Мега төсөл нийгмийн хөгжлийг урагшлуулах уу

“Мега төсөл нэг бол амжилтад хүрдэг, нэг бол шил мэт хагарч унадаг” хэмээн уул уурхай салбарын мэргэжилтэн хэлж байсан удаатай. Үнэхээр монголчуудыг хөгжилд дөтлөх гол хөшүүрэг нь энэ Мега төсөл мөн үү. Том төслүүд дөтөлснөөр иргэдийн амьжиргаа дээшилж, хот сүндэрлэх сайхан үетэй золгох хүлээлт Монголчуудад бий.

Харин хүлээлт үүсгэсэн Мега төсөлд иргэдийн итгэл суларлаа. Долоон Эрдэнэт, 25 Бороо гоулд, алтны уурхай, 2 Асгатын мөнгөний ордтой  тэнцэх “Оюутолгой”-н ордын үүцээ  монголчууд 5 жилийн өмнө задалсан. Энэ орд ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж, нийгмийн хөгжлийг урагшлуулсан уу гэдэгт  мэргэжилтнүүд ийнхүү хариулт өгч байна.

МХЕГ-ын Хяналт үнэлгээ Дотоодын  аудитын хэлтсийн дарга Я.Ариунзул:

-Австралийн уурхайн хажууд байрлах кафены эзэн “Би уурхай хаагдахаас айдаг. Уурхайн цалин буумагц, манай орлого эрс нэмэгддэг. Би үүний хүчинд гурван хүүхдээ их сургуульд сургадаг. Энэ уурхайг түшиж олон жил амьдарч байна. Хэзээ нөөц нь дуусах вэ гэдэгт санаа зовнидог” гэж ярьсан нь санаанаас гардаггүй. Харин Монголд эсрэгээрээ иргэд уурхай ажиллахаас айж байна. Дэлхий дахинд өнөөдөр  ямар улсын иргэд уул уурхай ажиллахаас айдаг вэ гэхээр Африк шүү дээ. Африк шиг  жишиг Монголд нүүрлэсэн нь харамсалтай.  Хөгжсөн орныхон баялаг гарч ирэхээр баярладаг бол монголчууд эмээдэг. Ийм үзэгдлийг бид хүсээгүй. Яагаад ийм байдалд хүрэв гэхээр сайн бодлого алга. Улс төрийн талцал, эрх ашгийн сонирхол уул уурхайн томоохон төслүүдийг буруу тийш нь залчихлаа. Тиймээс өнөөдөр иргэдийн хүсэн хүлээсэн нийгэм цогцолж чадахгүй байна.

Экспортлогчдын холбооны тэргүүн  Б.Галсандорж:

- Монгол Улсын хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь уул уурхай гэж шуугиж байлаа. Харин өнөөдөр энэ дуулиан талаар болсныг та бүхэн харж байна. Яагаад стратегийн том төслүүд өгөөжөө өгсөнгүй вэ гэхээр мэргэжлийн бус хүмүүс мэдлэггүйн хар гайгаар буруу шийдэл гаргасантай холбоотой. Оюутолгойн төслийн гэрээг эрдэмтэд мэргэжилтнүүдийнхээ хүчийг ашиглан жинтэй хийсэн бол өнөөдөр бид эдийн засаг хүндэрлээ гээд сууж байхгүй байлаа. Тиймээс уул уурхай дагасан хөгжил ирэхгүй байгаагийн гол шалтгааныг буруу шийдвэр гаргаснаас болсон. Мөн салбарын яамыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байгаатай холбоотой.

Уул уурхайн  хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын мэргэжилтэн Зууннаст:

-Бид уул уурхайн бүтээгдэхүүн үргэлж өсөлттэй байх юм шиг бодож ирсэн. Эдийн засгийн өсөлттэй 2011 онд уул уурхайгаас орж ирсэн мөнгийг  халамж руу чиглүүлсэн нь буруу бодлого болсон. Гэхдээ буруу бодлого гээд ярихдаа биш бид одоо зөв бодлогоор ажиллах ёстой. Монгол Улс түүхий эд нийлүүлэгч орон биш гэдгээ дэлхий нийтэд харуулах ёстой гэсэн бодлогыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам баримталж байна. Тиймээс зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр, нүүрс химийн үйлдвэр байгуулах чиглэлд анхаарч байна. Энэ ажил хэрэг бодит биеллээ олсноор уул уурхайн салбар өндийнө.

