Аялал жуулчлалыг хөгжлийн нэг түлхүүр болгосон-Хятад орноор

Сүүлийн 20 гаруй жилд үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийн улс орнуудыг тэргүүлэгч гүрний нэг болоод байгаа манай өмнөд хөршийн аялал жуулчлалын салбарын хөгжилтэй танилцах завшааныг БНХАУ-ын ЭСЯ-наас МОНЦАМЭ агентлагт олгосонд талархаж байна.

Манай агентлагийн сэтгүүлчдийн баг энэ сарын 4-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас AIR CHINA компанийн СА  821668 дугаар нислэгээр монголчуудын хамгийн сайн мэдэх Бээжин хотыг зорьсон юм. Бидний аяллын маршрут Улаанбаатар-Бээжин-Хайнань мужийн Саньяа хот- Хүнань мужийн Чанша хот- Жан жиа жиэ хот-Чанша-Бээжин-Улаанбаатар гэсэн чиглэлээр зорчих байв.

Дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ гуравт ордог БНХАУ-ын хойд талаас хамгийн өмнө талд нь орших Хайнань мужийн Саньяа хотыг зорих бидний аялал дөрвөн шөнө, таван өдөр үргэлжилсэн юм. Орчин үеийн агаарын тээврийн тэр тусмаа Хятадын энэ салбарын өндөр техник технологид суурилсан барилга байгууламж бүхий нисэх буудлуудын хурдан шуурхай, найрсаг үйлчилгээ нь тус улсын хурдацтай хөгжлийн илэрхийлэл болсныг бид бахархан харж, үйлчлүүлж явсанаа эн тэргүүнд онцлох учиртай.

Бидний ниссэн, буусан газар бүрт нислэг үйлдэх зурвасаас эхлээд онгоцны буудлуудын барилга байгууламж нь зорчигчийн ая тухыг бүрэн хангасан, цогц шийдэлтэй, өөрийн гэсэн онцлогтой бүтээгдсэн байв. Энэ том гүрэнд AIR CHINA-гаас гадна “China eastern аirlines”, “China southern” зэрэг дотоодын болон олон улсын нислэг үйлддэг агаарын тээврийн компаниуд өдөрт хэдэн арван сая хүнд үйлчилдэг байна. Энэ үзүүлэлтээрээ БНХАУ дэлхийд дээгүүрт бичигдэх нь лавтай.

Бидний аялагчдыг Бээжингийн нисэх буудалд Хятадын аялал жуулчлалын компанийн төлөөлөгч угтан авч Бээжин хот дахь 5 одтой “Swissotel” зочид буудалд буулгасан. Энэ үдэш Бээжингийн агаар хоолой хорсгохгүй ч холын бараа харагдахгүй нэлээд утаатай байгаа нь шууд мэдрэгдэж байв.

Бээжин хуурай уур амьсгалтай, хаврын улиралд салхитай, намар, өвөлдөө жиндүү хүйтэн харин зуны улиралд халуун байдгийг монголчууд  андахгүй. БНХАУ-ын нийслэл нь 16,801.25 км квадрат газар нутагтай, 22 сая гаруй хүн амтай дэлхийн том хотуудын нэг. Бээжин эртний дурсгалт газар олонтой. Дэлхийн 7 гайхамшгийн нэг Цагаан хэрэмнээс эхлээд 2008 оны зуны XXIX олимпийн наадмын нээлт, хаалт болсон “Шувууны үүр” болон “Усан шоо” цэнгэлдэх хүрээлэн гээд гайхамшигт уран барилгын бүтээлүүд нь гайхалтай билээ.

Бээжингийн “Дэлхийн парк”-т 1:8 гэсэн харьцаагаар багасгасан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл болох Эйфелийн цамхаг, Таж Махал, Египетийн пирамид, Афины Акрополь, Эрх чөлөөний хөшөө, Сиднейн Опер, Кремль ч бий. Мөн 600-гаад нэр төрлийн 7000 гаруй амьтадтай “Бээжин зоо” амьтны хүрээлэн, усны амьтдын “Бээжин аквариум”, “Тянь-Ань-Мэн”-ийн талбай, “Хориотой хот” буюу Хааны ордон, эртний сүм хийд, чулуун хана, хаалга гээд сонирхох зүйл ихтэй.

