Н.Баяртсайхан: Бодлогын хүүг  4.5 пунктээр эрс нэмснээр валютын нөөцөө хамгаалсан

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл 12 дугаар сарын 19-нд хуралдаж, бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодрууллаа.

 -Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг нэг нэгж хувиар  буулгаж 14 хувь болголоо.  Дөрвөн сарын өмнө бодлогын хүүг 4.5 пунктээр өсгөсөн. Яагаад ийм ойрхон бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргав?

-Бодлогын хүү нь маш олон хүний амьдралд нөлөөлдөг санхүүгийн зэвсэг учир сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш. Инфляци ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байх төлөв гарсан. Гадаад худалдааны нөхцөл хүлээж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар ажиглагдаж байна. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргасан.

-Бодлогын хүүг бууруулснаар эдийн засагт ямар үр дүн гарах вэ?

- Төрөөс эдийн засгийг удирдах цогц арга хэмжээний нэг бүрэлдэхүүн хэсэг нь Мөнгөний бодлогын хүү юм. Үүний цаана төсвийн бодлого гээд маш олон арга хэрэгсэл бий. Тиймээс дан ганц бодлогын хүүгээр эдийн засгийг дэмжинэ гэж байхгүй. Тэр утгаараа Засгийн газар, Монгол банкны үйл ажиллагаа нягт уялдаатай явах ёстой. Өөрөөр хэлбэл Төвбанк Мөнгөний бодлогоор Засгийн газар санхүүгийн бодлогоороо эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэсэн үг. Мөнгөний бодлогын хүүг бууруулж буй үр нөлөө нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлтөөс хамааралтай. Тиймээс ийм  үр дүн гарна гэж хэлэхэд эрт байна.

-Мөнгөний бодлогын зөвлөл шийдвэр гаргахдаа гадны жишээ, судалгааг хэр үндэслэсэн бэ?

-Шилжилтийн үедээ яваа улс орнуудын жишээн дээр суурилан судалгаатай асуудлыг шийдсэн. Ер нь мөнгөний бодлогын хүүг сар бүр хөдөлгөөд байдаг зүйл биш. Ерөнхий эдийн засгийнхаа суурь нөхцөлтэй уялдуулан өөрчилдөг. Тухайлбал ОХУ барууны ертөнцөөс тавьсан хоригтой холбоотой тус улсын эдийн засаг маш хүнд байдалд орсон шүү дээ. Нэг ам.доллар 30 рубльтэй тэнцэж байсан бол 80-90 рубльд хүрч, ханш өссөн. Энэ үед ОХУ Мөнгөний бодлогын хүүгээ  16 хувь болгож нэмсэн. Харин эдийн засгийн нөхцөл байдал нь сайжрангуут 10 хувь руу буулгасан жишээ бий.

- Монголбанкнаас валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлэн өнгөрсөн наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн. Энэ алхам валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад ямар үр дүн өгөв өө?

-Ам.долларт үзүүлэх гол хүчин зүйл нь валютын нөөц шүү дээ. Мөнгөний бодлогын хүү валютын ханшид тойруу замаар очиж нөлөөлдөг. Эдийн засгийн хямралд өртсөн улс орнууд Бодлогын хүүг нэмэгдүүлэх замаар  валютын нөөцөө хамгаалдаг. Энэ бол дэлхий нийтийн тогтсон жишиг. Тэр утгаараа наймдугаар сард Төвбанк бодлогын хүүг  4.5 пунктээр эрс нэмсэн.  Улсынхаа валютын нөөцийг хамгаалах зорилтоо бид хангаж чадсан гэж бодож байна. Намайг Монголбанкны Ерөнхийлөгч болох үед Монгол Улсын валютын нөөц  нэг тэрбум 200 сая ам. доллартэй тэнцэж байсан. Өнөөдрийн байдлаар нэг тэрбум 189 сая ам.доллар байна.  ОУВС аливаа улс орны валютын нөөц импортын гурван сарын хэрэгцээг хангах хэмжээнд байх ёстой гэж зөвлөдөг.  Одоо байгаа валютын нөөц Монгол Улсын импортын 5.1 сарын импортын хэрэгцээг хангана. Ийнхүү валютын нөөцөө тогтвортой барьж чадсан нь цаг алдалгүй бодлогын арга хэмжээ авсны үр дүн юм.

 Б.Заяа