Уулсын дундах Гүйжоү дэлхийн эрдэнэ болоход ойрхон

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй сэтгүүлчдийн баг

Улаанбаатараас Бээжин рүү цаг гаруйхан нисч очсон хэрнээ, Бээжингээс дөрвөн цаг орчим нисч байж Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах нэгэн мужид газардлаа. Газар нутгийнх нь 90 хувийг уулс эзлэх энэхүү Гүйжоу мужийн нийслэл Гүй-Ян хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалттай танилцахаар бидний хэдэн сэтгүүлчид мэргэжил нэгтнүүдээ төлөөлөн анх удаа хөл тавьсан нь энэ юм.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хамтын ажиллагаатай байгууллага болох БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны урилгаар дотоодын гол гол хэвлэл мэдээллийн төлөөллөөс бүрдсэн 18 хүн  Хятадын Гүйжоү, Гуандун мужаар аялж, тэндхийн хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, хөгжил дэвшил, сүүлийн үед хурдацтай хөгжиж байгаа үйлдвэрлэл, техник технологийн хөгжилтэй танилцах нь бидний аяллын зорилго байв. 

Энэ удаагийн багийг Хятадын төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Жао Шүнь Гүө,  ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэлийн албаны гадаад харилцааны газрын дарга О.Баянжаргал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар ахлан ажилласан юм.

“Уушгиа цэвэрлэе гэвэл Гүйжоүг зорь”

Өнөөгийн Гүй-Ян хотын төрх

Гүйжоү хэмээх нэрийг нь ханзны утгаар нь орчуулбал Эрдэнийн муж гэсэн үг бөгөөд цаг агаар нь өвөлдөө дулаахан, зундаа сэрүүхэн учраас “Хаврын хот” хэмээн нэрлэдэг байна. Биднийг газардахад ч яг манай хавар шиг хүйтэн ч биш, халуун ч биш, бага зэрэг хуртай, манантай бүүдгэрдүү өнгө төрх угтсан юм.

Энэхүү муж нь хойд талаараа Сычуань, өмнөд хэсгээрээ Жуан үндэстний өөртөө засах оронтой хил залгаа оршдог. Саяхныг хүртэл төвөөс хэт алслагдсан учир зам харилцаа муутай, битүү ой бүхий шовх уулстайн улмаас дэд бүтэц байгуулахад төвөгтэй, тиймээс ч Хятадын хамгийн хөгжил буурай, бөглүү суурингийн нэгд ордог байж. Гэвч сул талаа давуу болгохоор зорьж, цаг агаарын энэ таатай нөхцлийг мэдээллийн технологи хөгжүүлэх  давуу боломж болгон, дахин төлөвлөлт хийснээр сүүлийн хэдэн жилд танигдахааргүй өөрчлөгдөж чаджээ. Хэт халалт, хөрөлт байхгүй учир шилэн кабель, утсан төхөөрөмжүүд бат бэх байдлаа алддаггүй хэмээн хамгийн энгийнээр ойлгож  болох юм. 

Солонгорсон Гүйжоу муж

Түүнчлэн ногоон байгууламж хийх, зүлэгжүүлж, мод тарих  шаардлага энд огт байхгүй. Хятадын тал газаргүй цорын ганц нутаг ч гэж хэлж болно. Өндөр өндөр уулс, шигүү ой модоо хөндөлгүйгээр, байгалийн унаган төрхөө хадгалахын зэрэгээ орчин үеийн хот босгож чадсан нь эндхийн нэрийн хуудас юм. Агаарын бохирдол нь он удаан жилийн турш шүдний ужиг өвчин болсон манай урд хөршийн хамгийн цэнгэг агаартай хот гэж хятадууд өөрсдөө хүлээн зөвшөөрдөг аж. Тиймдээ ч “Уушгиа цэвэрлэе гэвэл Гүйжоүг зорь” хэмээн уриалж дотоодын жуулчдаасаа жил бүр багагүй ашиг олдог байна. Олсон орлогоо бүтээн байгуулалтдаа зарцуулж, хот нь өдрөөс өдөрт өнгө төрхөө зассаар.

