Б.ЗОЛБОО: УРАН НУГАРАЛТ НАДАД МОДДЫН ХЭЛБЭР, ГОЛ УСНЫ МУРИЛЗААН ШИГ САНАГДДАГ

Уран нугаралтыг хийл хөгжимтэй хослуулна гэдэг үнэхээр л дэлхийд танигдах авьяас гэдэгтэй олон хүмүүс санал нэгдэх биз ээ.

Ингээд уншигч олондоо Улсын филармонийн хөгжимчин, “Pyramid circus” сургуулийн багш Б.Золбоотой хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Сайн байна уу, танд шинэ оны мэнд хүргэе.

-Баярлалаа, шинэ оны мэнд хүргэе.

-Энэ оны хамгийн эхний хөөрөлдөөний маань зочин та. Тиймээс ч бид хоёрт ярилцах шинэ зүйлүүд олон байгаа болов уу гэдэгт итгэлтэй байна?

-Тэгэлгүй яахав. Би ч бас шинэ оны босгон дээр хамгийн анхны ярилцлагаа өгч байна. Гэхдээ өмнө ч бас нэг их ярилцлага өгч байгаагүй. Ер нь жаахан дотогшоогоо хүн. Бусдад өөрийн гэсэн оршихуйн нууцаа дэлгэж ярих дургүй байдаг юм.

-Юуны учир тэгдэг юм бол. Ямартай ч надтай илэн далангүй ярилцаасай гэж хүсье. Таныг их багаасаа урлагт хөл тавьсан гэж сонссон. Харин “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсоны ачаар хүмүүст илүүтэй танигдах болсон байх аа, тийм үү?

-Би таван наснаасаа эхэлж нугарч, зургаатайгаасаа хийл хөгжим тог­лож сурсан. Манай эмээ их уян хүн байсан. Би түүнийг нь дуурайсан юм шиг санагддаг. Анх нугарахгүй гээд уйлдаг хүүхэд байсан. Бэлтгэл хийхэд шахуулаад их өвддөг байсан болохоор шантардаг байсан байлгүй. Гэхдээ урлагт хөл тавьсан гэж хэлж болохгүй байх. Хийл хөгжмийг дотоод сэтгэлээсээ мэдэрч тоглохгүй бол маш хэцүү. Тэгээд ч багаасаа сайн хичээллэж, хөдөлмөрлөхгүй бол сурахад тийм ч амархан биш. Жаахан байхаасаа л бэлтгэл хийж, хажуугаар нь уран нугардаг байсан ч сүүлд нь урлагийн талаарх төсөөлөлтэй болж, хийж буй зүйлдээ зүрх сэтгэлээрээ дурладаг болсон тэр цагаас эхлэн урлагт хөл тавьсан болов уу гэж боддог. Харин “Авьяаслаг Монголчууд” шоуны талаарх чиний дүгнэлттэй бол зуун хувь санал нэг байна. Өмнө хийж, бүтээж байсан боловч тодорхой хүрээнийхэнд л танил байсан.

-Дараачийн шатанд уран нугаралт, хийл хөгжмийг хосуулах зорилготой байсан ч харамсалтай нь шилдэг 32-т багтаж чадаагүй. Үзэгчдийн дунд бол аль хэдийн хүлээлт үүссэн байсан шүү дээ?

-Тиймээ. Гэхдээ үүнд нэг их харамсахгүй байгаа. Сүүлд би өөрийн уран бүтээлээ клипжүүлж, энэ авьяасаа олонд харуулсан. Хүмүүс ч маш сайхан хүлээж авсан. Миний анхны уран бүтээл “Авьяаслаг монголчууд” шоунд оролц­сонтой холбоотойгоор мэндэлсэн гэдгийг чи гадарлаж байгаа байх. Анхны уран бүтээл бэлэн болсон нь надад дараагийн уран бүтээлээ хийх суурь нь тавигдсан. Шоу бол үзэгчдийн сонирхлыг өөртөө туйлын ихээр татаж дараа нь санаанд оромгүй үйлдлүүдийг гаргадаг. Тиймдээ намайг хассан шийдвэр зөв ч байсан байж болох юм.

-Өвөрмөц клип болсон байсан. Нөгөөтэйгүүр нэг зүйлийг асуухыг маш их хүсч байлаа. Учир нь та уран нугаралтыг хийхдээ жийнсэн өмд өмссөн байсан?

