ӨВ СОЁЛЫН ҮҮЦ-АРХЕОЛОГИЙН АЛТАН СУДРЫГ СӨХӨХҮЙ

Ном унших цаг:

ӨВ СОЁЛЫН ҮҮЦ-АРХЕОЛОГИЙН АЛТАН СУДРЫГ СӨХӨХҮЙ:

Саяхны амралтын өдрүүдээр амтархан унших баримттай, ажиглан үзэх зураг бүхий хос номтой уйдамгүй өнгөрөөлөө.
МОНЦАМЭ агентлагийн дарга, МУСГЗ, нэрт сэтгүүлч Б. Ганчимэг "Монголын археологийн сонгомол өв" ( ARCHALOGICAL SELECTED RELICS OF MONGOLIA I) хоёр ботийг уншаад бичих санал тавьсан юм.
МОНГОЛ УЛСЫН газрын зургийг дэлхий танина...Тэрхүү газрын хэмжээ дамжааг ч мэдэх байх...?
Харин газрынхаа хөрсөн доор хичнээн их баялаг-өв соёлын үүц хадгалсаар ирснийг мэдэх бил үү...?

Гагц монголын ч бус дэлхий нийтийн улс орнуудын эртний өв түүх, өвөрмөц соёлын үүцийг судалдаг нь археологийн шинжлэх ухаан юм. Археологийн олдвор бүхэн үнэт өв болдог. Монголын археологи залуухан, ануухан ч гэлээ олдвор нь нэн эртний, ихэд "хөгшин" түүхийг задлан үзүүлдгээрээ нэн онцлог. Дэлхийд ховор, хүн төрөлхтөнд гайхамшиг болгох олдвор маш элбэг.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Түүх, археологийн хүрээлэнгээс санаачлан "Монголын археологийн сонгомол өв" ( Archaeological selected relics of mongolia ) хоёр ботийг баринтаглан олон нийтийн хүртээл болгосонд юуны өмнө баяр хүргэмээр. Уг хос боть буюу археологийн энэхүү алтан судрыг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор Д.Цэвээндорж, Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун нар редакторлон түүх, археологийн олон эрдэмтэн судлаачийн нөр их хөдөлмөр, оюуны хөлсөөр амилуулан босгожээ.


Монголын археологийн үүц чулуун зэвсгийн үеэс эхлээд хадны сүг зураг болон буган, хүн чулууны өвөөр өрнөжээ...энэ сударт төгсгөл үгүй мэт санагдана!
Эхний нэг дэх ботид "Монголын чулуун зэвсэг" Б. Цогтбаатар , "Монголын эртний булш оршуулга" Г.Эрэгзэн, " Монголын эртний шавар сав" Ц. Төрбат нарын бүтээлч гар, сэтгэгч толгойн хөлс дуссан бол хоёр дахь ботид "Монголын хадны зураг" Н.Батболд, " Монголын буган хөшөө" Ц.Төрбат, " Монголын хүн чулуу" Ч.Амартүвшин, Б. Бадма-Оюу нарын оюуны хөлс шавхарсан харагдана!

Эдгээр голлох эрдэмтэд ч редакцийн зөвлөл байгуулан бүтээлчээр ажиллажээ.

Эрдэмтдийн хөлс, эрч хүч шингэсэн энэ хоёр ботийн эхэнд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич, Төрийн соёрхолт Д.Рэгдэл "ШУА нь нийгмийн эрэлтийг хэрэгцээ болгох асуудалд чиглэсэн судалгааны эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны сурталчилгааг өнөөгийн нийгмийн шаардлагад хүргэх зорилготой ажиллаж ирсэн билээ. Түүний нэгэн жишээ бол та бүхний гар дээр очиж буй ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын бүтээсэн "Монголын археологийн сонгомол өв" хоёр боть зурагт цомог юм. Монголчууд бидний өвөг дээдэс өөрсдийн соёл иргэншлийг бүтээж тэрхүү соёлоо үеийн үед уламжлан хөгжүүлсээр ирсэн бөгөөд бидэнд үлдээсэн тэрхүү соёлын өвийн баялаг сан хөмрөгөөс "Чулуун зэвсэг", "Булш оршуулга", "Шавар ваар сав", "Хадны зураг", "Буган хөшөө", "Хүн чулуу" зэрэг дурсгалыг сонгон авч гэрэл зураг, товч тайлбарын хамт танилцуулж байна. Энэхүү бүтээл нь манай эрдэмтэн, судлаачдын олон жилийн судалгааны үр дүнд малтан судалж, бүртгэн баримтжуулсан Монгол орны түүх, соёлын үл хөдлөх өвийг гэрэл зургаар баяжуулан олон нийтэд дэлгэн үзүүлж буй томоохон бүтээл юм" хэмээн онцлон үнэлжээ!
Нээрэн л монгол орны минь эрт, эдүгээгийн түүх, соёлын үл хөдлөх өв болж чадсан бүтээл мөн байна.Гоё онож хэлсэн байгаам шүү!