Амьдралын боломжтой, эсвэл өндөр настай иргэд бусад хотуудаас ирж ид халууны улирлыг Гүйжоүд өнгөрүүлдэг нь манайд бас хэрэгжүүлмээр л санагдсан. Улаанбаатарын ойролцоох хотуудыг дагуул болгон хөгжүүлж, дэд бүтэц, орчин нөхцлийг шийдэн төвлөрөл сааруулах, агаарын бохирдлыг бууруулах талаар бид мөн ч удаан ярьсан даа. Халууны улирлынхаа үеэр дотоод нислэгээ хямдруулж, зам тээврийн үйлчилгээндээ нэмэлт хүч гаргаж, чухам л найрсаг гэрийн эзэн шиг аяглахаа тэд андахгүй.

Уулсыг нураах гэхээсээ ялимгүй тэгшлээд байшин барих, жалга гууг дүүргэж булахаасаа илүүтэй хашилт хийгээд далан босгох, ногоон ширэнгийг өнгийн цэцэгсээр тордож цэцэрлэг болгох, голын урсгалыг эгц унагаж хүрхрээ үүсгэх гээд энэ нутгийн ард түмний бүтээлч сэтгэлгээ, ажилсаг чанарыг харуулсан, нүд баясгах бүтээн байгуулалт алхам тутамд таарна. Байгаа бүхнээ байгаагаар нь, багахан тордоод л баялаг болгож болдог аж. Товчхондоо Гүйжоү бол битүү ойн дундах хүчилтөрөлч үйлдвэрлэгч, Хятадын зуслан муж юм. Үйлдвэржилт, бүтээн байгуулалтаас гадна нүүрс, байгалийн хий гээд баялаг ихтэй, аялал жуулчлалын цөм бүс болох ирээдүйтэй тул  “Солонгорсон Гүйжоү” хэмээн нэрлэгдэж, Хятаддаа төдийгүй дэлхийд “эрдэнэ” болохоор хичээж байна.

Дэлхийг технологиор атгах том “амбиц”

“Бид хийж суръя, тэд хэрэглэж сураг” гэх дундад үндэстний баримталдаг зарчим байдаг тухай сонсч байлаа. Үнэхээр Хятад улс энэ мужийг технологит суурилсан аялал жуулчлалын том төв болохоор “амбицлаж” байгаа нь алхам бүрт анзаарагдаж байв.

Орсон газар бүр обьектын том, хүний олон, технологийн дэвшлээр “зодож” байсан гэвэл хилсдэхгүй. Эхний танилцсан Гүйжоүгийн Дижитал хэрэглээг харуулах төв л гэхэд дэлхийд эхний долоод ордог гэж ярьж байсан. Бээжин хотын шинжлэх ухаан технологийн хороо,  Гүйжоү мужын ардын Засгийн газар хамтран байгуулсан энэхүү байгууллага нь төвөөс ирэх дижитал хэрэглээг танин мэдэх, хэрэглэх, мэдрэх боломжтой гэнэ. Давхар хянаж шалгаж, шүүлтүүрдэх үүрэг буй эсэхийг хэлж мэдэхгүй ч том гүрний дата бодлого нэг л сүрдмээр санагдсаныг нуух юун.

Гаднаасаа л тэнгэр багандсан хоёр том блокоос бүрдэх энэ төвд  Хятадын өнцөг булан бүрээс дижитал хэрэглээг хүлээн авч, аалзны тор мэт хэлхэж холбон, аж үйлдвэрлэлийн хөгжлийн төлөвлөлт болон үр өгөөжийг тооцож суудаг гээд бодохоор сүрдэхээс ч өөр яахав.

