Н.Наранбаатар: Наадамчдаа түүхийн дөрвөн мөчлөгөөр аялуулна

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг найруулахаар шалгарсан билээ. Наадмын өнгө, наадамчин олны сэтгэгдэл Үндэсний их баяр наадмын нээлттэй зайлшгүй холбогддог. Энэ удаагийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа ямар байх талаар тодруулав.

 -Энэ жилийн наадам өргөн цар хүрээнд болно. АСЕМ-ын зочдод Монгол орны түүх соёл, уламжлалыг харуулах, дэлхийн энгээр түүх соёлоо сурталчлах түүхэн боломж тохиож буй. Нөгөө талаас шинэхэн Төрийн соёрхолт маань наадамчин олондоо ямар бэлэг барих гэж байгаагаа сонирхуулахгүй юу?

-Энэ жил түүхэн 4 үйл явдал давхацсан жил болж байна. Тулгар төр байгуулагдсаны 2225,  Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам гээд бэлгэ дэмбэрэл өлзий учрал бүрдсэн үйл явдал тохиож байна. Нар хур тэгширсэн сайхан  жил болж байна. Наадмыг хүн хүч, зардал мөнгөөр зодож сүртэй  хийхгүй. Ер нь  сүр дуулиан болголоо гээд сайхан наадам болно гэсэн үг биш. Өчнөөн зардал мөнгө гаргаад үр дүнгүй болох тохиолдол бий. Монгол түмнийхээ соёл уламжлалыг харуулах зорилготой, зохиомж талаас нь их анхаарч ажиллаж байна.

- Монголын түүх соёлыг аль талаас нь харуулахыг зорьж байгаа вэ?

-Хятад хүн бэл бэнчингээр,Төвд хүн шидээр, Монгол хүн амны бэлгээр гэдэг.  Бэлгэдлээ чухалчилдаг ард түмнээ түүхийн дөрвөн цаг үеэр аялуулах болно. Хүннүгийн үеэс эхлээд Эзэн Чингис хааны үе, Богд хаант засаглалын үе, Ардын хувьсгалын үеийг харуулахыг зорьж байгаа. Бид аугаа түүхтэй ард түмэн. Бидний өвөг дээдсийн туулж өнгөрөөсөн цаг үе бүхэн бидэнд үнэ цэнэтэй, сургамжтай.  Монголчууд  усаа нүдний цөцгий мэт хайрладаг байсан.  Гол мөрөнд  үс гэзгээ угаадаггүй, усаа хутгаж асгаж цутгаж биш нандигнаж хэрэглэдэг сайхан уламжлалтай ард түмэн. Ер нь  усгүй бол бид юутай үлдэх вэ гэсэн санааг хүргэхийг хичээж байна.

- Тэгэхээр наадмын төсөвт тааруулж цомхон хийнэ гэж ойлгож болох уу?

-Төр засгийн боломж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Тэглээ гээд Монгол үндэстний томоохон баярыг өнгө цулгай болгож болохгүй. Цэргийн парадын хувцас, хатдын хувцас хэрэглэл гээд зардал мөнгө их гарах нь ойлгомжтой. Бид нөөц бололцоогоо ашиглаж яаж ийгээд зохицуулахаас өөр аргагүй. 

-Наадмын бэлтгэл ямар шатандаа явж байна?

-Ерөнхийдөө гол  ажлынхаа ард гарчихсан. Гэхдээ чимхлүүр ажлууд  их  байна.

-Түрүү жилийн наадмыг “Хонхны дуу”-гаар эхлүүлсэн нь нэлээн шүүмжлэл дагуулсан. Энэ жил наадмын сүлд дуутай болж буйг сонслоо. Хэний ямар уран бүтээл байх вэ?

-“Монгол Наадам” хэмээх сүлд дуутай болсон. Наадам гэхээр сэтгэлд шууд буудаг зүйл бидэнд хэрэгтэй санагдсан. Энэхүү дууг сонсоод наадамчин олон минь огшиж омогшдог наадмаа хүлээж, санагалздаг, байгаасай гэж хүссэн.  Дууны аяыг МУГЖ хөгжмийн зохиолч Б.Балхжав , үгийг Ш.Гүрбазар бичиж, хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийсэн. Энэ дууны клип наадмаас өмнө цацагдаж эхэлнэ.

-Наадмын үйл ажиллагаанд оролцох урлаг соёлынхныг хэрхэн сонгон шалгаруулав. Ямар уран бүтээлчид оролцож байна вэ?

рьд өмнө нь тухайн жилийнхээ шилдэг уран бүтээлчдийг оруулдаг байсан бол  УДЭТ-ын хамт олон ярилцаж энэ жил зохиомжтойгоо уялдуулан сонгон шалгаруулалт хийсэн.  МУГЖ Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар наадмыг нээж дуулна. Наадамд 500 цэргийн парад жагсаж, 500 бяцхан хүүхдүүд чимэг нэмж, төрийн их найрал хөгжим эгшиглэнэ. Ингээд зогсъё.  Бүгдийг дэлгэвэл утгагүй болно.

-Наадамчин олондоо хандаж юу хэлэх вэ?

-Наадамчин олондоо хандаж хэлэхэд Монголчууд бид дэнж хотойтол нааддаг уламжлалтай. Үндэсний их баяр наадамдаа үндэсний хувцсаараа гоёж, үр хүүхдүүд, өтгөс буурлуудтайгаа ирж нээлтээ үзэхийг урьж байна.

Г.Уранчимэг