Энэхүү алтан судрыг үзэж сонирхон, ухаж төнхөж эргэцүүлэн уншихуйяа хүн төрөлхтний үүсэл хөгжлийн явц дунд монголчуудын хувьсан хөгжиж ирсэн үндсэн суурь зангилааг тодхон, тун энгийнээр харж болохоор болсонд нь олзуурхам.

Археологийн шинжлэх ухаанд хүний үүслийн асуудлыг анхны болхи хийцтэй чулуун зэвсгээс эхэлснийг, ямархан эдлэл хэрэгсэлтэй байсныг, аль хэр нуруу туруутай хүмүүн амьдарч ирснийг яруу тодорхой гаргаж ирдэг...мөн олон мянган жилийн өмнөх эд өлөг, яс, гавал, үе мөчийг ч сэргээн тордож, өнөө цагийнхны нүдний урд дэлгэн тавьдгаараа үнэ цэнэтэй байдаг.
Археологийн олдворыг бивээр эртний өв соёлын алтан судар хэмээн ойлгодог. Археологич, түүхчдийг алтан мутартнууд ч гэж боддог!
Энэ бодлыг минь хөдөлмөрч түүхч, археологчид гүйцээж өгсөнд гялайнам!

Монгол орны өргөн уудам газар нутаг, байгаль, газар зүйн өвөрмөц байдал нь нэн эртний хүн оршин амьдардгийг нотлох өв ихтэй билээ.
Хүй нэгдлийн үеий чулуун зэвсгээс хүний хөгжлийн уран сэтгэхүй, ухаан бодлын тусгал болсон хадны сүг зураг, буган болон хүн чулууны хөшөө гагц монгол оронд л байхаас өөр хаана ч давтагдашгүй онцлогтой байдгийг дээрх хос судраас мэдэж болно.
Монгол орны нутгаас олсон олдворууд тэмдэглэгдэн, судалгаанд орсноос хойшхи 100 гаруй жилийн хугацаанд дотоод, гадаадын үе үеийн эрдэмтэн, судлаачдын хайгуул, малтлагаас олдсон ховор эд зүйлс, гэрэл зургаас танин мэдээгүй явсан олон баримтыг энэ хос ботиос мэдэж болохоор юм байна.


Энд бас нэг сонин нь эртний газар дор нуугдсан өв соёлыг нээж дэлгэснээс гадна байгаль эхийн алган дээр ч байсаар буй олон өв соёлыг ч дэс дараалалтай үзүүлж чадсанд энэхүү ном өөрөө ч давтагдашгүй "өв соёл" болохуйц дорвитой бүтээлийн тоонд зүй ёсоор орно!

Сүүлийн жилүүдэд олон улс, дэлхийн эрдэмтэн, судлаачдын анхаарлыг татаж байгаа Орхон-1, 7, Цагаан агуй, Чихэн агуй, Мойлтын ам, Дөрөлж-1, Төлбөр -4, 15, Рашаан хад зэргээс олдсон нэн ховор олдворуудыг ч эндээс үзэж сонирхууштай.

Энэ том хоймсон бүтээлд олон зууны дурсгалт газрын төлөөлөл болох 40 дурсгалт газрын 144 олдвор бүтээгдэхүүнийг тодорхойлон, үйлдвэрлэлийн арга техникийг тод харж болохуйц гэрэл зургаар баримтжуулан анх удаа нэгтгэн танилцуулж байгааг ч эрдэмтдийн багийнхан онцолжээ!
Энэхүү нөр их бүтээлч гар, оюуны их эрэл хайгуул шингэсэн хос ботиос гадаад, дотоодын судлаачид, оюутан, сурагч, суралцагсад, түүх, археологи сонирхогчид, жирийн уншигч иргэдэд ч хүртээл ихтэй, танин мэдэхүйн "хужир" болохоор амттай цомог бүтсэнийг мэдэрнэм!

Мөн эл алтан судраас монгол оронд 1921 онд анх сууриа тавьсан Судар бичгийн хүрээлэнгээс өнөөдрийн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхний түүх, археологийн судалгааны баялаг өвийг мэдэж болно.
Өгөөж ихтэй ном унших сайхан шүү....тийм номноос онцлон хоёр гайхам боть, ховор олдворуудын гэрэл зургийг олж үзсэндээ ийнхүү олзуурхан бичлээ...бичихгүй байхын аргагүй ном гэж байдаг даа!
Уншигч олон нөхөд минь "Монголын археологийн сонгомол өв" хос судрыг авч номын сангаа баяжуулаарай, уншиж судлан оюуныхаа савыг арвижуулаарай!

2017.01.03....11:39 цагун дору...

Ж.Батсайхан