Соёлын өвүүдийг сурталчлахад ЮНЕСКО-той хамтарна

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах, мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулна.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл ярихдаа, “Монгол наадам бол олон зуун жилийн түүхтэй түүх соёлыг илэрхийлсэн үндэсний  баяр юм. Мөн "Монгол наадам"-аар дамжуулан  улс орноо сурталчлах, аялал жуулчлалыг татах  боломжтой. Тиймээс бид ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Ингэснээр “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, төлөвлөж буй ажлуудаа олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, Монгол наадмыг дотооддоо хөгжүүлж гадаадад таниулна” хэмээв.

М.Аминаа