Дээд зэрэглэлийн Swissotel-д тухлан хоносон манай аяллын баг өглөө эртлэн босч “China southern” компанийн CZ6718 дугаар нислэгээр Хайнань мужийн Саньяа хот руу 5 цаг шахам нисч хүрлээ.

Хайнань нь БНХАУ-ын хамгийн жижиг муж бөгөөд тус улсын өмнөд цэгт орших энэ арал халуун дулаан уур амьсгалтай.  Хайнань 32,900 км квадрат газар нутагтай, 8 сая гаруй хүн амтай. Энэ муж халуун орны ой мод бүхий уулархаг үзэсгэлэнт байгаль, далай хосолсон аялал жуулчлалын бүс нутаг гэдгээрээ алдартай юм.

Бидний аяллын хөтөлбөрийн цаг давчуу учраас Саньяад “Азийн луу”, “Лу Хуй тоу” цэцэрлэгт хүрээлэнг хальтхан үзээд л гэгээ тасарч шөнийн амьдралтай залгасан. Саньяад буусан зочид буудал маань яг далайн эрэг дээр байрлаж байсан болохоор бид эрэг дагуу явж үдшийн Саньяаг сонирхлоо. Энд жуулчид олноороо дуулж, бүжиглэн цэнгэж байгаа нь өдөр тутмын хэвшил болсон цэнгүүн гэдэг нь илт байв. Хаа сайгүй хоолны газар, ундаа, амтат жимсний болон бэлэг дурсгал, бараа таваарын худалдаа, үйлчилгээ нь шөнөжин ажилладаг бололтой олны хөл огт тасрахгүй байлаа. Харин согтуу хөлчүү нэг ч хүн харагдаагүй.

Бид өглөө буцах учраас далайн эрэг дээр гэгээ гармагц л очиж зураг авахуулж, далайд нь орж, алсыг харж сонирхсон юм. Эндхийн гайхалтай наран шарлагын газар, амралт, сувилал нь жуулчдыг ямагт татаж байдаг аж. Хайнанийн төв нь бидний очсон Саньяа /Sanya/ хот. Үүнээс гадна Haikou, Baisha, Baoting, Changjiang, Chengmai, Danzhou, Ding'an, Dongfang, Lin'gao, Lingshui, Ledong,  Qionghai, Qiongzhong, Sansha, Tunchang, Wanning, Wenchang,  Wuzhishan зэрэг үзэсгэлэнт хот, арлуудтай.

Хайнань муж Бээжингээс агаарын замаар 2285 км зайтай ч хамгийн тааламжтай уур амьсгалтай энд өвлийн улиралд Хятадын газар бүрээс хүмүүс ирж тухладаг бөгөөд байрны үнэ сүүлийн жилүүдэд огцом өссөн гэж байв. Хайнань арлын урт нь 155 км, харин өргөн нь 169 км байдаг. Тус мужийн Саньяа хот, Яалун, Дадунхай хэмээх үзэсгэлэнт газруудад жилийн аль ч улиралд гадна дотны жуулчдын хөл тасардаггүй байна. Халуун орны чийглэг уур амьсгалтай энэ нутгийн борооны улирал нь 6-11 сар.

Хайнань таримал сувдаараа алдартай юм. Гүн цэнхэр далай, Яалун булан /Yalong Bay/ хэмээх амралтын цогцолбор газар, Бодьсадва бурханы хөшөө бүхий “Nanshan” соёл, аялал жуулчлалын бүс, “Сармагчны арал” зэрэг жуулчдын сонирхлыг татах онцлог газрууд нь гайхалтай бөгөөд зугаатай. Алжаал тайлах халуун рашаан, жижигхэн загасчны зогсоолоос дээд зэрэглэлийн амралтын төв болж хөгжсөн “Bo ao” хэмээх аялал жуулчлалын бүс зэрэг үзэж сонирхох зүйл ихтэй. Мөн энд жил бүр наргил модны самрын баяр тэмдэглэдэг.

