Л.Энхдэлгэр: Төгрөгийн ханшийн сулрал улирлын шинж чанартай

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэргэжилтэн Л.Энхдэлгэртэй ам.долларын ханшийн хэлбэлзлийн талаар ярилцлаа.

-Долларын ханш өсч буй шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Ханшийн өсөлтийг эдийн засгийн талаас нь тайлбарлаж өгөхгүй юу?

-Ам.долларын ханш өсч буй гол шалтгаан нь эдийн засгийн суурь хүчин зүйл муудсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирэх ам.долларын урсгал татарч, хөрөнгө оруулалт буурсан, экспортын компаниудын орлого саарснаас ам.долларын ханш өсөх хандлага ажиглагдаж байна. Тийм учраас зах зээлд ам.доллар тодорхой хэмжээгээр хомсдож байна. Үүний нөгөө талд улирлын шинж чанартайгаар эрэлт нэмэгдэж байна. Эрэлт их байгаа үед хангалттай нийлүүлэлт байхгүй учраас ханш буюу ам.долларын үнэ өсч байгаа юм.

 -Зарим эдийн засагчид  ам.доллар төдийлөн буурахгүй байх гэсэн таамаг дэвшүүлж  байна. Гэхдээ ойрын өдрүүдэд ам.долларын ханш бага зэрэг сулраад эргээд 15  төгрөгөөр өслөө. Ханшийн хэлбэлзэлд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Сүүлийн хагас сар орчмын хугацаанд ажиглагдаж буй ам.долларын ханшийн чангаралт нь улирлын шинж чанартай эрэлтээс үүдэлтэй. Монголбанк энэ хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд богино хугацааны хэлбэлзлийг намжаах зорилгоор захад оролцдог. Өвлийн цагт шатахуунаа их хэмжээгээр татаж, нөөцөлдөг. Тэр хэрээр импортын төлбөрт гарах валютын хэмжээ өсч буй юм. Нөгөө талдаа нийлүүлэлт буюу ам.долларын орох урсгал маань тааруу байгааг дээр дурдсан. Эрэлт ихсэх үед нийлүүлэлт бага байгаа учраас ханш чангарч буй хэрэг. Улирлын шинж чанартай энэ нөлөөллөөс гадна ханш маань эдийн засгийн суурь нөхцөл, гадаад, дотоод хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөж байна. Төгрөгийн ханш суларч, ам.доллар чангарч байгаа нь Монголын эдийн засагт эрсдэл нэмэгдэж байгаагийн нэг дохио. Хэрвээ Засгийн газар мега төслүүдээ хөдөлгөж, зах зээлд их хэмжээний валютын орох урсгалыг нээж өгч чадвал эдийн засгийн нөхцөл байдал сайжирна. Дагаад ханшид эерэг дохио өгөх боломжтой.

-Төгрөгийн ханшийн сулрал шаардлагагүй импортыг хазаарладаг гэдэг. Энэ тухайд?

-Төгрөгийн ханшийн сулрал нэг талаасаа импортыг үнэтэй болгодог. Нөгөө талаас экспортыг дэмждэг сайн талтай. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш сул байгаа үед экспортын компаниудын валютаар орж ирэх орлогын төгрөгөөр илэрхийлэгдсэн дүн өсдөг. Тэр хэрээр экспортын салбараа дэмжих нөхцөл болдог тал бий. 

-Монголбанкинд байгаа валютын нөөц хэдэн сарын импортын хэрэгцээг хангахаар байгаа вэ?

-Монгол Улс сүүлийн 3 сарын импортын хэрэгцээндээ нийт 950 сая ам.долларыг зарцуулсан байна. Сард дунджаар 300 орчим сая ам.долларыг зарцуулж байна гэсэн статистик тоо бий. Жил бүрийн гуравдугаар улиралд гадаад худалдааны алдагдал өндөр гарч байна. Өөрөөр хэлбэл, гаргаж байгаа экспортын орлогоосоо импортын хэмжээ нь давах хандлагатай байна гэсэн үг. Монголбанкны зүгээс олон улсын стандарт болох гурваас доошгүй сарын импортын хэрэгцээг хангах төвшинд валютын нөөцөө барьж байгаа.

-Төвбанк их хэмжээгээр интервенц​ хийвэл ямар эрсдэл гарах вэ?

- Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд огцом унаж байгаа нөхцөлд Монголбанк төгрөгийн ханшийг тогтмол байлгах эрх зүйн үндэс байхгүй. Нөхцөл байдал муу үед төгрөгийн ханшаа тогтмол байлгана гээд их хэмжээгээр интервенц хийвэл валютын нөөц шавхагдах эрсдэл бий. Харин ханш огцом хэлбэлзэхээс сэргийлэх аргыг зах зээлд ашиглаж байна. Тиймээс валютын орох, гаргах урсгалыг тэнцвэржүүлж, үүнд нийцүүлсэн бодлогыг баримталж байна.

-Валют орж ирэх урсгалыг нэмэх боломжийн тухайд та юу хэлэх вэ?

-2016 оны сүүлээр төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах хүлээлт байна. Тодруулбал орох валютын урсгал нь гарах урсгалаасаа бага байх төлөв ажиглагдаж буй юм. Гэхдээ энэ нь суурь төсөөлөл. Олон Улсын Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрах эсвэл зээл авбал өнөөдрийн төсөөлөл өөрчлөгдөнө. 

-Валютын зээл авсан хүмүүст ам.долларын ханшийн өсөлт нэлээн хүндрэл авчрах нь дамжиггүй. Зээлийн эргэн төлөлт нь саарав уу?

- Чанаргүй зээлийг  нийт дүнгээр нь авч үзвэл 1.1 их наяд төгрөгт хүрсэн. Банкны системийн хүрээнд нийт зээлийн чанаргүй зээл нь 9 хувьтай тэнцэж байна. Үүн дотроо төгрөгийн чанаргүй зээл 742.5 тэрбум төгрөг, валютын чанаргүй зээл 372.8 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Мэдээж ханшийн чангаралтай холбоотойгоор валютын чанаргүй зээл нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа.

-Ам.долларын ханш өссөнөөр валютын хадгаламж нэмэгдэх хандлага ажиглагдсан. Өнгөрсөн сарын үзүүлэлт ямар гарсан бэ?

-Валютын хадгаламж өсөөд байна. Төгрөгөөс ам. доллар руу хөрвүүлээд байна гэсэн яриа яваад байгаа. Гэхдээ статистикийг харвал наймдугаар сард гадаад валютын хадгаламж 2 их наяд 539.7 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол есдүгээр сард  2 их наяд 441.2 тэрбум төгрөг болж, нийт дүнгээр  98.5 тэрбум төгрөг буюу 3.9 хувиар буурсан. Тэгэхээр валютын хадгаламж огцом нэмэгдсэн дүр зураг одоогоор харагдахгүй байна.  

-Ам.долларын ханшийг 2017 оны төсвийн төсөлд 2250–аар төсөөлсөн. Гэтэл ханш өсөөд байдаг. Ирэх онд энэ хэмжээндээ хүрэх болов уу?

-Энэ нь төсөв дээр ам.доллараар орж ирэх орлогыг ямар ханшаар тооцох вэ гэдгийг тогтоосон тоо. Гэхдээ энэ тооцоолсноор ханш тогтоно гэсэн утга биш.

Б.Заяа