Бэлэн хувцасны дэлхийн зах зээлд Монгол брэнд-EXCLUSIVE өрсөлдөнө

Дэлхийн зах зээл, тэр дундаа бэлэн хувцасны зах зээл ямар нэг хязгааргүйгээр даяарчлагдан хөгжиж байна. Улс орон бүрийн үй түмэн үйлдвэрлэгчид бэлэн хувцасны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэн, хэдэн зуун брэнд хэдийнэ байр сууриа бататгаж, хэрэглэгчддээ татаж чадсан. Цаг минут тутмаар өрсөлдөөн өрнөж байдаг энэ зах зээлд хөлөө олж, олонд танигдана гэдэг хэн хүний чадах зүйл биш. Харин чухам орон зай, дутагдаж байгаа зүйлийг нь олж харж, өөрийн гэсэн өвөрмөц онцлогоо бүрдүүлж чадвал боломжгүй зүйл бас биш.

Монголчууд бид дэлхийн зах зээлд уул уурхай, ашигт малтмал зэргээр танигдаж, яригддаг болсон. Харин бэлэн хувцасны зах зээлд танигдсан, “Made in Mongolia” шошгыг дэлхийд түгээх үндэсний брэндтэй болох хэрэгцээ зүй ёсоор хүлээгдсээр байна. Импортын хэрэглээг ч таягдан хаяж, монголчуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн, монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчид үгүйлэгдсээр байна. Ийм боломж ч бас бий. Бид өөрсдийн онцлог, газар нутгийн байршил, цаг уурын нөхцөл байдал, мал аж ахуйн гаралтай түүхий эд гээд ашиглаж болох, гайхуулж болох зүйлсээ ашиглавал боломж нээлттэй байна.

Тийм ч учраас Монгол Улсын нэрийг дэлхийд гаргаж, “Made in Mongolia” шошготой бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нэвтрүүлэх, дотооддоо импортыг орлох үндэсний үйлдвэрийг хөгжүүлж, дэлгэрүүлэх том зорилгын төлөө зүтгэж байгаа EXCLUSIVE брэндийг МОНЦАМЭ агентлаг “Монгол брэнд” буландаа анхны зочноор урилаа.

Монгол Улсын нэгэн томоохон брэнд МОНЦАМЭ агентлагт зочноор уригдсандаа талархаж буйгаа илэрхийлсээр EXCLUSIVE брэндийн үүсгэн байгуулагч Гансүхийн Майцэцэг хатагтай биднийг угтан авсан юм. Дэлхийд өрсөлдөх Монгол брэнд цогцлоохоор зүтгэж яваа энэ дайчин бүсгүй есдүгээр ангиасаа Польш Улсад амьдарч, Польшид боловсрол эзэмшин, үүгээр зогсохгүй хувийн компаниа нээн, найман жилийн хугацаанд амжилттай ажиллаж чадсан. Польшийн Люблин хотын Мария Кири Сквадов /Maria Curie-Skłodowska University-UMCS/ их сургуулийг Олон улсын зах зээл судлалын мэргэжил эзэмшиж, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр "ЭМА” компаниа Польшид байгуулан алдарт “Demi Cler”, “Hugo Boss” зэрэг брэндүүдийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гээд арвин туршлагатай. Зөвхөн Польшоор хязгаарлагдалгүй БНХАУ-д “Маяа Шинхуа” компаниа байгуулж, туршлагаа зузаатгасан Г.Майцэцэг хатагтай өнөөдөр EXCLUSIVE брэндийг үүсгэн, 2009 оноос хойш удирдан авч явж байгаа юм.

Монгол Улсынхаа хөнгөн үйлдвэрийн хөгжилд гар бие оролцож байгаа Г.Майцэцэг хатагтай EXCLUSIVE брэндээ үүсгэн байгуулж байхдаа Европ стандартыг нэвтрүүлсэн, олон улсын шаардлагыг хангасан үйлдвэр байгуулахаар зорьсон нь өнөөдөр биеллээ олжээ.