Бидний дараагийн очих газар бол Хүнань мужийн Чанша хот. Хүнань бол өмнөд Хятадын уулархаг муж бөгөөд зүүн, урд, баруун хэсгээрээ уулаар хүрээлэгдсэн, хойд хэсгээр нь Хөх мөрөн оршдог. Газар нутгийн хэмжээ нь 210 мянган хавтгай дөрвөлжин км бөгөөд чийглэг, дулаан уур амьсгалтай. Жилийн 4, 5, 6 дугаар сард бороо их ордог бол 7, 8 дугаар сард халуун, чийглэг байдаг.

Мужийн төв нь Чанша хот /Changsha/ бөгөөд Changde, Chenzhou, Hengyang, Huaihua, Loudi, Shaoyang, Xiangtan, Xiangxi, Yiyang, Yongzhou, Yueyang, Zhangjiajie, Zhuzhou зэрэг олон хот энэ мужид байдаг. Чанша 7,5 сая хүн амтай гэхээр бидний хувьд том хот юм. Энд Хятадын суперкомпьютерын үндэсний төв, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн шинжлэх ухаан, технологийн их сургууль, Дэлхийд алдартай “SANY групп”-ийн салбар зэрэг олон улсад танигдсан байгууллага, компани оршдог.

Мөн Чанша хотоос 50 гаруй км-ийн зайд орших Шао Шаны үзэсгэлэнт хөндийд Мао Зэдун төрсөн бөгөөд энэ нутгийнханы бахархалт улстөрчдийн нэг гэдгийг бидний хөтөч залуу Үү Вэй /Wu Wei/ онцолж байв. Мао Зэдун залуудаа Чаншагийн их сургуульд боловсрол эзэмшиж байжээ.

Хөтөч залуу “Хүнань мужийнхан эрдэнэшиш, цагаан будаа, загасаар хамгийн хүндтэй зочноо дайлдаг” хэмээн биднийг үндэсний хоолны газартаа аваачиж өдрийн зоог барьсан юм. Бидний очсон газар бүрт хүлээн авч үйлчилсэн хөтөч, тайлбарлагчдаас хамгийн найрсаг, гавшгай нь уг салбарт 5 жил ажиллаж байгаа 28 настай, англи хэлний орчуулагч Үү Вэй хэмээх энэ залуу байсныг онцлон талархал илэрхийлье. 

Дашрамд сонирхуулахад, Чанша хотод салбартай “SANY групп” нь 1989 онд байгуулагдаж одоогийн байдлаар Хятад улсдаа хамгийн том, дэлхийд 5 дугаарт ордог хүнд машин механизмын үйлдвэрлэгч юм. Мөн бетон зуурмагийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр улсдаа хамгийн том нь бөгөөд барилга, замын машин механизмын үйлдвэрлэл явуулдаг бөгөөд голлох бүтээгдэхүүн нь бетон зуурмагийн тоног төхөөрөмж; барилга, замын машин механизм; экскаватор; өрөмдлөг, автокран; далайн боомтын машин механизм; салхины эрчим хүчний тоног төхөөрөмж ордог.

“SANY групп” нь Бээжин, Чанша, Шанхай, Шэнь ян, Кунь шань, Урумчи зэрэг улсынхаа 6 том хотод үйлдвэрлэлийн баазтай, хилийн чанадад Энэтхэг, Америк, Герман, Бразил зэрэг оронд судалгаа-хөгжил, үйлдвэрлэлийн 4 баазтай, дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Дөрвөн жилийн өмнө дэлхийд тэргүүлэх бетон зуурмагийн тоног төхөөрөмжийн брэнд болох Германы “Puzzmester”-ийг өөртөө нэгтгэж, салбарын өрсөлдөөний хандлагыг өөртөө чиглүүлж чаджээ.

Чанса хотоос бид цаг гаруй нисээд Жан жиа жиэ хотод ирлээ. Аялал жуулчлалын бүс нутаг болоод байгаа Жан жиа жиэ нь саяхан шинэ тохилог нисэх онгоцны буудалтай болсон гэж биднийг тосч авсан хөтөч бүсгүй хэлсэн юм. Энд бороотой, бүүдгэр манантай өдөр биднийг угтаж авлаа.

