УИХ-ын гишүүд ХСҮТ-ийн барилгын өргөтгөлийн ажлыг дэмжихээ амлав

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Тэрбишдагва нар өнөөдөр /2015.10.13/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллан, ажил байдалтай нь танилцаж, тулгамдаад буй асуудлуудын талаар удирдлагуудтай нь ярилцав.

УИХ-ын гишүүн А.Тлейхан, Монгол Улсад хавдрын өвчлөл маш өндөр байгаа ч эмнэлгийн байр, тоног төхөөрөмж, эмчилгээний асуудал нэлээд хүндрэлтэй байгаа гэдэг мэдээллийн дагуу Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байгаа бөгөөд УИХ-аар төсөв хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд тодорхой асуудлуудыг шийдэх боломжтой эсэхийг судлахаар ийнхүү ажиллаж байна гэв.

Тус төвийн захирал Л.Төмөрбаатар гишүүдэд хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх мэдээлэл өгч, үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Хавдар судлалын үндэсний төв нь хорт хавдрыг хянах бодлогын асуудлыг улсын хэмжээнд хариуцан, орон нутгийн эмнэлгүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна. Түүнчлэн хавдрын эмчилгээ, оношлогооноос гадна туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээ зэрэг III зэрэглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байна. 2014 онд Монгол Улсын хэмжээнд 5483 хүн хавдар туссан болох нь оношлогдон, уг өвчлөлөөр 3536 хүн нас барсан нь нийт нас баралтын 22 хувь юм байна. 2005 онд 100.000 хүн тутамд хавдарын өвчлөл 133 тохиолдол байсан бол 2014 онд 100.000 хүн тутамд 86 тохиолдол бүртгэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Тэр дундаа элэг, ходоод, улаан хоолой зэрэг хоол боловсруулах замын хорт хавдар болон уушгины хорт хавдар нийт өвчтөнүүдийн 75 хувийг эзэлдэг  байна. Монгол Улсад элэгний хорт хавдар 100.000 хүн тутамд 61 тохиолдол байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 1, 100.000 хүн тутамд ногдох ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө 2-т бичигддэг болохыг энэ үеэр УИХ-ын гишүүдэд танилцуулав. Монголчуудын хувьд ихэнхдээ хорт хавдрын хожуу шатанд оношлогоо хийдэг болохыг ХСҮТ-ийн захирал онцолж байлаа.

Олон улсын Хавдрын бүртгэлийн байгууллага ойрын ирээдүйд Монгол Улсад хавдрын өвчлөл буурахгүй, 2025 он гэхэд жилд 6300-7500 хүн шинээр оношлогдоно гэсэн тооцоолол гаргасан байна. Ийнхүү эмнэлгийн ажил байдал, улсын хэмжээний тоон мэдээллийг танилцуулсны дараа ХСҮТ-ийн өргөтгөл, тоног төхөөрөмжтой холбоотой тулгамдаад буй асуудлуудыг танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар,  Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга барих шийдвэр 2011 онд гарч, барилга угсралтын ажил эхэлсэн байна. 2013, 2014 онд санхүүжилт зогссон учир барилгын ажил явагдаагүй бөгөөд 2015 онд санхүүжилт хийж, барилгын ажил үргэлжлэн явагдаж байгаа аж. Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай нийт 4 давхар 5200 м2 талбай бүхий барилга юм. Тус барилгыг ашиглалтад оруулснаар нийт хавдраар өвчлөгсдийн 40 орчим хувийг эзэлдэг элэгний хавдрын мэс заслын төв, одоо хамрагдвал зохих өвчтний тал орчмыг л хамруулдаг туяа эмчилгээний тасгийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэх аж. Мөн хэвтэн эмчлүүлэх 80 ор нэмэгдэж, үүний үр дүнд тус төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 30-40 хувиар нэмэгдэх юм байна. Нийт 4 блокоос бүрдэх барилгын хоёр блокын дотор заслын ажил явагдаж байгаа бол туяа эмчилгээний тоног төхөөрөмж байрлуулах блокын цутгалтын ажил хийж байгаа юм байна. ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2012 онд УИХ-ын соёрхон баталсан Австрийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдэхээр тусгасан. Тоног төхөөрөмжүүд гааль дээр ирсэн бөгөөд өргөтгөлийн барилгын ажлын санхүүжилтээс болж хүндрэл үүсээд байгааг тус төвийн захирал Л.Төмөрбаатар танилцуулав. Уг өргөтгөлийн барилгын нийт төсөв 5.597.4 сая төгрөг бөгөөд үүнээс 2.955.4 сая төгрөгийн санхүүжилт бүхий ажил гүйцэтгээд байгаа юм байна. 2015 онд 1.088.0 сая болон 2016 онд төсөвлөгдөх 1.554.0 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгах асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлүүлэх хүсэлтийг УИХ-ын гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа ХСҮТ-ийн барилгын өргөтгөлийн ажлыг УИХ дэмжинэ. Өнөөдөр тус төвийн удирдлагын зүгээс танилцуулсан зарим нэг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллана, тодорхой шийдэлд хүрэх боломжтой. Харин барилгын ажлыг хийж буй компани гүйцэтгэлээ бүрэн ханган ажиллаж байгаа тохиолдолд улсын төсвийг хэлэлцэх үеэр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болохыг гишүүд хэлж байв. Түүнчлэн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох яамдын мэргэжилтнүүд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, ХСҮТ-ийн удирдлагуудын уулзалт зохион байгуулж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар хэлэлцэх боломжтой гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.