Авлигатай тэмцэх үйлсэд улс төрийн хүсэл зорилго чухал гэв

Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Авлигын эсрэг үндэсний чуулган” өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Тус чуулганыг УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн. Тэрбээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зөвхөн УИХ, эсвэл АТГ-ын ажил биш, энэ бол бүх нийтийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, хүчин чармайлтаар үр дүнд хүрнэ гэдгийг тэмдэглэсний зэрэгцээ УИХ-ын даргын хувьд миний бие авлигатай тэмцэх бодлого, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлсэн юм.

Үндэсний чуулганд  УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлон ярилцлаа. Үүний тулд “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаан зохион байгуулсан юм.

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням энэ үеэр хэлэхдээ авлигатай тэмцэх үйл ажиллагаанд улстөрийн хүсэл зорилго хэдий чинээ өндөр байна, төдий хэмжээгээр үйл ажиллагаа урагштай байдаг хэмээн тодорхойлсон. Тиймээс ч чуулганы арга хэмжээг хааж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв.

АТГ энэхүү чуулганы өмнө “Авлига ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулсан бөгөөд уг бага хурлаас гаргасан зөвлөмжийг улсын хэмжээнд салбар бүрт хэрэгжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн иргэдийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, шударга ёсны ойлголт, мэдлэг олгох, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор “Олон нийтийн төв” байгуулжээ. Энэ төвд иргэн бүр чөлөөтэй нэвтэрч, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талын бүх мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналт, оролцоог бий болгох үүднээс Олон нийтийн дэд зөвлөлийг ажиллуулахаар орон нутагт 3 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулсан аж. Энэхүү хяналтын зөвлөл нь 21 аймагт ажиллаж байгаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах юм.

Түүх сөхөхөд, 2006 оны долдугаар сарын 6-нд УИХ Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн. Улмаар Авлигын эсрэг хуулийн дагуу манай улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-АТГ-ыг байгуулан 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь явуулсан. Хамгийн сүүлд шинэ парламент өнгөрсөн оны 10 дугаар сард ирэх 6 жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргажээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