100 гаруй иргэн, айл өрх усан хангамжийн асуудлаа өөрсдөө шийджээ

Увс аймгийн Улаангом сумын 1, 6 дугаар багийн газар тариалан эрхэлдэг 30 гаруй иргэн усалгааны сувгаа өөрсдийн хүчээр засч дуусчээ.

Энэхүү сувгаар гурван чиглэлд хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг 100 гаруй иргэн, айл өрх усаа авдаг байна.

  

Увс аймгийн зарим сум, нутагт газарт усны хүртээмж тэгш бус байдгаас хүн малын усан хангамж тогтвортой бус болсон нь сүүлийн жилүүдийн уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөн болохыг эрдэмтэн судлаачид төдийгүй нутгийн иргэд ч хүлээн зөвшөөрөх болсон. Хүн ам нэмэгдэхийн хэрээр ажлын байрны эрэлт хэрэгцээ их байгаа юм. Ялангуяа олон айл өрх мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны аж ахуй эрхлэх сонирхол их байдаг ч усны нөөц болон хүртээмж нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Увс аймагт энэ асуудлыг зүй зохистой шийдвэрлэх гарц нь Ус хэрэглэгчдийн холбоо /УХХ/ гэдгийг нутгийн иргэд “Дасан зохицох” төслийн ачаар ойлгож эхэлсэн бөгөөд одоо аймгийн төвд төдийгүй хэд хэдэн суманд УХХ байгуулагдаж үр ашигтай ажиллаж байна.

 

Бас нэгэн сайн мэдээ дуулгахад, Сагил сумын нутаг болох Ёлын амнаас Хагийн хөдөө рүү өнгөрсөн намар хэрэгжүүлсэн ус гаргах сувгийн ажлын үр дүн гарч эхэлжээ. Тус сэргээн засварласан сувгаар хангалттай ус гарч Хагийн хөдөөд ус урсаж байгаа хэдий ч бага зэрэг сувгийн засварууд хийхэд л бүрэн хэмжээгээр Хаг нуурыг тэжээн тэтгэх боломжтой болжээ. Ийнхүү Увс нутгийнхан усан хангамжийн нөөц боломжоо ашиглан хамтын хүчээр усаа зүй зохистой ашиглах дадал эзэмшиж амьдрал, аж ахуйгаа улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой боллоо.

Д.Өлзий