Орон сууцны халуун усыг олон хоногоор хязгаарлахыг болино

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн удирдлагуудтай  2016-2020 оны хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн зорилго нь нийслэлийн инженерийн байгууламжуудын хэвийн үйл ажиллагааг хангах, их болон урсгал засварыг хийж гүйцэтгэхдээ иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр хийхэд чиглэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дулааны шугам сүлжээг шинэчлэх, засварлахтай холбогдуулан айл өрх, албан байгууллагын халуун усны хэрэглээг хязгаарладаг явдалд үүгээр цэг тавина хэмээн энэ үеэр тодотгов.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтарч ажилласнаар дулааны шугаманд засвар хийх болвол жил бүрийн 5 дугаар сарын 15-наас эхлэн халуун ус тасалдаг явдлыг болиулж зайлшгүй тохиолдолд наадмын дараа буюу иргэд хөдөө эсвэл зусланд гарсан үеэр 4-өөс дээш хоног хязгаарлахгүй. Мөн 1070 орчим хуучин орон сууцанд тоолуур тавьж иргэдэд дулааны хэрэглээгээ хянах боломжийг бүрдүүлэхээр боллоо. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-тай хамтарснаар харилцаа холбооны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх, уг зурвасын дагуу барьсан барилга байгууламжийн газрын захирамжийг хүчингүй болгох, шинээр барьж буй орон сууцны барилгуудын зураг төсөлд холбооны техникийн өрөө, байруудыг тусгах зэрэг ажлыг хийх гэнэ.

УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан энэ үеэр хэлэхдээ, "Шөнийн тарифыг тэглэж байгаатай холбоотой манай компанид томоохон асуудал үүссэн. Эдгээр асуудлыг нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран зохицуулах зорилгоор санамж бичиг байгууллаа. Тухайлбал, нийслэлийн хэсэгчилсэн бүсүүдэд цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг үргэлжлүүлэх зорилгоор 11.2 тэрбум төгрөгийн ажил хийх ёстой. Мөн суурьшлын бүст байгаа цахилгаанд холбогдоогүй айлуудын эрчим хүчний зардлыг нийслэлийн төсвөөс шийдвэрлэхээр болсон. Нийслэлд 6000 орчим айл цахилгаанд холбогдоогүй байдаг. Энэ жил 2000 айлын эрчим хүчний асуудпыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй хамтарч ажиллахаар болж байна" гэв. 

Б.Гаваа