Оюутнууд ногоон хөгжлийн талаар мэдээлэл түгээнэ

Технож бизнес инкубатор төвөөс “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачлагын хүрээнд Ногоон хөгжлийн сургагч багш нарыг бэлтгэхээр сайн дурын оюутан, залуусын дунд сургалт зохион байгуулав.

Сургалтыг Технож бизнес инкубатор төв, Канада сан, НҮБ, Дэлхийн зөн олон улсын байгууллагуудтай хамтран дээрх сургалтыг зохион байгуулж буй аж.

Технож бизнес инкубатор төвийн захирал Г.Галиндэв хэлэхдээ, “Ногоон хөгжлийн сургалтанд 150 гаруй сайн дурын оюутан залуус оролцож байна. Сургалтын дараа бид оюутнуудыг багт хувааж, багууд хоёдугаар сарыг дуустал албан байгууллагууд, ЕБС-ийн сурагчид, сошиал ертөнцөөр дамжуулан ногоон хөгжлийн талаар мэдээлэл түгээх юм. Манай төсөл  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүдтэй хамтран тэдний хийсэн даавуун уут, улавчийг хэрэглээнд нэвтрүүлж, гялгар уутыг халах зорилгоор хэрэгжиж байна. Түүнчлэн цагаан сараар айлуудыг гялгар уутан улавчны оронд даавуун улавч хэрэглэхийг уриална ” гэв.

Дашрамд дурдахад, дэлхий нийтийн хог хаягдлын 30 хувийг гялгар уут бүрдүүлдэг бөгөөд энэ нь  7.5 сая ам метр талбайг эзэлдэг байна.

М.Аминаа