Мөн өнгөрөгч есдүгээр сард ашиглалтад орсон “Тэнгэрийн нүд” хэмээх дэлхийн хамгийн том дуранг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Сансар огторгуйг нэвт шувт дурандахыг хүссэн бүхний нүд болох уг дурангийн талбай нь л гэхэд хөл бөмбөгийн 18 талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй. Хөл бөмбөгийн стандарт талбайн хэмжээ олон улсын хөлбөмбөгийн дүрмээр бол өргөн нь 64-75 метр, урт нь 110-120 метр байдаг.

500 метр диаметр бүхий "Тэнгэрийн нүд"

Гүйжоү мужийн төв Гүй-Янгийн хот хөдөөгийн төлөвлөлтийн үзэсгэлэн ч бас нэгийг өгүүлнэ. Хамгийн сүүлд баригдсан Жинь-Ян дүүрэгтээ 22,3 мянган кв км эзлэх талбайтай, цэвэр гангаар барьсан 5 давхар, өргөнөөрөө ч, өндрөөрөө ч, хэлбэрээрээ ч хараа булаах энэ барилга дотор  мужийн өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөвлөлт, бүтээн босголтыг харуулсан тооцоо, макет, зураглал, судалгаа, байгууламжуудыг техникийн шийдлүүд гээд олон юм бий. Түүнийгээ архивлаж, төлөвлөхөөс гадна ард түмэндээ харуулж, танилцуулж, ойлгуулж дэмжлэг авах давхар зорилго харагдсан. Ер нь л тэд “дэлхийд тэргүүлнэ” хэмээн цээжээ дэлдэхээс илүүтэй энэ зорилгоо өвчүүн доороо хадгалж, хийвэл хийсэн шиг хийж чаддаг, хэрэглээ бүрийг хангах, хэрэгцээт талбар руугаа “онилох” тал дээрээ хэт мэргэшсэн улс бололтой.

Исгэлэн шөлөө биет бус соёлын өв болгосон нь

Мяо үндэстэн

Гүйжоү бол олон үндэстний өлгий нутаг. Хятадын 56 үндэстэн ястны 47 нь Гүйжоүд амьдарч байгаа гээд бодохоор цөөнхийг дэмжсэн төрийн бодлого нь нэлээд нарийн. Хятад үндэстнээс гадна мяо, бү-и, дүн-и, шүй, хотон, мөлао, жуан, яо, манж, бай, түжя зэрэг хамгийн олон ястанг нэг дор багтаасан гэдгээ ч онцлох дуртай. Үүнийгээ  “Солонгорсон Гүйжоүгийн салхи” хэмээх урлагийн тоглолтоороо хангалттай харуулна лээ. Үзүүлбэр бүр нь үндэстнүүдийнхээ онцлогийг жигд багтааж, хувцас хэрэглэлүүд, ахуй амьдрал, хэв маягийн ялгаатай болон адил талуудыг сурталчлан таниулах маягтай.

XX зуунаас хойш Гүйжоү мужийн хүн ам хоёр дахин өссөн нь Хятадын хүн амын дундаж өсөлтөөс өндөр байна. Үндэстний цөөнхийн хүн ам нь  Гүйжоүгийн 35  сая хүн амын 38 хувийг эзэлдэг. Энэ ч утгаараа бүх зүйлд, ялангуяа соёлын бодлогодоо үндэстнүүдийн нийтлэг өвийг маш сайн тусгаж, хадгалахыг зорьдог аж.  Дүн үндэстний дуулал, модон хэнгэргийн бүжиг, аймгийн түшмэлийн амьдарч байсан туурь зэргээ дэлхийн соёлын өвд бүртгүүлжээ. Мөн Гүйжоүгийн амтат хоол лаокайли исгэлэн амттай загасны шөлөө биет бус соёлын өвөөр зарлаж, буусан саатсан болгоныг дайлдаг уламжлалтай аж.

