УИХ-ын дарга З.Энхболд Уралын Турбины үйлдвэртэй танилцав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Уралын Турбины үйлдвэр 1938 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад орсон. 2000 гаруй ажилтантай. Дэлхийн 26 оронтой хамтран ажилладагийн нэг нь Монгол Улс юм. Уралын Турбины үйлдвэр нь олон жилийн эдэлгээ даах чанар, стандарт бүхий олон төрлийн турбин түүний эд ангийг үйлдвэрлэн дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлсээр иржээ.

Монгол Улсын хувьд “ТЭЦ-4” ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хамтарсан төслийг Уралын Турбины үйлдвэртэй хамтран хэрэгжүүлж энэ жилийн 03 дугаар сард амжилттай буюу хугацаанаасаа өмнө дуусгасан байна. Улаанбаатар хотын “ТЭЦ-4” ДЦС нь Уралын Турбины үйлдвэртэй хамтран ажилласнаар хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил хийгдэж, хүчин чадлын цахилгаанаар 123 мВт, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөсөн байна. “ТЭЦ-4” ДЦС нь Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээний 80 хувийг дангаараа хангах боломж бүрдэх юм.

УИХ-ын дарга Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ, Хот суурин газар дахь хүн амын өсөлт, барилга байгууламжийн тоо нэмэгдэхийн хирээр эрчим хүчний хэрэглээ мөн өсөн нэмэгдэж байна. Турбин бол цахилгаан станцын хамгийн чухал эд анги буюу зүрх нь байдаг. Энэхүү үйлдвэрээс өмнө нь нийлүүлж байсан турбин сүүлийн 30 жилийн турш эвдрэлгүй ажиллаж ирсэн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын “ТЭЦ-4” ДЦС  123 мВт хүчин чадлын цахилгаанаар өргөтгөл хийгдсэн. Манайх шиг өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээтэй улсын хувьд үйлдвэрүүдийн гол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж буй нь их чухал хэмээн хэллээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус үйлдвэртэй танилцсаны дараа үйлдвэрийн хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, үйлдвэрийн түүхийн музей үзэж сонирхов. 

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн  болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.