Ингээд бид сурвалжлагынхаа эхэнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Өнөр хотхон”-д байрлах EXCLUSIVE брэндийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. 

EXCLUSIVE брэндийн үйлдвэрт дэлхийн өндөр

технологиудыг нэвтрүүлж байна

Томоохон үйлдвэрүүдтэй харьцуулбал зай талбай жижиг ч өндөр таазтай, нарны гэрэл чөлөөтэй тусах боломжтой гээд Европ стандартыг анхлан нэвтрүүлж чадсан тухайгаа Г.Майцэцэг хатагтай бахархангуй хэлж байв. Анх гурван хүнтэй байгуулагдаж байсан EXCLUSIVE брэндийн үйлдвэр өнөөдөр 100 гаруй ажилчинтай, өдөрт 3000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, туслан гүйцэтгэх дөрвөн цехтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа.

Хамгийн бахархууштай нь EXCLUSIVE брэндийн үйлдвэрт дэлхийн томоохон технологиудыг шинээр нэвтрүүлэхээр уйгагүй ажиллаж байна. Өнөөдөр гэхэд Япон Улсын “Heattech” технологиор дулаан барьдаг өмд, цамц, Канад технологийн торгон сөдөөр хүрэм үйлдвэрлэж байгаа нь Монголдоо анхдагч болжээ. Олон улсын зах зээлд өндөр эрэлттэй байгаа “Heattech” технологийн өмд, цамц нь хүний биеийн дулааныг хадгалдаг учир хүйтэнд жиндэж даарахгүй,  дотор халууцуулахгүй байх зориулалттай аж. 

Үйлдвэрийн өөр нэгэн хэсэгт сөдөн хүрэм хийх шугам ажиллаж байв. Угтаа энэ төхөөрөмж нь тусгай өрөөтэй, маш том хэмжээтэй байдаг ч энд ажиллаж байгаа шугам үүргээ хангалттай гүйцэтгэдэг гэнэ.

EXCLUSIVE брэнд өвлийн хүрэмний импортын

хэрэглээг орлоно

Монголын жавар тачигнасан идэр есийн хүйтэнд дааруулахгүй, жиндүүлэхгүй байх дулаан хүрмийг хэн хүнгүй эрэлхийлж, үүнийгээ дагаад импортоор орж ирэх энэ төрлийн бүтээгдэхүүнүүд үлэмж ихэсдэг. Дотоодын энэ хэрэгцээг хангах үндэсний үйлдвэрлэлийг бид дэмжих учиртай. EXCLUSIVE брэнд өнөөдөр олон улсад ид танигдаж, эрэлт үүсгээд байгаа “галууны цээж сөд” гэх дээд сортын, ишгүй, хувцас цоолохгүй, хорогдож, агшихгүй гээд олон давуу талтай торгон сөдөөр өвлийн хүрэм үйлдвэрлэж байна. БНХАУ-аас ийм төрлийн сөдөн хүрэм 400-500 орчим мянган төгрөгөөр орж ирж худалдаалагдаж байгаа бол EXCLUSIVE брэнд хоёр дахин хямд үнээр дотооддоо гаргаж байна. Монголын, EXCLUSIVE-ийн үйлдвэрлэл дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа нь энэ.

Үүсэн байгуулагдсанаасаа хойш найман жилийн хугацаанд EXCLUSIVE өвлийн өд, сөдөн хүрэм үйлдвэрлэж байгаа. “Чингис” бондоос санхүүжилт авч өд, сөдөн хүрэмний орчин үеийн технологи нэвтрүүлэн, таван жил судалж, суралцсан бөгөөд тэмээний ноосон зулхайгаар ч хүрэм доторлох санааг Г.Майцэцэг олж чаджээ. Тэмээний ноос нь синтепон гэх нийлэг материалыг орлохуйц хөнгөн, дулаанаа хадгалах чадвар нь харьцуулашгүй сайн. 

