Зургаан дүүргийн түргэний дуудлагыг 103 утсаар авна

Нийслэлийн Түргэн тусламжийн төв өнөөдрөөс эхлэн  Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн иргэдээс ирсэн дуудлагыг 103 утсандаа шууд хүлээн авдаг  боллоо.

Төвийн  зургаан дүүргийн хүүхэд болон насанд хүрэгчдийн дуудлагыг 24 цагийн турш 103 дугаарт үнэ төлбөргүй хүлээн авснаар иргэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүлээн авах боломж бүрджээ.

"Зөвхөн түргэн тусламжийн дуудлагыг 103 утсанд хүлээж авах бөгөөд зөвлөгөө болон үзлэгийг харьяа амбулаторид хийнэ. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 дугаарт ирсэн иргэдийн дуудлага нийслэлийн Түргэн тусламжийн төвийн салбарууд руу шилжих учраас шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй хүлээх хэрэгтэй. Шугам чөлөөлөгдөхөд таны дуудлагыг авна.  Дуудлагыг хүлээн авсан бол иргэд эргэн лавлах, шаардаж, ачаалал үүсгэхгүй байхыг хүсье”  хэмээн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд хэллээ.

 Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг 2013 онд нийслэлийн Түргэн тусламжийн төвд нэгтгэснээр дуудлагын хүлээгдлийн хугацаа багасчээ.

Б.Заяа