Хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй иргэнд цэргийн зарлан очихгүй нь

Нийслэл, дүүргийн цэргийн штабууд 2016 оныг “Цэргийн насны залуучуудын эрүүлжүүлэлтийг дээшлүүлэх жил” болгон зарласан бөгөөд тус аяны хүрээнд “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам”-ыг шинэчилжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Тус журмыг шинэчилснээс гадна энэ жил Батлан хамгаалахын багц хуулийг баталсан. Уг хуулинд цэргийн алба хаах хэлбэрийг олон болгож, цэргийн алба хааж буй иргэний ажлын байрыг ажил олгогч хангах зэрэг иргэд рүүгээ чиглэсэн заалтуудыг оруулсан” гэв. 

Энэхүү журмын шинэчлэлд эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн цэргийн албанд тэнцэхгүй байх асуудлыг зохицуулах нарийвчилсан заалтуудыг тусгажээ. Учир нь нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын үзлэгээр нийт цэргийн насны иргэдийн 35-40 хувь нь өвчний улмаас цэргийн албанд тэнцдэггүй байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун “Манай дүүргийн хувьд цэрэг татлагын үзлэгт хамрагдаж байгаа нийт иргэдийн 20-25 хувь нь өвчний улмаас тэнцдэггүй. Эдгээр иргэдийн дунд бэлгийн замын халдварт өвчин, сэтгэц, чих, хамар хоолой, нүдний өвчлөлүүд давамгайлдаг. Гэхдээ өрхийн эмнэлэг болон дүүргүүдийн эмнэлгүүдэд эмчилгээ хийх болсны үр дүнд өвчлөлтэй хүмүүсийн эрүүлжилт нэмэгдсэн үзүүлэлттэй байна” гэлээ. Үүнээс улбаалан эмчлэх боломжтой чих, хамар хоолой, элэгний өвчлөл зэрэг 150 гаруй төрлийн өвчтэй иргэдийг түр хугацаагаар цэргийн албанаас чөлөөлж, ирэх цэрэг татлага эхлэх хүртэл харьяа дүүрэг болон өрхийн эмнэлэгт эмчилгээ хийж байхаар журамд тусгажээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй болон бусад хүнд өвчтэй, алба хаах боломжгүй иргэдийг хэдийгээр цэргийн албанд тэнцэхгүй ч жил бүр “Зарлан дуудах хуудас” өгч, цэрэг татлагын байранд биеэр очиж, эрүүл мэндийн үзлэгт орохыг шаарддаг байсан. Харин журам шинэчлэгдснээр дээрх иргэдийг “тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй” гэсэн үндэслэлээр цэргийн албанаас бүрэн чөлөөлөхөөр болжээ.

Энэхүү журмын шинэчлэлтэй холбогдуулан нийслэл, дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга нар, цэрэг татлагын товчоо, цэргийн төв дамжин өнгөрүүлэх баазад ажиллах эмч нарын комиссын дарга, нарийн мэргэжлийн эмч нар, ажлын хэсгийн бүрэлдэхүүний дунд өнөөдөр сургалт зохиосон юм. 

Г.Даваамаа 

Гэрэл зургийг Б.Чадраабал