Эхэлж амсахад эвгүй гашуувтар, амтлаад үзвэл манай аарцны шөлтэй төстэй тэр хоолыг нэг идээд сурчихвал амтанд нь ороод салж чадахаа байдаг тухай нутгийнхан  хоолны хачир болгон сонирхуулж байв.  Энэ мужид 4000 гаруй эмийн ургамал ургадаг бөгөөд хоол хүнсэндээ тэдгээрээс ямар нэг байдлаар шингээдэг аж.

Гүй-Янь хотоос 12 км-ийн зайд Гуаньшанхү нуурын парк хотын үзэмжид өнгө нэмэн оршино. Зөвхөн энэ газрын тохижилтод гэхэд Хятадын Засгийн газраас  1255 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ.   Нуурын төгөлд алим, лийр, интоор, тоор зэрэг жимсний мод ургаж, цагаан бадам, цаа мод, түвэр цэцэг, жүржлэг зэрэг бут ургамал багсайна. Улаан цай, эмийн ургамлын хандаараа Гүйжоү Хятаддаа алдартай гэлцэх юм байна лээ. Ямар ч ургамал цэцэг ургахгүйн зовлонгүй энэ газарт жилд хоёр удаа ургац авдаг. Тутарга, эрдэнэ шиш, улаан буудай, төмс, тамхи, хөвөн, чихрийн манжин, ялангуяа цайг ихээр тариалдаг бөгөөд торгоны хүр хорхой үржүүлдэг Хятадын дөрвөн гол нутгийн нэг, ой мод, ялангуяа хуш модоор улсдаа дээгүүрт ордог гээд сонор мялаах зүйл олонтой аж.

                        Өөрөө өөрийгөө санхүүжүүлэх цогц сэтгүүлзүй           

Манай хэвлэл мэдээллийн салбарынханд нэг түгээмэл ойлголт байдаг. “Хятадын сэтгүүл зүй гэж юу юм бэ, бүгд төрийн бодлогыг сурталчлахад үйлчилдэг юм шүү дээ” гэдэг. Төрийн мэдэлд ажилладаг үнэн ч эндхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүр нь өөр өөрийн нийтлэлийн бодлоготой, хэрэглэгч уншигчийн зах зээлтэй, хамгийн гол нь өөрсдийгөө санхүүжүүлэх давхар орлоготой байгаа нь содон санагдав.  

Уламжлалт байдлаас орчин үеийн цахим хэлбэрт шилжих дэлхийн нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж буй мэдээллийн хэрэгслүүд нь телевиз, сонин, сайт, цахим худалдаа гээд цогц хэлбэрээр хөгжиж байна. Бидний редакцид нь зочилсон “Өнөөгийн Гүйжоү” сэтгүүл л гэхэд дэргэдээ нэг сонин, хоёр хэвлэлийн хороо, төрийн нэгдүгээр зэрэглэлийн мэдээллийн сайт, худалдаа арилжаа, зан заншил, уламжлалт байдал зэргийг харуулах найман төрлийн сэтгүүл гаргадаг байна. Тэр ч бүү хэл улиралд нэг удаа гардаг, архины хэрэглээг сурталчилсан, үүх түүх соёлоос өгүүлсэн, шинээр гарсан бүтээгдэхүүнийг сурталчилдаг бие даасан сэтгүүл ч байна. Архи гэснээс Гүйжоү муж нь цагаан будааны маотай архиараа алдартай бөгөөд зөвхөн эндхийн маотай л амт чанараараа яг “оргиналь” байдаг гэлцэх юм билээ.