"Цаашдаа тоног төхөөрөмжийн шинэчлэл, үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөлд тулгуурлан ирэх жилийн өвөл гэхэд импортын өд сөдөн хүрмийг хэрэглээнээс гаргаж чанартай, дулаан, үнэ хямд, дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээр монголчуудаа гоёх зорилготой ажиллаж байна” хэмээн Г.Майцэцэг хатагтай итгэл дүүрэн ярьж байлаа.

EXCLUSIVE-ийн онцлог бол ХЯМД үнэ, харьцуулашгүй ЧАНАР

EXCLUSIVE брэнд найман жилийн хугацаанд монголчуудад хэдийнэ танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Анх Улсын их дэлгүүрийн баруун жигүүрт тууз хайчлан нээлтээ хийж байсан энэ брэндийн бүтээгдэхүүнийг өнөөдөр монголчууд тогтмол худалдан авдаг, нэрийг нь сонссон хэн ч таньдаг болжээ. EXCLUSIVE-ийн талаар асуух төдийд дийлэнх хүмүүс “Сайн мэднэ, бүтээгдэхүүнийг худалдан авч байсан, тогтмол хэрэглэдэг” гэх хариултуудыг өгч байв. Энэ бол EXCLUSIVE дотоодын зах зээлд дөнгөж мэндлэн, тэнцэж ядан байгаа шинэ брэнд биш, харин хэдийнэ танигдаж, хэрэглэгчдийнхээ итгэлийг олон, өөрсдийн хүрээллээ бүрдүүлж чадсаны илэрхийлэл. Чанарын хувьд ч сэтгэл хангалуун байдгаа, шинэ загвар, шинэ урамшууллыг нь хүлээдгээ хэрэглэгчид нь хэлж байв.

Г.Майцэцэг хатагтайн энэ хүртэл брэндээ авч ирсэн нөр их хөдөлмөрийн үндсэн агуулга нь “Хямд үнэ, харьцуулашгүй чанар” юм. Энэ хоёр ойлголтын нэгдлээр EXCLUSIVE брэнд илэрхийлэгддэг гэмээр. Үүн дээр тогтмол шинэчлэгддэг, цаг үеэ мэдэрсэн загвар, дизайн нэмэгдэнэ. EXCLUSIVE брэнд өнөөдөр Польш, Япон, Канад гээд улс орнуудын технологийг нэвтрүүлж, ISO сертификатуудыг эзэмшигч үйлдвэрүүдээс түүхий эд, материалаа татан, дэлхийд танигдсан брэндээс ялгарах зүйлгүй загварлаг бэлэн хувцсыг үйлдвэрлэж байгаа ч хэрэглэгчиддээ хамгийн хямд үнийг санал болгосон хэвээр байна.

“Танай бүтээгдэхүүн яагаад ийм хямдхан юм бэ? Чанартай байж чадах уу” гэдэг асуултыг хэрэглэгчид нь байнга тавьдаг тухай Г.Майцэцэг хатагтай хэлж байв. Харин үүний хариуд "Бүтээгдэхүүнийхээ чанарт би 100 хувийн баталгаа өгч чадна" гэж товчхон хариулдаг. “Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүхэн буух эзэн, буцах хаягтай байдаг. Бид гурван жилийн өмнө худалдан авсан хүрэмнийх нь цахилгааныг солиод өгдөг ийм л сэтгэлээр ажилладаг. Үйлдвэрлэгч бол наймаачин биш. Наймаачинд мөнгө л хэрэгтэй бол үйлдвэрлэгчид хэрэглэгчийнх нь сэтгэл ханамжийн баталгаа хэрэгтэй. Нэг угаалт даахгүй материалаар хувцас хийж хүнд зарах нь нэг ёсны хууран мэхлэлт. Харин брэнд бол итгэл хүлээсэн чанар юм” гэж тэрбээр ярьж байна.

