Нүүрсний экспортын нэг цонхны бодлогод компаниуд нэгджээ

Тавантолгойн нүүрсний ордод Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой зэрэг 3 компани олборлолт хийж нүүрс экспортлож байна. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч арваннэгдүгээр сард Өмнөговь аймагт ажиллах үеэрээ дээрх компанийн удирдлагуудтай уулзаж, дотооддоо хямд үнээр өрсөлдөх бус, нийлж байгаад " Монгол нүүрс"  брэндийг таниулж, нэг эрх ашгаар гадныхантай өрсөлдөн, нүүрсний экспортын нэг цонхны бодлого барьж ажиллахыг үүрэгдсэн.

Энэ үүрэг даалгавар хэрхэн биелэлээ олсныг тодруулсан юм.

Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:

- Тавантолгойн нүүрс, Монголын нүүрс боломжит зах зээлтэй. Гэсэн  ч  алдаатай бодлогын  үр дүнгээс болж боломжуудыг алдаж байлаа.

“Эрдэнэс- Тавантолгой” компани “Чалко” болон TTJVCo зэрэг компанитай алдагдалтай гэрээ хийсэн нь бүс нутагт ажиллаж буй компаниудын үйл ажиллагаанд нөлөөлсөн. Харин Засгийн газраас, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн чиглэл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд зах зээлийн үнээс хамаагүй доогуур байсан нүүрсний үнэ 12 дугаар сарын эхнээс 50 ам.доллар болж өссөн.

Түүнчлэн нүүрсний экспортын нэг цонхны бодлогыг цаашид дээрх гурван компани баримтлахаар тохиролцсон. Мөн бид нэмүү өртөг шингэсэн, баяжуулсан бүтээгдэхүүн гаргахаар ярилцаж байгаа. Улсынхаа  эрх ашгийн төлөө төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран нэг цонхны бодлогыг  хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд:

Засгийн газраас баримталж буй нэг цонхны бодлогын хүрээнд “Энержи Ресурс” компани манай нүүрсийг худалдан авч, угаан борлуулах тохироо хийсэн.

Эрдэнэс Тавантолгой компани Зүүн Цанхиас олборлосон нүүрсээ “Чалько” компанид нийлүүлж  эхлээд байна. Мөн Баруун Цанхийн үйлдвэрийн олборлолт эхэлсэн. 2017 оноос бид нүүрсээ борлуулна. Нэг цонхны бодлогын хүрээнд нүүрс угааж байгаа компаниудад зах зээлийн үнээр нүүрсээ нийлүүлснээр гарах зардал багасч байгаа.

 

Б.Заяа