"Өнөөгийн Гүйжоу" сэтгүүлтэй танилцаж буй сэтгүүлчдийн баг

Гүйжоүд цахим мэдээллийн хэрэгсэл хурдацтай хөгжиж байгааг “Солонгорсон Гүйжоү” сайтын үйл ажиллагаа, өнгө төрх, мэдээллийн хурдаас төлөөлүүлэн харж болно. Уг сайтыг Гүйжоү өдрийн сонины групп, радио телевиз, өнөөгийн Гүйжоү сэтгүүл, Хятадын телеком компани хамтран байгуулжээ.  Тухайн мужид цахим хэрэглээ хүрээгээ тэлж, интернэт хэрэглэгчдийн тоо олон саяд хүрсэн нь дан ганц мэдээллийн чиглэлээр ажиллах бус цахим худалдаа, төлбөр тооцооны зориулалтаар хүрээгээ тэлэх шаардлага бий болгосон байна. Тиймээс тэд бизнесийн байгууллагуудтай хамтран зар сурталчилгаа, онлайн төлбөр тооцоо, гүйлгээг хамтран эрхэлснээр өөрийгөө санхүүжүүлэх буюу мэдээллийн үйл ажиллагааныхаа зардлыг олдог аж. Энэхүү сайт нь 30 гаруй сэтгүүлчтэй, ажилд авахдаа ёсзүйн шалгалтыг маш нарийн авдаг бөгөөд ажиллагсдын 80 гаруй хувийг 30-аас доош насны залуус бүрдүүлдэг байна. Редакцийн байр байдал ч андашгүй, ширээгээ дуртай зүйлсээрээ чимэглэж орчиноо бүрдүүлсэн байдал, төрсөн өдрийн мэндчилгээний булан, автомат тоглоомын хэсэг зэргээс харж болох байв.

Очсон хэвлэл мэдээллийн байгууллага бүр хятад монгол сэтгүүлчдийн туршлага солилцох уулзалт зохиосон бөгөөд бид урд хөршийнхөө сэтгүүл зүйн бодлого, санхүүжилт, ажиллагсдын цалин хангамж зэргийг сонирхож байсан бол тэд Монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын зах зээл, цөөн хүн ам дунд оршин тогтнох боломж, нийтлэлчдийн ёс зүй хариуцлагын талаар шимтэн асууж байв.

Миний бие Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн орон зай, өнгө төрх эзэлж буй Хэвлэлийн төлөөлөгчдийн холбоог төлөөлж явсаны хувиар Хятадын төрийн болон бизнесийн байгууллагуудын хэвлэлийн төлөөлөгчдийн ажиллах зарчим, бэлтгэгдэж буй байдал, сэтгүүл зүйд хамаарч буй байр суурийг сонирхож, харилцан туршлага солилцох, сургалт аялал зохион байгуулах боломжийг судалж явав. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээр дамжуулан хоёр улсын хэвлэлийн төлөөлөгчид хамтарч ажиллах боломжтойг зарим хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд онцолсон юм.

Товчхондоо хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын статус өөр ч харилцан суралцах, нэвтрүүлэх, хэвшүүлэх зүйл олон байгаа нь очсон газарт бүрт мэдрэгдэж байлаа.

                                    Лабораторит түшиглэж сургадаг, тэгээд л тэр...

Бидний дараагийн зочилсон газар бол Гүйжоү мужийн Гүй-Ань шинэ дүүргийн  Хуасигийн их сургуулийн хүрээлэн байлаа. “50 мянган оюутантай, тэдний дунд 12 монгол оюутан бий” гэсэн мэдээлэл сонирхол татаж, хээрийн галуу нисч үл хүрэх мэт санагдах өмнөд Хятадын энэ хол газар “эрдэм зууж буй” нутаг нэгтнүүдтэйгээ уулзах хүслийг эрхгүй өдөөв.

Сэтгүүлчдийн баг Монголын оюутан залуустай дурсгалын зураг татуулав

Санхүү эдийн засаг, байгаль орчин, инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиуд нэгэн дороо байрлаж, багахан хэмжээний хот боссон энэ хүрээлэнд оюутанд хэрэгтэй бүх л зүйл байна.  Номын сан, спортын ордон, цэцэрлэгт хүрээлэн, банк, эмнэлэг,  цагдаа, гээд бүх төрийн үйлчилгээний газруудыг нь хотхон дотор шийдэж өгсөн аж. Тэнд суралцаж буй оюутнуудтай уулзаж, яагаад энэ сургуулийг сонгосон, Монголдоо нэн түрүүнд хэрэгжүүлэхээр зүйл юу байгаа талаар сонирхсон юм.