-Олон хүн өвөрмөц сайхан уран бүтээл болсон байна гэцгээсэн. Жийнсэн өмдний тухайд бол аяндаа тохируулж ингэж хувцасласан. Сонгодог урлагийн бүтээл гэхээр заавал уянгын аятай байх ёсгүй шүү дээ. Тэгээд ч өнөөдөр залуучуудын дунд сонгодог урлаг сонирхдог хүмүүс ховордоод байгаа. Тиймээс залуусын сэтгэлгээг энэ урлагт хандуулахыг эрмэлзсэн юм. Бусдаас арай шинэлэг байхыг хүсч шинэ ая хийхдээ эрч, хүчтэй, ритм өндөр байх талаас нь харгалзаж үзсэн. Гол нь хүмүүс уран нугаралт гэхээр заавал комбензон өмсч нугарна гэсэн ойлголттой байдаг. Энэхүү ойлголтыг эвдэхийг хүссэн юм.

-Ер нь өнөөдөр урлагт шинэ зүйл хийхэд маш хэцүү болсон гэдэг. Учир нь ихэнх шинэ, содон зүйлсийг хүн төрөлхтөн олж хараад хийчихсэн тухай мэргэжлийн судлаачид хүртэл ярьдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Нэг талаасаа үүн шиг үнэн зүйл үгүй. Аливаа урлагт шинэчлэл хийнэ гэдэг хэн дуртай хүн эвлүүлчихдэг амархан тоглоом биш. Харин нөгөө талаас нь харвал бид өмнөх үеэ бодвол илүү их судалж, хөдөлмөрлөж байгаа нь сайн хэрэг. Өмнө нь хийчихсэн зүйлийг давтахгүйн тулд судлах шаардлага гарна. Мөнхүү хүний сэтгэлгээ юунд ч үл баригдам зүйл. Тэгэхлээр юм бүхэнд гарц бий гэдэг шиг хэний ч бодож олоогүй гайхалтай зүйлс олон байгаа. Үүнд би бат итгэлтэй байдаг.

-Анх хийл хөгжмийг уран нугаралттай хослуулах санааг хэн гаргасан бэ. Магадгүй багш тань юм болов уу эсвэл та өөрөө юу?

-Би ч элдэв юм сэтгэх чадваргүй балчир байсандаа. Багш минь л “Хөлөөрөө хийлээ барьчих. Анхнаас нь хослуулаад хийе” гэсэн юм.

-Хийлийг гараараа тоглоход ч хэцүү гэдэг биз дээ?

-Тийм. Хүмүүс "хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно" гэж ярьдаг. Харин би хоёр мэргэжил эзэмшсэн. Хийлийг юун хөлөөрөө тоглох, гараараа тоглоход ч маш хэцүү. Гэхдээ хоёуланг нь хийж чадсан. Одоо надад байдаг амьдралын нэг зарчим бий. Хүн өөрөө хичээж, туйлбартай хөдөлмөрлөж чадвал заавал амжилтанд хүрдэг гэдгийг ойлгосон.

-Долоон жилийн өмнө Монголын үндэсний олон нийтийн радио телевийн “АСК” шоунд оролцож байхдаа уг үзүүлбэрээ хийсэн гэж сонссон. Олон нийтийн өмнө зориглож үзүүлэхээр шийдсэн энэ үед сандарч байсан уу?

-Сандрал гайгүй байсан. Шүдэн дээрээ зогсоод хийл хөгжмөөрөө цэргийн ая тоглосон. Түүнээс хойш нэг хэсэг орхисон юм. Харин сүүлд “Авьяаслаг Монголчууд” болох үед “За, за хоёуланг нь хийж чадах юм чинь дээ” гэж бодоод орохоор шийдсэн. Яг энэ үеэс дахин бэлтгэл хийж эхэлсэн. Би уг нь Монголдоо уран нугаралтын үзүүлбэрээ үзүүлж байгаагүй. Дандаа гадаад руу явж нугардаг байсан. Нуулгүй хэлэхэд эдийн засагтай холбоотой. Гадны улсууд цалин сайн өгдөг.

-Нөгөө талаасаа үндэсний урлагаа дэлхийд сурталчилж байгаа хэрэг шүү дээ...