EXCLUSIVE брэндээс өдөрт 4-5 шинэ загвар мэндэлж байна

EXCLUSIVE брэндийг илтгэх нэгэн онцлог бол тогтмол шинэчлэгддэг загвар. Дэлгүүрт нь ороод л эдний хувцас, хүрэм дэлхийд алдартай брэндүүдээс огтхон ч ялгарахгүй загварлаг болох нь харагдана. Учир нь энэ брэндийн загвар зохион бүтээгч нь олон улсын түвшний өндөр боловсролтой мэргэжлийн дизайнер бөгөөд дэлхийд алдартай “Н&M”, “C&A” брэндүүдэд хувцасны зураачаар ажиллаж байсан арвин туршлагатай мэргэжилтэн байдаг. Энэ авьяас чадвартай загвар зохион бүтээгчийн бүтээлүүд EXCLUSIVE үйлдвэрийн хоёр давхарт хадгалагдаж байдаг аж. EXCLUSIVE брэндийн амин сүнс болсон эдгээр эсгүүрүүд өдөрт 4-5 шинэ загвараар нэмэгддэг байна.

“Брэнд гэдэг цогцоороо байж хэрэглэгчид хүрдэг” гэж тодорхойлдог Г.Майцэцэг хатагтай зөвхөн өвлийн хүрэм гэлтгүй малгайнаас оймс хүртэл олон арван нэр төрлийн хэдэн мянган хувцас, хэрэглэл үйлдвэрлэж байгааг онцлох ёстой юм. Нярайн гадуур өлгийнөөс эхлээд хүүхдийн хувцас, томчуудын чөлөөт болон ажил хэрэгч, спорт гээд төрөл бүрийн загварын хувцас, малгай ороолт, нөмрөг, хавар, намар, өвлийн хүрэм бүгд бий.

Үүгээр зогсохгүй дахин давтагдахгүй ганцхан хувиар бүтээгдэх тансаг хэрэглээг ч EXCLUSIVE-ийн хамт олон урлаж чаддаг. “Чонон сүлд” УСК-ны нээлтэд Р.Анхням БНХАУ-д киноныхоо нээлтэд оролцохдоо EXCLUSIVE-ээр гоёж, “Хувьсал” продакшны уран бүтээлч МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, жүжигчин А.Ганчимэг нарын “Гэгээн муза” ёслолын арга хэмжээний гоёл ч EXCLUSIVE-ийнх гээд бодохоор ур чадвар нь хязгаарлах зүйлгүй мэт бодогдоно. Caffee bene дэлхийн сүлжээний Улаанбаатар дахь салбарын нээлтэд оролцохоор ирсэн Солонгосын жүжигчин, загвар өмсөгч Ким Бомд зориулсан сүрлэг хүрмийг ч EXCLUSIVE урласан нь ихээхэн шуугиан тарьж, Азийн залуучуудын хүрэмний загварыг тодорхойлж байсан түүх ч бий.

Үндэсний үйлдвэрийн “Монгол бэлэг”

Дэлгүүр болгонд худалдаалж байгаа эрээн уутанд боосон элдэв чихэр, ундаа хамгийн хямддаа 5500-аас 100 мянга хүртэл төгрөгийн үнэтэй. Гоё сайхнаасаа илүү хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг энэ хэрэгцээгүй бэлэгнээс бид яагаад татгалзаж болохгүй гэж. Үүний оронд EXCLUSIVE брэндээс шинэ жилийн бэлэгт зориулж зарласан “Монгол бэлэг” аянд нэгдэж хүүхдийн дулаан хантааз, өмд цамцны хослол, малгай, охидын урт оймс, ороолтоос сонгох боломж байна.

Үйлдвэрийн дэлгүүрт эрэгтэй, эмэгтэй хүний биеийн тамирын болон ажил хэрэгч өмд, цамц, Heattech технологийн дулааны өмд, эмэгтэй цамц гээд олон төрлийн бэлэн хувцсыг 5000, 10.000, 15.000 төгрөгөөр худалдаалж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн хэрэгцээт бэлгийг бид бие биедээ өгч болох “үндэсхэг” сэтгэгдэл эдгээр бүтээгдэхүүнийг хараад өөрийн эрхгүй төрж байв.