Нэр хүнд, цар хүрээ, сургалтын чанараараа Азидаа тэргүүлэгчдийн тоонд ордог энэ сургуульд Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцахад хамгийн боломжтой, орчин нөхцөл, хангамж сайтайн дээр гэр бүлээрээ суралцах бүхий л таатай нөхцлийг хангасан байдаг гэнэ. Монгол оюутнууд маань бакалавр, доктор зэргээсээ хамаарч сардаа 3000-3500 юанийн тэтгэлэг авдаг гэж байв. Сургуулийн орчин эмх цэгцтэй, тайван амгалан, мөн бүх зүйл нь дэргэдээ болохоор оюутанд суралцахаас өөр сэтгэл зовоох зүйлгүй харагдав. 

Салбар бүрээр төрөлжсөн 12 сургууль, тэдгээрийн оюутны байрууд, лабораториудаас бүрэлдсэн шинэ хуучин хоёр том цогцолбор  байх агаад хамгийн их ач холбогдол өгч байгуулсан, бусдад гайхуулах дуртай байгууламж нь номын сан байлаа.  Сургууль бүхэн дэргэдээ номын сантай, тэр нь хэдэн арван давхар, архитекторын гүн утга агууламжтай бөгөөд хотынхоо шилдэг архитекторын шагнал авсан хоёр ч барилга эндэхийнх аж. Нэг нь лав урдаасаа дэлгэсэн ном шиг, хойноосоо өрсөн ном шиг, хажуугаасаа хуйлсан судар ч юм шиг харагддагаараа онцлог байлаа. Сургалтынх нь онцлогоос сонирхтол “ердөө л лабораторийн туршилт, тэгээд л тэр” хэмээн ам нэгтэй хариулж байв. Онолын бүх хичээл лабораторид туршигддаг нь эндхийн давуу тал аж. Цаасны мэдлэгийг тэгж л шингээж гэмээ нь амьдралд ач холбогдлоо олох магадлал нь өсдөг гэсэн байр суурийг хатуу баримталдаг бололтой аж.

Өнгөрсөн жил Монголоос Гүйжоүгийн их сургуульд хоёр оюутан суралцаж байсан бол энэ жил 12 болон нэмэгджээ.  Мөн Гүйжоүгийн их сургуулийн гадаад оюутны тоо 2015 оноос эрс нэмэгдэж эхэлсэн гэнэ. Энэ нь тус сургууль олон улсын боловсролын салбарт нэр хүнд нь өсөж явааг харуулна. Манай оюутнууд Гүйжоүгийн их сургуульд байгаль орчин, багш, санхүүгийн чиглэлээр суралцаж байна. Хойноосоо оюутнуудад хандаж хэлэхэд, “аль болох байгалийн ухааны, нарийн технологийн, инженерийн чиглэлээр сураарай, битгий нийгмийн хандлагыг дагаж, хууль, эдийн засаг руу хошуураарай. Тэгвэл л чи үнэ цэнэтэй мэргэжилтэн болж чадна” гэсэн юм. Сонирхуулахад 12 оюутны 10 нь хосууд бөгөөд зарим нь Монголоос гэр бүлээрээ ирж, зарим нь энэ сургуулиас гал голомтоо асаажээ. Хүүхэд асрах чөлөө, цаг хугацаа нь хичээлийн үнэлгээнд огтхон ч нөлөөлдөггүй гэсэн. Ямартаа ч суралцахаас өөр асуудалд оюутнуудынхаа толгойг өвтгөх дургүй болох нь харагдаж байв. Иргэдийн боловсролдоо хөрөнгө оруулах нь энэ улсын тэргүүлэх бодлогын нэг болохоор тэр биз ээ.

