Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг ахиулж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Өнөөдөр дэлхийн аливаа улс орны  эрүүл  мэндийн  салбарын   эрхэм үүрэг зорилго нь хүн амд чанартай, тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлснээр иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, дундаж наслалтыг уртасган, аж байдлыг нь дээшлүүлэхэд оршдог.

Манай улсад энэ зорилтыг хангахын төлөө тус салбарт 34 мянга орчим хүн ажиллаж байна.  Тухайлбал, тэдний 21 гаруй хувь нь нарийн мэргэжлийн их эмч, бага эмч 10 орчим хувь, мэргэшсэн сувилагч 24 орчим хувийг тус тус эзлэж байгаа юм. Хүн амын эрүүл энхийн манаанд ажиллаж буй энэ дайчид 10 мянган хүн амд ногдох тоогоороо дэлхийн бусад орны дундажтай харьцуулахад бага биш гэж болно. Манай улсад 2016 оны эхний байдлаар тусламж үйлчилгээний гурван шатлалаар нийт 1260 орчим эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Мөн 600 шахам хувийн хэвшлийн эмнэлэг бий. Хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа нийт ачааллын 10 хувийг хувийнхан үүрч байгаа юм.

Хамгийн сүүлийн тоо баримтаар манай улсын хэмжээгээр 1450 гаруй эрүүл мэндийн байгууллага байдгаас төрөлжсөн эмнэлэг болон төв 15, нэгдсэн эмнэлэг 32, сум дундын эмнэлэг 13, хөдөөгийн буюу сумын эмнэлэг 334, өрхийн эмнэлэг 178, эрүүл мэндийн төв 12, БГХӨЭСТ-13, хувийн эмнэлэг 466, түргэн тусламжийн станц 35, цусны төв ба станц 26, эмийн сан 319 тус тус ажиллаж байна. Харин нийт эмнэлгийн хүчин чадал 17877 ортой болжээ.

Энэ тоо баримтаас үзэхэд, гурван сая хүн амтай Монгол Улсын эрүүл мэндийн салбар нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад боломжийн мэт харагдавч бодит байдал дээр шийдвэрлэх олон асуудал байна. Монголд сүүлийн 20 гаруй жилд эрүүл мэндийн даатгалын өрсөлдөөнт, олон хэлбэрүүд хөгжих хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.

Хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн манай эмч нар зах зээлд шилжсэн үеэс өнөөг хүртэл салбарын шинэчлэлийн асуудалд идэвхтэй оролцохгүй явж ирсэн нь тус салбарын өмнө олон тулгамдсан асуудал бий болгосныг үгүйсгэх аргагүй. Энэ салбарт ажиллагсад хамгийн бага цалин авдаг, хамгийн их авилгад өртсөн хэмээн байнга шүүмжлэл дагуулдаг нь бас л үүний үр дагавар гэлтэй. Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудал орхигдсон нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн хямралтай уялдаатай хэдий ч олон жилийн цэгцгүй бодлого, шийдвэрийн үр дүн гэдгийг онцлох учиртай.

                         Эрүүл мэндийн салбарт олсон амжилт, ололтууд ч бий...

Эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь ажил үйлс нь бүтэлгүй болчихсон гэх ямар ч үндэслэл байхгүй. Харин ч хийж хэрэгжүүлэх явцад ололт амжилт, алдаа дутагдлын аль аль нь тохиолдох нь энэ салбарт ажил хэрэг өрнөж, тууштай үргэлжилж байгааг нотолж байгаа хэрэг. Сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлж байгаа ололт амжилтыг ч энд дурдах ёстой.

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал 2006 оноос хойш эрчимтэй хөгжиж байна. Өнөөдөр 128 иргэнд бөөр амжилттай шилжүүлэн суулгаж тэдэнд амьдрал бэлэглэсэн бол  элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн дэлхийн 46 дахь улс болж өдгөө 29 хүнд уг хагалгааг амжилттай хийжээ. Мөн хоёр хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгаад байгаа юм. Эрхтэн шилжүүлэн суулгахад ойролцоогоор 15-85 сая төгрөг зарцуулдаг байна.  Энэ бол монгол эмч нарт багаж тоног төхөөрөмж, нөхцөл нь байвал өндөр хөгжилтэй улс орны эмч нараас огт дутахгүй гэдгийн баталгаа юм.  Харин манай эмч нараас Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зарим дутагдалтай тоног төхөөрөмж болон эмч нарын орон тоо, байрны хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байгаа.

Бас нэгэн таатай мэдээ дуулгахад, эх орондоо тархины гэмтлийн мэс засалд сүүлийн үеийн төхөөрөмж ашиглаж эхэллээ. ГССҮТ нь гавал тархины мэс заслын тасагтаа энэ оноос эхлэн автомат мэдрэгч бүхий цахилгаан өрөм, цахилгаан хөрөөг ашиглаж тархины мэс заслын хугацааг богиносгож чадлаа. Мөн гавлын ясны бүрэн бүтэн байдлыг хадгалсанаар, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар сэргэх хугацаа болон цаашид үлдэх зовиур шаналгааг багасгажээ. 0-16 насны хүүхдийн тархины мэс заслын эмчилгээнд гавлын ясыг буцаан тавих болсон нь хүүхдийг цаашдаа гэмтэж бэртэхээс сэргийлэх, өөрийн ясаар нь эргүүлж нөхсөнөөр яс дахин бороолж гавлын ясны бүтэц сэргэх боломж бүрдлээ. Уг багажийг ашиглахаас өмнө гавлын ясыг хэсэгчлэн аваад буцаан тавих боломжгүй төдийгүй өртөг өндөр бүхий титан тороор нөхөх мэс засал хийдэг байв. Өөрийн ясыг эргүүлэн тавих болсноор эдийн засгийн хэмнэлттэй төдийгүй эрүүл мэнд гоо сайхны хувьд том дэвшил болсон юм.

