Монголын компани шингэн сүүг хуурай болгон зах зээлд нэвтрүүлнэ

Монголын “Драй милк” компани Японы хатаагч технологийг ашиглан шингэн сүүг богино хугацаанд хуурай сүү болгож зах зээлд нийлүүлэх сайн мэдээ байна.

Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын хүрээнд тус компани  Япон улсын “Пирсай” компанитай “Онцгой эрхтэй түгээлтийн гэрээ”-г байгуулснаар импортын хуурай сүүний орон зайг нөхөхөөр болжээ.

Монгол Улсын нийт хүн ам жилдээ 200 сая литр сүү хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Үүний 20 гаруй хувийг үнээний фермерүүд хангадаг бөгөөд үлдсэн хэрэгцээг  импортоор нийлүүлдэг гэсэн статистик судалгаа байна.

Манай улсын хувьд зуны улиралд сүү, сүүн бүтээгдэхүүн элбэгшиж үнэ хямдардаг бөгөөд энэ үед “Драй милк” компани  шингэн сүү худалдан авч, хуурай хэлбэрт оруулан худалдаанд нийлүүлэх аж. “Пирсай” компанитай байгуулсан гэрээний  хүрээнд Монголд эхний ээлжинд  50 ширхэг хатаагч машиныг оруулж ирэн туршилтын бүтээгдэхүүнийг гаргах  юм байна. Улмаар бүх аймгуудад сүүний гарцаас хамааран тухайн бүсэд зохицсон технологийг нутагшуулах бөгөөд нийт 1000 ширхэг төхөөрөмжийг “Пирсай” компани нийлүүлэхээ мэдэгджээ.

 Монгол хуурай сүүг ийнхүү дотоодын төдийгүй гадны зах зээлийг хангах хэтийн зорилтыг “Драй милк” компанийнхан тавьсан байна. Мөн үйлдвэрлэл жигдэрснээр 500 орчим хүн ажилтай болох гэнэ. Харин хэтдээ жимс, жимсгэнийг хуурай хэлбэрт оруулан өвөл, зунгүй хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх юм байна.

 Б.Заяа