Д.Жаргалсайхан:Микро автобус үйлдвэрлэж хэрэглээнд нийлүүлнэ

Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай дараах асуудлаар ярилцлаа. 

-Монгол Улс төмрийн хүдрийн нөөцдөө түшиглэн Хар төмөрлөгийн салбараа хөгжүүлэх боломж хэр байна?

-Төрөөс аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг гарсантай холбогдуулан суурь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх нь Монгол Улсын  нэг хөгжлийн гарц юм.  Манай улс төмрийн хүдрийн асар их нөөцтэй. Төмрийн хүдрийн нэг тонныг 40 ам. доллараар экспортлоод бэлэн хийц төмрийг  450 ам.доллараар гаднаас худалдан авч байна. 10 дахин үнийн өртгийг алдаж байгаа нь хөгжлийн боломжоо алдаж буйн нэг жишээ юм. Энэ мөнгөн урсгал дээр 100 мянга орчим ажлын байр бий болгох хэмжээний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж байна гэсэн үг.  

-Төмөрлөгийн салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулагчид энэ салбарыг хэр сонирхож байна?

-Төмөрлөгийн үйлдвэр бол Монгол Улсын стратегийн салбарын нэг юм. Дарханд үйл ажиллагаа явуулдаг Бэрэн групп төмөрлөгийн салбарт хөрөнгө оруулан ажиллаж байна. Бэрэн шиг компаниудад түшиглэн кластр хэлбэрээр жижиг, дунд төмөрлөгийн үйлдвэрүүдээ хөгжүүлэх нь зүйтэй. Төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх бүх суурь бүтээгдэхүүнүүд монголд байна. Тухайлбал төмрийн хүдэр, кокс, шохойн чулуу гээд төмөрлөгийн үйлдвэрт шаардлагатай бүх бүтээгдэхүүн манайд бий. Төмрийн хүдрийн нөөц, үйлдвэржилтийн дүүрэг болох Эрдэнэт, Дарханд түшиглэн Төмөрлөгийн үйлдвэрийг байгуулах боломжтой.

-Дотоодын үйлдвэрүүд төмөрлөгийн салбарт ямар  бүтээгдэхүүнийг нийлүүлж байна?

-Хорголжин ган, угальник, арматур үйлдвэрлэж байна. Цаашид цайр, лист төмрүүдийг үйлдвэрлэх байх. Гол нь төмөрлөгийн салбарт эдийн засгийн хувьд өгөөжтэй кластр загварыг бий болгосноор үйлдвэрүүд хөгжинө.

-Манай улсын автомашины хэрэгцээ жилээс жилд тэлж байна. Энэ хэрэгцээг дотооддоо хангах боломжийг  Монгол инженерүүд хэр эрэлхийлж байна вэ?

-Монголын  металлургийн хэрэгцээ 300-400 мянган тоннд эргэж байна. Энэ нь  барилгын салбарт үүссэн хэрэглээ. Үүнээс гадна  машин байгууламжийн салбарт металлургийн хэрэгцээг бий болгох боломжтой.Монголчууд өнөөдөр тоног төхөөрөмж, машин механизмыг  үйлдвэрлэх чиглэл дутмаг байгаа. Машин байгууламжийн салбарын хувьд жилд 30 мянган машин үйлдвэрлэх  төслийг боловсруулах хэтийн зорилтыг бид тавьж байна. Тодруулбал Монгол Улс 760 мянган автомашинтай. Энэ тоо өссөөр байгаа. Эл  эрэлтэд түшиглэн Төмөрлөгийн үйлдвэрүүдтэйгээ хамтран машин байгууламжийн үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байна. Тухайлбал 30 мянган машины үйлдвэрлэлийг явуулахад Төмөрлөгийн үйлдвэрээс 15 сая тонн ган авах шаардлага гарч ирнэ. Ингэснээр Монголын  мөнгө дотооддоо эргэнэ гэсэн үг. Жилд монголчууд 1,7 тэрбум ам. долларын машин механизм, тоног төхөөрөмж импортолдог.  Энэ мөнгөн  урсгал дотоод шингэснээр ажлын байр бий болж, үйлдвэрүүд өснө.  Жилд Монгол Улс 43 мянган машин импортолдог. Тэгвэл  манай улс төмөрлөгийн үйлдвэрүүддээ түшиглэн машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрийг  бий болгосноор 30 мянган машин угсарч үйлдвэрлэх бүрэн боломжтой. Үүнийг салбарын түвшинд ажил хэрэг болгох нь чухал. Улмаар  суурь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр 310 мянган ажлын байр бий болох эхний төсөөлөл бий. Дотоодын хэрэгцээнд түшиглэсэн үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлсний дараа бүс нутгийн  нэгдэл рүү орох ёстой. Үүн рүү тодорхой бэлдэц материалуудаар нэгдэж гадны машин үйлдвэрлэлийн салбартай хамтрах  шаардлагатай.