Дэлхийн том брэндийн бүтээгдэхүүнүүдийг

Монголд үйлдвэрлэх боломжтой

Монголын нутагт үүссэн, Монголын үндэсний брэнд EXCLUSIVE-ийн үйлдвэрлэл өнөөдөр ийнхүү тасралтгүй ажиллаж, хэрэглэгчиддээ ч, үйлдвэрлэгчиддээ ч сэтгэл ханамжтай үйл ажиллагаа явуулсаар байна. Гэхдээ зөвхөн өөрийн үүсгэсэн EXCLUSIVE брэндээр хязгаарлагдалгүй Монголын хөнгөн үйлдвэрийн салбарыг тэр чигээр нь урагшлуулахыг хүсч явдагаа Г.Майцэцэг хатагтай илэрхийлдэг юм. Гадаад оронд ажиллаж, үйлдвэрлэл эрхэлж байсан түүнд Монголын хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц, боломжийн талаар олон үнэтэй санал санаачлага байдаг.

Тиймээс сурвалжлагынхаа хүрээнд энэ салбарын хөгжлийг асуудлыг ч хөндөх хүсэл төрж, EXCLUSIVE брэндийн тухай болон хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн талаар Г.Майцэцэг хатагтайтай цөөн хором хөөрөлдсөн юм.

-Монгол брэнд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бий. Гэхдээ хамгийн дөт ямар боломж, гарц байна гэж Та хардаг вэ?

-Монголчууд бидэнд газар зүйн байршлынхаа хувьд асар том боломж нээлттэй байна. Бидний хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын асар том зах зээлд бизнесийн түншлэл байгуулж, бараа бүтээгдэхүүнээ гаргадаг болох хэрэгтэй. Гэхдээ гадаад зах зээлд гарна гэхээр бие даасан дэлгүүр байгуулаад бүтээгдэхүүнээ худалдаалахыг хүмүүс урьтаж бодоод байдаг. Гадаадад бие даасан дэлгүүр байгуулахаасаа илүү гадаадын сүлжээ дэлгүүрүүдэд бараагаа нийлүүлэх нь бидэнд хамгийн боломжтой хувилбар юм. Миний мөрөөдлийн томоохон хэсэгт, бид гадаадад очоод бүтээгдэхүүнээ худалдахыг санал болгох бус гаднаас ирээд бидний бүтээгдэхүүнийг авахыг хүсдэг тийм л зүйлийг үйлдвэрлэхийг хүсдэг. Үүний тулд бид чанараараа, үнээрээ өрсөлдөнө.

-Хөнгөн үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэхийн тулд түүхий эдээ бэлддэг болох шаардлагатай нь мэдээж. Социализмын үед монголчууд 1.5 сая метр даавуу үйлдвэрлэдэг байсан. Гэтэл одоо нэг метр ч даавуу үйлдвэрлэж чадахгүй байна. Даавуу үйлдвэрлэвэл зах зээлд эрэлттэй байж чадах уу?

-Чадалгүй яахав. Тэр дундаа суналттай даавууны үйлдвэр байгуулах нэн шаардлагатай байна. Энэ даавуу /оёдолчин бүсгүйн цамц оёж байсан даавууг заав/ нимгэрэхээрээ подволк, зузаарахаараа биеийн тамирын хослол болдог давуу талтай. Монголд орж ирж байгаа бэлэн хувцасны дийлэнх хувийг биеийн тамирын хувцас эзэлдэг шүү дээ. Энэ даавууг бид дотооддоо үйлдвэрлэснээр үнэ, чанараараа ижил төрлийн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжтой. Зам барихаасааа өмнө даавууны үйлдвэр байгуулчихвал тасралтгүй эргэх үйл ажиллагаа явагдаж, олон хүнийг ажлын байраар хангаж, хөнгөн үйлдвэрийн хөгжлийн суурь болно.

-Та бараг л өгүүлбэр бүртээ хөнгөн үйлдвэрийн хөгжлийн талаар ярих юм.