                              Ямаан сахиуст хотоор ямхын төдийд...                                                   

Хятадын худалдааны цөм Гуанжөү хот

Бидний дараагийн зочилсон хот Гуанжөү. Гүйжоүгээс хоёр цаг орчим нисээд хятадын хамгийн өмнөд захын энэ мужид хөл тавив. Эдийн засгийн өсөлт, технологийн хөгжил дэвшил, гадаадын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаараа Шанхайн дараа ордог Хятадын худалдааны том хот гэдгийг одоо монголчууд бүгд мэддэг болсон. Энэхүү муж улстай Бээжин хот 2200 км төмөр зам бүхий хурдны галт тэргээр холбогдсон бөгөөд энэ нь одоогоор дэлхийн хамгийн урт галт тэрэгний зам хэмээн танилцуулгад тэмдэглэжээ.

 Бүх Хятадын хэмжээний ДНБ-ий долооны нэгийг дангаараа үйлдвэрлэдэг, 40 сая хүнтэй, Гуандун мужийн төв юм. Муж нь өөрөө 100 сая гаруй хүн амтай аж. Энэ хот дахь бидний аялал өмнөх мужтай харьцуулахад харьцангуй товчхон байсан ч биднийг Гуанжөү хотын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхан түүчээлэн угтаж, сайтар зохион байгуулсан юм.

Дэлхийн олон талт соёлын илэрхийлэл болсон уламжлалт Хятад орон болон орчин үеийн өрнөдийн соёл хосолмол нутаг болох нь хотын аль ч хэсгээс харагдана. Барууны ихэмсэг хүйтэн төрх, солонгос залуусын хэв маяг, уугуул Хятадын өв уламжлал,  Америкийн соёлын нөлөө гээд чухам солонгын долоон өнгө энд зэрэгцэн оршино.  Худалдаа арилжааны төв гэдэг утгаараа бараа бүтээгдэхүүн өргөн сонголттой, бас чиг үнэ нь уян хатан юм билээ.

Гуанжөү хотын нөгөө нэр нь “Ямааны хот”. Эрт цагт хотын дээгүүр таван ямаа хөлөглөсөн сахиус нисч өнгөрсөн хэмээх домог байдаг бөгөөд энэ домгийг өнөөг хүртэл сануулж, өнөөгийн Хятадын хамгийн тэргүүний, нийгмийн үзэл санааг уриалан дуудахад томоохон үүрэг гүйцэтгэж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгэн төлөөлөл болох “Ямааны хотын оройны сонин”-д бид зочлов.

Оройн сонин гэх ойлголт  Монголд шинэ биш ч түгээмэл бас биш юм. Хүмүүсийг ажилдаа тарах замд нь түгээж, оройн хоолоо идээд амарч байх үедээ гарчиглахаар бүтээгдэж байдаг. Тиймээс тухайн өдрийн үйл явдлаас гадна цаг алдахгүй мэдээлэл, долоо хоногийн зар сурталчилгаа, урлаг уран сайхан, утга зохиолын мэдээлэл голлох нь олонтаа.

1957 оноос хойш хэвлэгдэн гарч буй энэхүү сонин нь Хятадын цорын ганц оройны хэвлэл гэдгээрээ алдартай. Цагийн эрхээр цахим хэвлэлд шахагдаж байгаа ч 60-аад жилийн түүхээ авч үлдэх гарцыг “Ямааны хотын оройны сонин” хэдийнэ олсон байна. Дэвшилт технологийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамгийн ашигтай байгаа салбаруудад хөрөнгө оруулж, сониныхоо зардлыг нөхөх, цаашлаад орчин үеийн цоо шинэ дүр төрхтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр брэнд бий болгохоор зорьж буйгаа эрхлэгч нь танилцуулж байв. Хамгийн сүүлд л гэхэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хөрөнгө оруулсан нь багагүй үр ашигтай байгаа гэсэн шүү.