Бид 56 үндэстэн оршдог энэ гүрний олон төрлийн хоолыг зооглож явсан нь бас л сонирхолтой байсан бөгөөд энэ удаа ч өдрийн зоог барихаар нэгэн хоолны газрыг зорьж очлоо. Энэ хот 1,7 сая хүн амтай гэдэг нь улсдаа жижиг ч Улаанбаатар хотоос том юм.

Жан жиа жиэгийн Тэнгэрийн хаалга уул /Tianmenshan/ нь 1518,6 метр өндөртэй үзэсгэлэнт сүрлэг уул юм. Энэ уулан дээрх буддагийн сүм болон эртний хүмүүсийн үлдээсэн түүхийн дурсгалт зүйлс, өндрөөс буух ширүүн урсгалт хүрхрээ, байгалийн гаж сонин тогтоц бүхий агуй, хавцал, ойн цэцэрлэгт хүрээлэнг сонирхуулахад зориулж асар том бүтээн байгуулалтыг цогцлоосон нь энэ газрыг дэлхийн дээд амжилт тогтоосон гайхалтай, хосгүй аялал жуулчлалын адал явдалт бүс болгож чаджээ.

Энэ бүс 20-иод жилийн өмнөөс л жуулчдын анхаарлыг татаж эхэлсэн. Хятадын нэгэн том бизнесмэн 40 жилээр түрээслэн авч их бүтээн байгуулалтыг өрнүүлсэн байна. 2000 оноос энд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж жуулчдыг соронзон мэт татах болжээ.

Жан жиа жиэ хотоос Тэнгэрийн хаалга уул /Тианмэньшань) нь 8 км-ын зайд оршдог бөгөөд оргил дээр нь гарах хоёр арга байдаг. Эхнийх нь 999 гишгүүр бүхий явган замаар харин нөгөө нь дэлхийн хамгийн урт татлаган зам /троссоор явдаг шилэн кабин/-аар гарч болох аж. Татлаган зам нь 7455 м үргэлжилж 1279 метрийн өндөрт гардаг.

 

Оройн хэсэгт олон сонирхол татсан зүйлс байдгаас хавцал дагасан шилэн гүүр үнэхээр гайхалтай. Агуйн хонгилоор явж хайрын цоож зүүдэг цогцолборт хүрнэ. Тэндээсээ уулыг нүхлэсэн хонгилоор нэг нь 60 метр урттай 12 ш дээш, доош урсдаг цахилгаан шатаар зорчоод дараа нь жижиг автобусаар огцом мушгиралдсан тахир замаар уруудан явсаар уулнаас бууж ирэх нь үнэхээр сонирхолтой.

Бас нэгэн онц сонирхолтой адал явдал нь экстрем спортын төрөл болох “дельта план”-аар өндрөөс нисэх болон уулын авторалли уралдааныг жил бүр зохион байгуулах болсон нь энэ спортоор хичээллэгч, сонирхогчдыг татах болсон байна.

Эндээс бид Чаншаг дамжин Бээжин рүү ниссэн юм. Аяллын энэ хэдэн өдөр хятадын ард түмний барьж босгосон шинэ хот суурин, их бүтээн байгуулалтыг харж бахархаж, дурсамж дүүрэн эх орондоо ирлээ. Тэдний энэхүү амжилтын нэг нууц нь хүн бүр өөрийн оногдсон ажил үүргээ тун ч хариуцлагатай хийж чаддагт байна уу гэлтэй.

Мөн энэ орны аль ч газар, ой мод цэцэрлэгжилтийг хийхдээ уран барилга мэт өвөрмөц шийдэлтэйгээр засч ургуулсан төдийгүй түүнийгээ арчилж, бөөцийлж байгаа нь үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлж байв.

Бидний суусан хятадын агаарын тээврийн онгоцны зорчигчийн зурагтны дэлгэцээр очих газрын тухай болон БНХАУ-аа таниулан сурталчилсан мэдээ, реклам гаргаж байлаа. Харин манай МИАТ-ийн зорчигчдод нислэгийн турш европын кино, сурталчилгааг үзүүлээд байгаа нь бас л хачин санагдсан шүү. Энэ мэт монголчуудад өмнөд хөршөөсөө сурах зүйл ч байсныг нуух юун.

Д.Өлзийсайхан