ҮАБЗ-ийн зөвлөмжид заасан хууль, шийдвэр хөтөлбөрийн төслийг яаралтай боловсруулж танилцуулахыг үүрэг болгов

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ сарын 10-ны хуралдаанаар агаар болон орчны бохирдлын асуудлаар Зөвлөмж боловсруулсан.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн Зөвлөмжийг хэлэлцлээ. Уг зөвлөмжид:

·  Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах

·  Төрийн захиргааны төв байгууллагууд төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх,

·  Агаар, орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох

·  Орчны бохирдлыг бууруулахад иргэд байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зөвлөмж болгосон.

Зөвлөмжид заасан хууль, шийдвэр, хөтөлбөрийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын эхний долоо хоногийн хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Товч мэдээ

-Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.

-Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын  ажиллах журам болон “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.