Alibaba-гийн шинэ өрсөлдөгч iFlash компани

Мөн бид цахим арилжааны хэрэгслийн төлөөлөл болгож iflashbuy.com сайтаар зочилсон юм. 2013 онд байгуулагдсан энэ компани өдөрт 50 тэрбум юанийн борлуулалт хийдэг бөгөөд дэргэдээ эдийн засгийн сургуультай, дөрвөн сая оюутныг ажлын байраар хангадаг аж. Хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүнийг захиалж аваад, таалагдахгүй бол буцааж болдог, Али-Бабаг бодвол хайлтын систем хялбар гээд давуу талаа дурдахгүй өнгөрнө гэж мэдээж үгүй. Сонирхуулахад, Хятадад хамгийн түгээмэл хэрэглэгддэг, фэйсбүүкийг орлох нийгмийн сүлжээ болох wechat 2010 онд Гуанжөү мужид анх мэндэлсэн аж.

Хүний эд эрхтнийг ч хэвлэнэ

 

3D принтерээр хэвлэсэн бүтээлүүдээс

3D хэвлэх аж үйлдвэрийн паркаар зочлох хуваариа харахад надад лав цаасан буюу хулдаасан хэвлэл л санаанд орсоныг хэлэх хэрэгтэй. Чанарын өндөр түвшинд, гурван хэмжээс дунд амьд юм шиг л хэвлэх байх гэж бодож байтал төмөр, хуванцар, мод, пластик материалаар юуг чиг л бодит юм шиг хэвлэдэг газар байв. Тэр бүү хэл хүнийг хүртэл яг дууриалган хэвлэх бөгөөд 700 юань (монгол мөнгөөр 250 мянган төгрөг) төлөөд 2-3 цаг хүлээхэд л өөрийн 3D хөргөө хийлгээд авч болох аж. Юуг л бол юуг хэвлэх энэ технологиор хүний тархийг бүтээж орлуулан суулгах туршилт хийсэн нь амжилттай болсон аж. Цаашид эд эрхтнийг орлуулах боломжтой тухай яриа ч өрнөсөн юм.      

Өндөр технологийн гайхамшгийг мэдрүүлэх бас нэг газар бол Гуанжөүгийн “Жюди дижитал” хэмээх шинжлэх ухаан, технологийн компани байв. Тэнд Virtual reali­ty хөдөлгүүрийн техник технологийг судлан хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр тун амжилттай ажиллаж буй бөгөөд 9D технологиор бүтээгдэхүүнээ гаргаж байна. Тус компани одоогоор дэлхийн 50 оронд 3000 гаруй нэрийн дэлгүүртэй болоод байгаа аж. Унадаг дугуй, машин, автомат тоглоомоос эхлээд VR төхөөрөмжийг нэвтрүүлсэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг. Энэ компанийн 9D тоглоомоор бодит юм шиг орчинд хэсэг зуур “амьдарснаар” бидний Ямааны хотоор хийсэн ямххан аялал төгсөв.

9D виртуал тоглоомыг туршиж байгаа нь

Товчхондоо хүнд хөнгөн үйлдвэр, ашигт малтмал олборлолт боловсруулалт гэхчлэн  үйлдвэрлэлд л амиа тавьдаг байсан хятадууд өнөөдөр өндөр технологиор салбар болгонд илүүрхэх болсон нь нүднээ илт. Хоёр муж дамнасан бидний аялал ч ийнхүү өмнө нь олонтаа очиж байсан урд хөршөө өөр өнцгөөс харсандаа сэтгэл хангалуун боловч улсынхаа хөгжилтэй харьцуулсан хөнгөн гунигтайгаар, бас чиг авах гээхийн ухаанаар хандах өөдрөг төсөөллөөр өндөрлөлөө.

                                   

Тэмдэглэл тэрлэсэн: Э.Адъяасүрэн, Т.Наранмандухай

                                                    Бээжин-Гүйжоү-Гуанжөү

                                                2016 оны 11 дүгээр сар