Ж.Ганбат: Зөвхөн төрийн өндөр албан тушаалтны цалинг 20-30 хувь хасна

“Төрийн албан хаагчдын цалинг бууруулна” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат өнөөдөр тайлбар хийв.

-Ерөнхий сайд өчигдөр зарим төрийн албан хаагчдын цалинг бууруулах талаар мэдээлсэн. Ямар албан тушаалтнуудын цалинг бууруулах юм бэ?

-Сангийн яамнаас төсвийн тодотгол боловсруулж байгаа. Одоогийн байдлаар тооцоолж буйгаар төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтнууд, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнуудын цалинг бууруулах асуудал яригдаж байна. Ойрын үед Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Төсөв хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсөв боловсруулах үед энэ асуудал яригдаж байсан. Энэ бол шинэ асуудал биш.

-Эдгээр албан тушаалтнуудын эрхэлдэг ажлыг тодорхой хэлбэл?

-Засгийн газрын босоо бүтцээр бол агенлагуудын даргаас дээш Ерөнхийлөгч хүртэл албан тушаалтнууд хамрагдана. Аймгуудын хувьд Засаг дарга, Иргэдийн хурлын дарга хамрагдана. Харин дүүрэгт байхгүй.

-УИХ-ын гишүүдийн цалин буурах уу?

-Буурна. 

-Хэдэн хувь бууруулах вэ?

-Улстөрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулна. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувь бууруулна гэсэн санал байна.

-Үүнээс хэдэн төгрөг хэмнэх вэ?

-Энэ оны хувьд нийлээд гурав орчим тэрбум төгрөг, ирэх жилд найм орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ.

-Төрийн өмчит компаниудын зардалд ямар хэмнэлт хийх вэ?

-Төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнуудын цалинг тодорхой хэмжээнд бууруулна.

-Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг хэрхэн бууруулах вэ?

-Тэвчиж болох бүх урсгал зардлыг бууруулна. Үүнд гар утас, тээвэр шатахууны зардлыг 30-50 хувь бууруулж, тавилга эд хогшлыг худалдаж авахыг зогсооно. Урсгал засварыг бууруулна. Зочин төлөөлөгч хүлээж авах, дотоод, гадаад томилгооны зэрэг үр ашиггүй зардлыг бууруулах арга хэмжээг авна. Гар утасны зардлаас жилдээ 100-200 сая төгрөг хэмнэнэ. Гэхдээ төрийн жирийн буюу үйлчилгээний албан хаагчид машин унадаггүй, гар утасны төлбөрийг нь улсаас төлдөггүй. Тиймээс гар утас, шатахуун, гадаад томилгоо зэрэг хэмнэлт мөн л өндөр албан тушаалтнуудад хамаатай.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