан баруун хязгаарыг олон улсын стандартад нийцсэн хурдны замаар хоёр хөрш улстай холбох, хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, ажил эрхлэх боломжоор хангах зорилгоор ур чадварыг дээшлүүлэх зэрэг төсөл хэрэгжиж байна. 2015 онд АХБ Монгол Улсад 305.5 сая ам.долларын санхүүжилтийг баталсан. Үүнд 275 сая ам.долларын дүн бүхий засгийн газрын 4 зээл, 8 сая ам.доллартай тэнцэх худалдааны санхүүжилт болон 6 сая ам.долларын 2 буцалтгүй тусламжийн төсөл, 16.5 сая ам.долларын 15 техникийн туслалцааны төслүүд багтжээ.

Монгол Улс АХБ-нд 25 жилийн өмнө нэгдсэнээс хойш нийт 2 тэрбум ам.долларын санхүүжилтийн төсөл хөтөлбөр манайд хэрэгжсэн байна.

Б.Заяа