Б.Жавхлан: Гадны банкууд хадгаламжийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэхгүй

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас асуудлыг тодрууллаа.

-Оны төгсгөлд та УИХ-ын хэд хэдэн гишүүнтэй хамтарч гадны банк оруулж ирэх хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийг өргөн мэдүүлэх хэрэгцээ шаардлага юу байв?

-Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг маш хурдацтай өсч байна. Түүнийгээ дагаад санхүүгийн зах зээл ч тэлж байна. Гэтэл дотоодын банкууд санхүү, эдийн засгийнхаа тэлэлтийг гүйцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 100 сая болон түүнээс дээш ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж чадахгүй байна. Тэгэхээр өнөөгийн арилжааны банкуудын хүрч чадахгүй байгаа тэрхүү санхүүгийн зах зээл дээр ажиллах шинэ орчин хуулийн төслийн хүрээнд бүрдэх юм. Хамгийн гол нь дотоодын банкуудын ажиллаж байгаа орчинд гадны банкууд үйл ажиллагаа эрхлэхгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай хадгаламж, харилцахын зах зээл дээр гадны банк ажиллахгүй гэсэн үг. Ингэснээр одоо ажиллаж байгаа арилжааны 13 банктай гадны банкууд өрсөлдөхгүй нь. Нөгөө талдаа дотоодын банкуудаа эрх зүйн хувьд хамгаалсан зохицуулалтыг тусгаж өгч байгаа юм. Тодруулбал энэ хуулиар зөвхөн гадны банк оруулж ирэх тухай зохицуулалтыг тусгасан гэж ойлгож болохгүй. Банк санхүүгийн зах зээлээр дамжуулж гадны хөрөнгө оруулагчдыг дуудаж байгаа юм.

-Одоогийн байдлаар манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид хэр олон байна вэ?

-Намайг Монголбанкинд ажиллаж байх үед таван гадны банк салбар нэгжээ нээн ажиллуулах хүсэлт тавьж байсан. Өнгөрсөн намар хэд хэдэн гадны банкуудын төлөөлөлтэй уулзлаа. Тэгэхэд 2011-2012 оных шиг манай улсад банк байгуулья гэсэн хүчтэй сонирхол байхгүй байна. Эдийн засаг тааруу, хууль эрх зүйн орчин хангагдаагүй байгаа тул харзнах хэрэгтэй хэмээн ярьж байсан. Тиймээс бид хуулиа хурдан гаргаад, олон нийтэд сурталчлах зайлшгүй шаардлагатай. Үүний дараа байдал ямар ч байсан сайжирна гэсэн бодолтой байна.

-Гадны банк орж ирэх нь гэх яриа гарахаар “Bank of China” орж ирэх нь хэмээн хаа хаанаа шуугисан. Ер нь ямар шаардлагыг хөрөнгө оруулагчдад тавих вэ?

-Гадны банк гэхээр “Bank of China”-тай холбож яриад байдаг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр маш олон банк байна. Хөрөнгө оруулалтын сангууд байна. Энэ хүрээнд асуудлыг ярьж ойлгох хэрэгтэй. 

-Гадны банк орж ирлээ гэхэд хэдийгээр үр дүн гарна гэж тооцож байна вэ?

-Хугацаа шаардагдаж таарна. Хууль батлагдсаны дараа нэгээс хоёр жилд санхүүгийн зах зээлд шууд нөлөөлж чадахгүй. Бид хуулиа тогтвортой байлгаснаас, хэрхэн дагаж мөрдсөнөөс, дагалдах журмыг хэрхэн баталснаа хамаарч үр дүн шалтгаална. Хамгийн гол нь санхүүгийн зах зээлээ олон улсад либеральчилж байна гэдэг маань хамгийн чухал юм.

-Ямар шаардлага хангасан банкинд үйл ажиллагаа явуулах эрх олгох,  ямар тохиолдолд эрхийг нь хүчингүй болгох гэх зэрэг зохицуулалт хуулиндаа тусгасан бэ, Эсвэл журмаар зохицуулах уу?

-Хуулиндаа санхүү, эдийн засгийн ерөнхий том зохицуулалтыг тусгаж өгнө. Харин эрх олгохоос хүчингүй болгох тухай зохицуулалтыг Засгийн газар, харьяа агентлаг, Монголбанк зэрэг байгууллагууд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж зохицуулалтаа хийх юм.

-Сүүлийн жилүүдэд зам гүүр, цэцэрлэг сургууль зэрэг нийгмийн чанартай барилга байгууламжийг концессын гэрээгээр барьдаг болсон. Энэ асуудалтай хууль хэрхэн холбогдох вэ?

-Шууд холбогдохгүй ч дам нөлөөгөөр холбогдох боломжтой. Гадна хөрөнгө оруулагчид орж ирээд дотоодын банкууд ажилладаг зах зээл дээр ажиллахгүй гэдгийг дээр хэлсэн. Харин банк хоорондын зах зээл дээр ажиллана. Ингэснээр манайхны санхүүжүүлж чаддаггүй төсөл хөтөлбөрүүдэд хямд эх үүсвэр нийлүүлэх боломжтой.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