-Тиймээ би зөвхөн EXCLUSIVE гэж амбицлахаасаа илүү хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх, энэ хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэж бодож явдаг. Ерөөс гадаад оронд олон жил амьдрах, ажиллахад өөрийн эрхгүй эх оронч сэтгэлтэй болдог юм билээ. EXCLUSIVE брэнд бол дан ганц Г.Майцэцэгийн брэнд биш. Энэ бол Монголын брэнд болсон гэж талархаж явдаг. Тиймээс бид илүү их үүргийг хүлээж, иргэдийнхээ хэрэгцээ, хэтэвчинд тааруулсан бүтээгдэхүүн гаргаж хүргэхийг эрмэлзэж ажилладаг. “Брэнд” гэхээр дийлдэхгүй өндөр үнэ тавьчихаад хэсэгхэн бүлэгт үйлчлэхийг хүсээгүй. Манай брэндийн сөдөн куртка, тэмээний ноосон хантаазыг хэн ч ирээд худалдан авахад боломжтой, таатай үнийг тавьдаг. Бизнес эрхлэгч талаас ашиг төдийлөн гарахгүй ч эх оронч үзлээр би энэ үнээр худалдаалахдаа сэтгэл хангалуун байна. Цаашдаа Монголд олон олон брэнд төрж, цагаахан өрсөлдөөнөөр улам чанаржиж, туршлагажих ёстой гэж боддог.

-EXCLUSIVE брэнд ойрын хугацаанд шинэ “тэсрэлт” бэлтгэж байна уу?

-Тэр мэдээж. Миний өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажилладаг хөдөлмөрийн гол зорилго бол шинэ санаа олох. EXCLUSIVE брэнд хэд хэдэн зүйл төлөвлөж байгаа. Он гараад эхнээсээ хэрэгжинэ. Тэр бүхэнтэй минь МОНЦАМЭ агентлаг хамт байгаасай гэж хүсч байна. 

-Таны өмссөн сүлжмэл цамц их гоё юм аа. Танай бүтээгдэхүүн биш биз?

-Нууц задалчихлаа. Тиймээ, EXCLUSIVE-ийн шинэ бүтээгдэхүүн болох ноосон сүлжмэл бүтээгдэхүүн тун удахгүй мэндлэхээр дуншиж байгаа. Үүнээс гадна ирэх онд гурван аймагт салбар нээж, ажлын байр бий болгон, орон даяар худалдааны төлөөлөгчидтэй болох зорилт дэвшүүлээд байна. Харин гадаад зах зээлд EXCLUSIVE бүтээгдэхүүнээ тун удахгүй БНХАУ, ОХУ, Японд гаргахаар төлөвлөж байна

-Таны ажлын өрөөнд EXCLUSIVE брэндийн нэрийн хуудас болсон Хүннү загвартай өвлийн хүрэм өлгөөтэй байсан. Энэ загвар үнэхээр олон жил үнэ цэнээ алдахгүй явж байна шүү.

- EXCLUSIVE брэндийн Хүннү загвартай курткийг хэрэглэгчид андахгүй. Гэтэл энэ загварыг Өвөр-Монголын нэгэн наймаачин авч, яг ижилхэн хийгээд худалдаалж эхэлсэн байсан. Олон нийтийн сүлжээгээр энэ нь дороо л бидэнд мэдэгдэж, Монголд хүртэл орж ирсэн байсан гээч. Бид нэг ажилчнаа явуулаад үзүүлэхэд манай загвартай ижил л болохоос хийц, оёдол, материал, чанар бол харьцуулалтгүй муу. Гэсэн мөртлөө Өвөрмонголчуудад маш их таалагдаж, эрэлттэй болчихсон байсан. Нэг бодлын бид загвараа алдсан нь харамсалтай ч нөгөө талаас бидний загвар Өвөрмонголд, гадаад зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, сэтгэлд нийцэж байгаагийн илэрхийлэл. Хэрэв энэ загвараараа чанарын хувьд илт давуу гэдгээ мэдрүүлээд тэдний зах зээлд очвол үүд нээлттэй байна. Нэг Өвөрмонгол хүн энэ хүрэмний жинхэнэ чанартай нь танайд байдаг гэж сонсоод ирлээ гэсээр дэлгүүрт ирж байсан шүү.  

