Ц.Элбэгдорж: Хүн бүр газар хөдлөлтөөс өөрийгөө хамгаалах бэлтгэлтэй байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Монгол Улсын газар хөдлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед нийслэлийн орчимд газар хөдлөлт нэмэгдэж байна. Хөдлөлтийн хүч ч нэмэгдэж байгаа судалгаа гарсан. Энэ асуудлыг 2010 онд Гайтид газар хөдөлсний дараа Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэрэв Монгол Улсад газар хөдлөвөл яах вэ гэж ярилцаж байсан. Үүний үр дүнд Шадар сайдаар ахлуулсан зөвлөл байгуулсан. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн цөөхөн хүнтэй зөвлөлөөр хэлэлцээд үр дүнгүй. Тиймээс УИХ-ын гишүүд болон иргэддээ мэдээлэл хийж байна хэмээн Ерөнхийлөгч мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, Би ярих зүйлээ таван хэсэгт хуваасан. Нэгдүгээрт, Газар хөдлөлтийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Газар хөдлөлт хаана, хэзээ болж байна вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Энэ сарын 03-нд Улаанбаатар хотоос 20 км-ын зайд 4.4 магнитутын газар хөдөлсөн. Улаанбаатарыг тойрсон 6 байршилд газар дор ангал, хагархай байдаг. Энэ байршилд манайх байнга хяналт тавьдаг. Одоогоор таван байршилд нь 7 магнитутаас дээш газар хөдлөлт үүсгэх магадлалтай байгаа. Газар хөдлөлт маш богино хугацаанд гэнэт болдог тул урьдчилан сэрэмжлүүлэх боломжгүй. Тэгэхээр Монгол Улсын хүн амын 40 хувь нийслэлд сууж байхад 7 магнитутаас дээш чичиргээтэй газар хөдлөвөл яах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

Хоёрдугаарт, газар хөдлөлтөөс хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах ёстой. 2010 онд Гайтид болсон газар хөдлөлтөөс болж 300 мянга гаруй хүн амиа алдаж, барилга байгууламжийнх нь 90 хувь нь нурсан. Манайд 6.6 магнитутын газар хөдлөхөд нийт барилга байгууламжийн 20-40 хувь нь нурж, маш олон хүн амиа алдана гэсэн тооцоо бий. Энэ аюул гэнэт Монголд тохиох магадлал ойрхон байна. Чилид 8.8 магнитутын газар хөдөлөлт болсон. Тэгэхэд тухайн улсад 520 гаруй хүн амиа алдсан. Энэ бол Гайтигаас хэд дахин илүү бэлтгэлтэй байсантай холбоотой. Чилид дахин 8.3 магнитутын газар хөдлөхөд 13 хүн л амиа алдсан байсан. Газар хөдлөлтөөс хохирол амсдаггүй улс байхгүй. Хамгийн гол нь бэлтгэл хэрэгтэй. 2010 онд Гайтид болсон газар хөдлөлтөөс үүссэн хохирлын ердөө 30 хувийг л сэргээсэн байна. Тэгэхээр бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Хуучин барилгууддаа хяналт, шалгалт хийж, газар хөдлөлтөөс хамгаалах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Монгол Улс 8 магнитуттай газар хөдлөлтийг хэрхэн хохирол багатай даван туулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.

Гуравдугаарт, Хямралын үеийн удирдлага хэрэгтэй. Газар хөдлөлтөөс болоод шийдвэр гаргах байгууллагуудын барилга нурвал яах вэ. Гишүүд цуглаад хуралдах гэсэн Төрийн ордонд асуудал үүсвэл яах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас эхлээд бүх байгууллага гамшгийн үед хэрхэн ажиллах тухайгаа төлөвлөх хэрэгтэй. Энэ бол цаасан дээр л хийчих зүйл юм.

Дөрөвдүгээрт, төлөвлөгөө хэрэгтэй. Химийн бодис хэрэглэдэг үйлдвэрүүд газар хөдлөлтөөс болж гэмтвэл яах вэ. Газар хөдлөлтийн аюулыг урьдчилан тооцоолохгүй бол тухайн үйлдвэрийн химийн хорт бодис алдагдана. Цахилгаан станц, инженерийн шугам сүлжээ ажиллахаа больж, эмнэлэг нурж, тусламж үзүүлж чадахгүй хэмжээнд хүрвэл яах вэ. Одоо Улаанбаатарт хэт их хүн ам төвлөрч байна. Газар хөдлөлтийн үед тусламж үзүүлэх байтугай гал унтраахаар очиход хүртэл хүндрэлтэй. Гадаадад газар хөдлөлтөөс болж шорон нурж хоригдлууд нь оргоод нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байсан түүх ч бий. Тэгэхээр үргэлж төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

Тавдугаарт, Хүн нэг бүрийн өөрсдийн бэлтгэл маш чухал. Газар хөдөлсөн тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ, хаана зогсож болох, нурангид дарагдсан тохиолдолд яаж нийтэд дохио хүргүүлэх вэ зэргээ бодох хэрэгтэй. Өөрөө аврагдсан тохиолдолд бусдад хэрхэн туслахаа мэддэг байх хэрэгтэй. Зөвхөн нийслэл бус улсын хэмжээнд энэ асуудлыг анхааралдаа авах ёстой.

Энэ бол муу ёрлож байгаа бус. Бид зүгээр л өөрсдийгөө хамгаалах асуудал. Социализмын үед аймаг, нийслэл, сум бүр химийн зэвсгийн дайралтаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаар бэлтгэл, сургуулилт хийдэг байсан. Үүнтэй ижил юм. Хувь хүнээс эхлээд засаг захиргааны бүх байгууллага төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Газар хөдлөлт ойртож байна.

Тэгэхээр зөвхөн мэргэжлийн хүмүүс нь л мэдэж байх ёстой биш. Хүн бүр мэдээлэлтэй, бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэлээ.

Ерөнхийлөгчийн дараа ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хураднаа Т.Бадрал нар газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