Цэргийн бүртгэл нийслэлд 41.7 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулаад долоо хонож байна.

Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн явц, зохион байгуулалтын ажилтай биечлэн танилцлаа.

Цэргийн тоо бүртгэлд эрэгтэйчүүд 18-50, бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалттай байдаг. Чингэлтэй дүүргийн хувьд нийт бүртгүүлэх хүмүүсийн 40 гаруй хувь нь  бүртгэлд хамрагджээ. Үлдсэн хугацаанд бүрэн хамрагдах боломжтой хэмээн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Даваарагчаа хэллээ.

Харин Сүхбаатар дүүргийн хувьд бүртгэлийн ажил 50 орчим хувьтай байна. ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа ярихдаа, “Энэ жил Батлан хамгаалахын багц хууль шинээр батлагдсан. Шинэ хуулийн дагуу цэргийн тоо бүртгэлийн ажлыг явуулж буй бөгөөд залуусын оролцоо өмнөх жилүүдээс нэмэгдсэн” гэв.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тоо бүртгэлд хамрагдах ёстой иргэдийн 41.7 хувь нь хамрагджээ. Бүртгэлийн ажил нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд нэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Санаатай болон санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй иргэдийг энэ жил ямар нэгэн торгууль, захиргааны арга хэмжээ авахгүйгээр бүртгэж байна.

М.Аминаа