-EXCLUSIVE нэг хэсэг нэхийгээр хүрэм үйлдвэрлэж байсан. Яагаад зогсчихсон юм?

-2011 онд БНХАУ-д боловсруулаад Итали руу гаргадаг нэхийг авчирч үйлдвэрлэлдээ ашиглаж байлаа. Гэтэл тэр нэхийг худалдаачин нь “Энэ чинь танай Монголын нэхий. Та нар яагаад Монголоосоо авч болдоггүй юм” гэж хэлж байсан. Үнэхээр манай нэхийг авч очоод өндөр технологиор боловсруулж Итали руу гаргадаг байсан. Гэтэл манай дотоодод боловсруулсан нэхийнээс хэдэн 10 дахин зөөлхөн, биед эвтэйхэн, хөнгөхөн. Түүхий эдээ ингэж боловсруулдаг болбол дэлхий бидэнд нээлттэй байна. Манай оронд хонины ноос, ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, үхрийн шир, нэхий гээд гадаадад өндрөөр үнэлэгддэг бүх түүхий эд нь байхад бид боловсруулж чадахгүй алдаж байна. Мал аж ахуйн орон мөртөө малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байгаа энэ үед энэ салбарын үйлдвэрлэлд хөрөнгө оруулах хэрэгтэй. Харьцуулах л асуудал.

-Үйлдвэрлэл, худалдааг давхар эрхлэх нь хэн хүний даваад байдаггүй хүнд даваа гэж Та өмнө нь хэлж байсан. Гэтэл Та даваад л яваад байна.

-Польшийн нэг эдийн засагч надад “Маяа чи нэг бол үйлдвэрлэ, нэг бол зар. Хоёуланг нь зэрэг хийвэл чи дийлэхгүй” гэж хэлж байсан. Үйлдвэрлэгч хүн эцсийн бүтээгдэхүүнээ борлуулах ажлыг давхар хийхэд маш хүнд. Тэр дундаа загварлаг бэлэн хувцасны салбарт хүссэн хүн хөлөө олдоггүй юм. Угтаа бол бэлэн хувцасны томоохон брэндүүд нь үйлдвэрлэгчиддээ захиалга өгч оёулдаг байх нь хамгийн оновчтой хэлбэр. Манай бизнес эрхлэгчид ч үйлдвэрлэгчиддээ ийм бүтээгдэхүүн авмаар байна гэсэн хүсэлт өгөөд хийлгэдэг байвал маш зөв холбоос болох юм. Үйлдвэрлэгчид том брэндүүдийн туслан гүйцэтгэгч болох ч боломжтой. 

-Туслан гүйцэтгэгч гэснээс дэлхийн том брэндийн сөдөн бүтээгдэхүүнүүд Монголд үйлдвэрлэгдэх нь цаг хугацааны л асуудал гэж ярьж байсныг тань санаж байна. Ямар боломж байна вэ?

-Монгол Улс сөдөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн таатай цаг ууртай. Халуун чийглэг оронд сөдөн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл дотроосоо өтөх, илжрэх аюултай байдаг. Харин манай хуурай сэрүүн цаг агаар нь сөдийг илжрүүлдэггүй учир бид хүчин чадлаа нэмэгдүүлж чадвал дэлхийн том брэндүүдийн туслан гүйцэтгэгч болох боломжтой. Бидэнд боломжгүй зүйл үгүй. Одоо бидний үйлдвэрлэж бүтээгдэхүүний гол түүхий эд болох торгон сөдийг өндөр хяналтан дор цэвэр орчинд, эрүүл ахуйн талаасаа хамгийн найдвартай технологиор бэлтгэж байна. Энэ технологи дэлхийн 5 оронд хийгддэг бөгөөд тэрний нэг нь Монгол болсон.