-Тиймээ. Бид өөрсдийн гэсэн ёс заншил, агуу их үүх түүхтэй ард түмэн. Тэр дундаа ардын хөгжим, уртын дуу, уран нугаралт зэргийг Монголчууд шиг гарамгай эзэмшсэн гүрэн дэлхийд байхгүй. Угаас эд чинь бидний эцэг дээдсээс өвлөгдөн ирсэн үнэт зүйл шүү дээ. Өнөөдөр дэлхийн олон улс Монголчуудын авьяас чадварыг биширдэг, үндэсний урлагийн гайхамшгийг маш сайхан хүлээж авдаг болоод байгаа. Нэг ёсондоо үндэсний урлаг маань дэлхийн тавцанд хэдийн гарсан, хүлээн зөвшөөрөгдсөн. Харин бид цааш нь улам түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Гол нь энэ бүхнийг дэлхий нийтэд таниулахын тулд манай эх орон өөрсдийн гэсэн томоохон соёлын бодлоготой байх ёстой. Тэгээд ч над шиг хувь уран бүтээлчид танил талгүй бол дэлхийн хэдэн тэрбум хүн амыг энэ үзүүлбэрээр татаж, тэдэнд танигдана гэдэг асуудалтай л даа.

-Бүх улс оронд уран нугаралт хөгжсөн байдаг. Харин манай Монголынх тэдгээрээс юугаараа ялгаатай юм бэ?

-Монголын хувьд бусад орнуудынхаас илүү уян налархай, үзэмжтэй байдаг. Дээр нь бидний эв нэгдэл. Нугараачид өөрсдийн мэдэж чаддаг бүхнийг дэргэдэх хүндээ харамгүй хуваалцдаг. Тиймдээ ч хамтдаа энэ урлагийн төгс үзүүлбэрийг бүтээж чаддаг. Нуруу нь маш уян бөгөөд гар дээрээ зогсохдоо тэнцвэрээ сайн олдог. Орос, Кеничүүд уян налархай ч турикны хүч нь монгол охидыг гүйцэхгүй. Харин Хятадууд их уян налархай байдаг ч үзэмжтэй нугардаггүй гэх шүүмжлэлийг маш их хэлдэг.

-Та ер нь хийл тоглож, уран нугарч байхдаа ямар мэдрэмж авдаг вэ. Сонгодог урлаг хүний сэтгэл зүрхийг байнга өөрчилж, өөрийгөө олох зам руу хөтөлж байдаг гэдэг шүү дээ?

-Монгол хүн бүр сайхан талд ирээд мориноосоо буухаараа сэтгэл нь амар амгалангаар бялхаж байдаг байх. Уртын дуу, морин хуур, ятгатай дуулж буй хүнийг сонсоод хүн бүр өөрсдийн хамгийн сайхан дурсамжуудаа сэргээн санаж, маш сайхан таашаал хүртдэг болов уу. Би өөрийн сурсан зүйлсээ тайзан дээрээс үзэгчдэд харуулж байхдаа ийм л зүйл мэдэрдэг. Уран нугаралт надад моддын хэлбэр, гол усны мурилзаан шиг санагддаг. Бид байгальтайгаа хэчнээн ойрхон, үргэлж тахиж шүтэж ирснийг урлаг маань харуулдаг. Тиймдээ ч урлагийн энэ төрлийг сонгосондоо үргэлж баярлаж явдаг.

-Хоёр дахь уран бүтээлийг тань цагаан сарын дараа гарна гэж хэвлэлээр бичиж байна. Энэ үнэн болов уу?

-Тийм. Бараг цагаан сарын үеэр л гарах байх.

-Тэгвэл Монголын үндэсний томоохон баяр  цагаан сартай холбогдуулж уг бүтээлээ хийх санаатай байгаа юу?

-Чиний таамаглал зөв гэж хэлмээр байна. Миний хадам аав Гавьяат жүжигчин Д.Гүрсэд гэдгийг ихэнх хүмүүс мэддэг болсон байх. Анхны бүтээл маань аавын дэмжлэгээр бүтсэн. Энэ удаад ч мөн санаа бодлыг нь сонсоно. Гэхдээ өмнөх уран бүтээлийн өнгө аясыг бүхэлд нь өөрчилж цоо шинэ зүйл хийхээр төлөвлөсөн. Байнга шинэ зүйл хийхгүй бол хүмүүст хүрэхгүй. Нэгэн хэвийн зүйлсээс хүмүүс их амархан татгалздаг шүү дээ. Энэ удаад уянгын ая сонгоно. Цагаан сартай холбогдуулж ардын дууны ая, аялгууг хийл дээр хувирган орчин үеийн хэмнэлээр тог­лохоор бэлдэж байгаа.

Б.Алтанхуяг