Мега төслийн хүрээнд хот байгуулах нь зөв үү?

Мега төсөл Казино тоглохтой адил. Тиймээс мега төсөлд оролцохдоо эрсдэл болоод алсаа сайтар харах хэрэгтэй хэмээн Монгол Улсын сайд асан, эдийн засагч М.Энхсайхан онцолж байсан удаатай. Мега төслийн хүрээнд  суурин хот байгуулах ёстой гэдэгт олонхи санал нэгддэг.

 Социализмын үед уурхай дагасан Шарын Гол, Эрдэнэт, Бор Өндөр, Багануур хот бий болсон түүхтэй. Тухайлбал 38 жилийн тэртээ Эрдэнэтийн зэсийн орд ашиглалтад орсноор өдгөө энэ хотын хүн ам нь 100 мянга хол давж өргөжөөд байна. Мөн Бор Өндөрийн жоншны уурхайг түшиглэн 10 мянга орчим хүнтэй хот, 9000 гаруй хүнтэй Шарын голын нүүрсний уурхай, Налайх гээд томоохон суурингууд байгуулагдсан. Харин энэ цагт Мега төслийн хүрээнд хот байгуулах суурь бий болсонгүй. Энэхүү хүлээлтэд хүмүүс ийнхүү хариулт өгч байна.  

Австралийн Куйнсландын их сургуулийн судлаач, доктор Д.Бямбажав:

-Хуучин нийгэмд томоохон төслийн хүрээнд хот байгуулах ёстой гэсэн үзэл байлаа. Төрөөс хот байгуулах үндсэн чиглэл барьж ажиллаж байв. Харин зах зээлийн энэ нийгэмд уурхай эрхэлж байгаа хувийн хэвшлийнхэн хот байгуулна гэхэд хэцүү.  Уурхайн оролцооны хувьд орон нутагтай хийсэн түншлэлээр шийдвэрлэх боломжтой.

 АМХЭГ-ын мэргэжилтэн Эрдэс баялгийн эдийн засагч: Т.Баасанпүрэв:

-Дэлхий нийт уул уурхайг дагуулж хот суурин босгох нь чухал гэдгээс ухарч байна. Австралид гэхэд 100 гаруй жил ажилласан  том уурхайн дэргэд  хот босгоогүй шүү дээ. Уул уурхайд түшиглэн  хот суурин бариад  ухарч буй орнуудын жишээнээс үзвэл баялаг шавхагдлаа, маргааш нь эдийн засаг хүндрэх эрсдэл бий. Өөрөөр хэлбэл тухайн хотын хүн ам уурхай зогсоход юугаар амьдрах вэ гэсэн асуудалтай нүүр тулгарч байна. Тэгэхээр “Оюутолгой”-н дэргэд хот босгох уу гэдэг нь хоёр талтай асуудал болж буй юм.

Уурхайг дагуулан хот байгуулах ёстой гэдэгт хоёр талын байр суурь байна. Тухайлбал  уул уурхайн компаниуд хот байгуулах ёстой гэсэн нийгмийн сэтэхүйг өөрчлөх хэрэгтэй. Бизнесийн зарчмаар ажиллаж буй уул уурхайн компани хот байгуулах албагүй хэмээж байсан бол нөгөө хэсэг нь Монголын нөхцөлд хот босгох ёстой гэсэн хариулт өгч байна. Гадныхан шиг дэд бүтэц хөгжөөгүй Монгол Улс том төслөө дагуулан хот байгуулан хөгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн байгуулсан хот уурхайн нөөц шавхагдах үед эдийн засгаа ийм хэлбэрээр дэмжинэ гэсэн үндэслэлийг бий болгох  ёстой гэдгийг Экспортлогчдын холбооны тэргүүн  Б.Галсандорж  тодотгож байсан юм.

Б.Заяа