Энэ мэтчилэн Монголын хөнгөн үйлдвэрийн хөгжлийн ирээдүй, боломж, гаргалгааны талаар хатагтай Г.Майцэцэгээс гарах шинэ санаа дундаршгүй оргилно. Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөсөн ч олон асуудалд бодит шийдэл болохуйц санааг тэр өгч чадсан юм. Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд унаж, боссон аль ч цаг хугацаанд ямагт хамт байсан хэрэглэгчиддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд EXCLUSIVE брэндээрээ хувьцаа гаргаж, Монголын ард түмэндээ эзэмшүүлэх хүсэл тээж яваагаа ч нуулгүй хуучилж байлаа.

Төгсгөлийн оронд:

EXCLUSIVE брэндийн үйлдвэртэй танилцаж явцдаа импортын бүтээгдэхүүнийг орлохуйц, гадаад зах зээлд худалдаалахад нүүр бардам бүтээгдэхүүнийг монголчууд дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаад өөрийн эрхгүй бахархан сэтгэл төрж байлаа. Тэд аль ч орны брэндийн бүтээгдэхүүнээс ялгарахгүй загварлаг, олон улсын стандарт хангасан чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаж байна. Багахан л түлхээс өгөхөд “Made in Mongolia” шошготой EXCLUSIVE- ийн бүтээгдэхүүн гадаад зах зээлд худалдаалагдахад хэдийнэ бэлэн болжээ.

Төр засгийн зүгээс хөнгөн үйлдвэрийн салбарт үзүүлэх, экспортыг дэмжих хамгийн чухал дэмжлэг бол татвар орчин гэдгийг үйлдвэрлэл эрхлэгч хэн бүхэн хэлдэг. Импортоор орж ирж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнд тогтоох татварыг чангатгаж, харин дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, дамжуулан борлуулах бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлэх зэрэг хэдэн хэдэн гарц бий. Хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтөд том суурь болно. Өөрөөр хэлбэл Монгол Улс хямралаас гарах хамгийн том бодит гарц нь үйлдвэрлэлийн хөгжил юм. Хөнгөн үйлдвэрлэл хөгжиж, бизнес эрхлэгчид нь хөнгөлөлттэй нөхцлөөр дотооддын бүтээгдэхүүн захиалан борлуулж, иргэд худалдан авч, олон мянган хүн ажлын байраар хангагдаж байж сая эдийн засгийн хямралаас гарах суурь тавигдана.

Бизнес эрхлэгчдийн зүгээс үндэсний үйлдвэрийнхээ бараа бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд сонгон авч худалдаалдаг байх нь маш том дэмжлэг. Гадны брэндүүдийн бүтээгдэхүүнийг худалдан авч эх орондоо борлуулах нь эргээд Монголын валютыг гадагш нь зөөж буй л хэрэг. Түүний оронд бие биедээ боломж олгож, бизнесийнхэн, худалдаачид үндэсний үйлдвэрүүддээ захиалга өгдөг байх хэрэгтэй юм. Монголынхоо бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа бизнес эрхлэгчдэд харин хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх гэх мэтээр эргэх холбоотой зөв зохицуулалттай болж чадвал бид бүхэлдээ хөгжиж чадна.

Хэрэглэгчдийн зүгээс Монгол брэндийг дэлхийд гаргаж ирэх, өөрсдийн хүчээ ертөнц дахинаа харуулах хамгийн эх оронч алхам бол үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг худалдан авах юм. Ердөө л энэ. Импортын бүтээгдэхүүнээс татгалзаж, нэн тэргүүний сонголтоо үндэсний үйлдвэрлэгчиддээ хандуулж хэвших нь үйлдвэрлэгчдээ дэмжих хэмгийн эхний, хамгийн бодит дэмжлэг юм.

Бид бүхний хамтын бодит дэмжлэгийн хүчээр дэлхийн бэлэн хувцасны зах зээлд Монгол брэнд өрсөлдөхөд бэлэн байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал