Судлаачдын саналыг байгаль орчны үйл ажиллагаанд ашиглана

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУА, МУИС, МУБИС-ийн хамтарсан “Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний III бага хурал өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд эхэллээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хурлыг нээн хэлэхдээ “Монгол орны хувьд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртох, бэлчээрийн хомсдол, уул уурхайн олборлолтоос шалтгаалан амьтан, ургамлын төрөл зүйл, нөөц хорогдох, хөрсний эвдрэл, бэлчээрийн талхагдал, цөлжилтийн эрчимжилт, гадаргын болон газрын доорх усны нөөцийн хомсдол, усны түвшний бууралт, хот суурин газрын агаар, хөрсний бохирдол нэмэгдэж байна. Энэхүү тоо баримтыг Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан мэдээ нотолж буй юм. Иймд мэргэжлийн эрдэмтдийн судалгааны үр дүн, санал бодлыг сайтар анхаарч сонсож байх ёстой байдаг юм” гэлээ. Өөрөөр хэлбэл, хурлаас гарах оновчтой санал дүгнэлтийг нэгтгэн байгаль орчны 2015-2017 оны үйл ажиллагаанд ашиглах зорилготой юм.

Тус хуралд НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг-нийгмийн болон Европын эдийн засгийн комисс, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэн судлаачдаас гадна ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 200-гаад төлөөлөл оролцож, илтгэл тавьж байна.

Энэхүү олон улсын бага хуралд усны нөөц, ашиглалт, хамгаалалын асуудлаар 20, ойн төлөв байдал, ашиглалт, хамгааллын асуудлаар 13, газрын төлөв байдал, ашиглалт, ландшафтын өөрчлөлтийн талаар 29, биологийн төрөл зүйлийн ашиглалт, хамгаалалттай холбоотой 12, Уур амьсгал, аялал жуулчлал, хот төлөвлөлтийн чиглэлийн 29, нийт 103 илтгэл ирсэн бөгөөд хурлын илтгэлүүдийг эмхтгэн 2 боть бүтээл болгон хэвлүүлсэн байна. 

Эрдэм шинжилгээний хурал маргааш өндөрлөнө.

Б.Гаваа

Гэрэл зургийг Н.Батбаяр