“Хүүхэд бүр хөөрхөн” уриан дор баяраа тэмдэглэв

ГХЯ-ны хамт олноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ жилийн хүүхдийн баярыг “Хүүхэд бүр хөөрхөн” уриатай оюуны бэрхшээлтэй буюу дауны өвчтэй хүүхдүүдийг баярлуулсан өдөрлөг зохион байгууллаа.

Эдгээр хүүхдүүдийг баярлуулах, үе тэнгийнхэнтэйгээ танилцах, тоглон хөгжилдөх боломжийг тус яамны хамт олон нь Монголын дауны холбоо, Чойжин ламын сүм музей, “Нүүдлийн зурган өгүүлэмж”  ТББ-тай хамтран зохион явуулж багачуудыг баярлуулсан юм.

Монголын түүх дурсгалын үнэт өв хадгалж байгаа Чойжин ламын сүм музейн үзмэрийг тайлбарлагчтай үнэ төлбөргүй үзүүлэхийн зэрэгцээ хүүхдүүдийг багт хувааж музейн үзмэрүүдийг зурах, баримлын шавраар бүтээх уралдаан зохион байгуулав. Мөн  энэ үеэр хүүхдүүд харилцан бие биенээ ойлгон, танилцах уулзалт боллоо. Үндэсний хүүхэлдэйн баатар “Бумбардай” цуврал номоор энд ирж оролцсон хүүхэд бүрийг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-аас шагнаж урамшуулсан юм.

Энэ үеэр 25 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч 12 настай Номиндарийн ээж М.Соёл-Эрдэнэтэй уулзаж сэтгэгдлийг нь авсан юм. Тэрбээр “Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсан ГХЯ болон бусад байгууллагын хамт олонд талархал илэрхийлж байна. Монголын дауны холбоо, Тусгай олимпийн хорооноос дауны өвчтэй хүүхдийн дунд олон сайхан арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Манай охин, бид хоёр их идэвхтэй оролцдог. Охин маань 2015 оны 7 дугаар сард АНУ-ын Лос Анжелес хотноо болсон хөнгөн атлетикийн тэмцээний 100 метрийн зайд уралдаж хүрэл медаль хүртсэн. Мөн цасны гуталтай гүйлтийн уралдаанаас нийслэлийн болон улсын тэмцээнээс мөнгөн медальтай. Одоо энэ зургийн уралдаанд оролцож байна” гэв. Зургийн болон баримлын уралдаанд 30 гаруй хүүхэд бүтээлээрээ оролцож 6 хүүхэд гар зургийн шилдгээр, хоёр хүүхэд баримлын шилдгээр шалгарч тусгай шагнал хүртлээ.

Д.Өлзий