-Үйлдвэржилтийн суурийг тавихын тулд наад зах нь юу хийх шаардлагатай вэ?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 2000 автобус явж байгаа. Эдгээр автобусны насжилт километрийн гүйлтийн хувьд аюулын байдалд орчихсон. 700-1 сая километр явсан автобусууд явж байна. Утаа гаргадагүй евро стандартын шаардлага хангасан  автобусууд явах ёстой. 2000 автобусыг мөнгөн дүнд шилжүүлбэл 400 сая ам. долларын  мөнгөн урсгал шаардагдана. Энэ мөнгөөр бид Хятад, Солонгосын Аж үйлдвэрийн салбарыг дэмжиж тэдний 300 мянган ажлын байрыг хамгаалах хөрөнгө оруулалтыг хийх үү. Эсвэл Монголдоо 20-30 мянган залууг ажилтай болгох болмжийг бий болгохын төлөө зүтгэх үү гэсэн асуултын дунд зогсож байна. Монголчууддаа дээрх ам. долларын ажлыг өгчихвөл эхний ээлжинд бид 2000 ажлын байрыг бий болгох боломжтой. Түүнчлэн "Макс хийц"-ээс шилээ, "Мөнгөн залаат"-аас аккумлятор, резин, дугуйгаа авах гээд дотоодын компаниудаа дэмжиж эхэлнэ. Ингэснээр монголчууддаа хөгжлийн баталгаа олгоно.

-Ингэхэд монгол инженерүүд хичнээн автобус үйлдвэрлэв.Та бүхэн автобусаас өөр автомашин угсрах уу?

-Монгол инженерүүд автобус, троллейбус угсраад 10 жилийг үдлээ. Энэ хугацаанд 150 гаруй автобус, троллейбус угсраад байна. Улаанбаатарт явж буй бүх троллейбус монгол инженерүүдийн бүтээл. Эхний бүтээгдэхүүнүүд экспортод гарчихлаа. Монгол Улс аралын дугаар авах эрхийг олон улсаас авсан. Олон улстай хөл зэрэгцэх үндэсний стандартуудаа батлуулчихлаа. Үндэсний стандартыг  мөрдөж буй эсэхэд тохирлын үнэлгээнүүдээ авсан гээд монголчууд урагшилж байна. Салбартаа 30 жил ажилласан инженерүүд евро 4 хөдөлгүүртэй 18 метрийн урттай доторх орон зай томтой автобус үйлдвэрлэхээр ажиллаж байна. Мөн Микро автобус үйлдвэрлэж хэрэглээнд гаргахаар зэхэж байна.

-Монголчууддаа хандаж юу хэлэх вэ?

- Хүний хэрэглээний 70 хувь нь төмөр байдаг. Тиймээс хэрэглээний энэ том зах зээл дээр Монголчууд өөрсдөө  ажиллах цаг болсон.

 Б.Заяа