Мөн эрүүл мэндийн салбарын технологийн шинэчлэлийн хүрээнд, Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр УГТЭ-т хамгийн сүүлийн үеийн тархи, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний ангиографийн аппаратыг суурилуулсан. Тус аппарат тоног төхөөрөмжийн тусламжтай тархи, зүрхний судсан дотуурх мэс заслын технологийг  мэргэжилтнүүд эх орондоо нутагшууллаа. Өнөөдөр тус эмнэлэг тархины судсан дотуурх эмчилгээ зайлшгүй шаардлагатай 64 иргэнийг эмчилжээ. Эрүүл мэндийн салбарт энэ мэт олон дэвшилтэт ололт, амжилт гарч байгаа юм.

Мэдээлэл, технологийн хөгжил дэвшлийн үр дүнд бид шинжилгээнийхээ хариуг заавал өөрийн биеэр биш цахимаар хүлээн авч байна. Үүнээс илүүг хийхээр Монголын эрүүл мэндийн мэдээлэл, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийн эрх ашгийг хамтран хамгаалахын зэрэгцээ иргэдийнхээ эрүүл энхийн төлөө нэгдэж МИТАМ /Монголын эрүүл мэндийн мэдээлэл, технологийн холбоо/-ыг байгуулав. Тэд "Үндэсний" гэх тодотголтой нэгдсэн бодлого баримталж, хамтдаа хөгжихийн төлөө зорьж байна. Өмнө нь нэгдмэл биш ажилласнаар гадаадын компанид ажил, үйлчилгээгээ гадныханд даалгаж ирсэн нь монгол хүний эрүүл мэндийн аливаа асуудлыг ямар ч нууцлалгүй болгоход хүргэж байв. Монголын эрүүл мэндийн салбарыг цахимжуулж, хүн амын эрүүл мэндийн мэдээллийн баазын нууцлалыг бий болгох нь тэдний эн тэргүүний зорилт юм.

                Энэ салбарын хөгжилд хөрөнгө оруулалт, тусламж, дэмжлэг чухал...

Төрөөс болон ОУБ, төсөл хөтөлбөрүүдээс эрүүл мэндийн салбарт тусламж дэмжлэг, хандив, хөрөнгө оруулалт хийгдсээр байна. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн хамт олныг Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. НҮБХАС-гаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг болон ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай байгаа 1,2 тэрбум (600,000 ам.доллар) төгрөгийн үнэ бүхий эх, нярайн оношилгоо, эмчилгээнд тусламж үзүүлэх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Эмгэг судлалын үндэсний төв 10 жилийн дараа өөрийн гэсэн байртай болсон зэрэг олон жишээ дурдаж болно.

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулсан.

Уг баримт бичиг нь эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хугацааны хөгжлийн ерөнхий зураглал, төлөв байдлыг тусгасан бөгөөд бодлогыг хэрэгжүүлэхдээ хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршино. Мөн нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчээ дагасан зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан дундаж наслалтыг уртасгахад чиглэнэ. Нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөц, эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн технологи, эм зүйн тусламж үйлчилгээ, мэдээллийн технологи, салбарын зохион байгуулалт гэсэн бодлогын 8 чиглэл тус бүрд уг зорилт хэрэгжих юм.

Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж байна. Мөн жилээс жилд төрөлтийн хүндрэл өсч, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэх болов. Иймд донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, “Энэ хуулийн төсөлд хүйн цусны донорын болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөц хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар тусгасан” гэдгийг онцолж байв. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд эхийн сүүг орлох бүтээгдэхүүний хэрэглээ өсч байгаа. Энэ хэрээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь багасч 60 хувь байснаа 40 хувьд хүрч буураад байгаа. Мөн эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагын үүднээс Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж,  5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий хуулийн төсөл боловсрууллаа” гэж мэдээлсэн юм.

              Эрүүл мэндийн яам юу хийж, цаашид ямар ажил хэрэгжүүлэх гэж байна...

Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдсанаас хойш Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн ажлаас дурдвал, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай”, “Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай”, хуулийн болон Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн дэмжигджээ. Мөн “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн үзэл баримтлал, хуулийн төслийг  УИХ-д өргөн барьж, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээх боллоо. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын төслийг боловсруулж, салбарын удирдах, зөвлөх, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлжээ. Гемодиализийн эмчилгээний зардал болон цусны хавдартай иргэдийн зарим эмчилгээний зардлыг төр хариуцахаар болов. Элэгний С вирүсийн эмийн үнийг бууруулсан. Элэгний вирүс илрүүлэх шинжилгээг аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд дээр /үнэ төлбөргүй/ Элэгний вирүс тоолох шинжилгээг ХӨСҮТ, УНТЭ дээр ЭМД-ын сангаас хийх болов.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд “Агаарын яаралтай тусламж”-ийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор ЗТХЯ, БХЯ-тай хамтран эмнэлгийн яаралтай тусламжид нисдэг тэрэг, түүний зогсоол байгуулах асуудлаар санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна. Иргэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандаж чирэгдэлгүй оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжтой боллоо. Цэргийн нэгдсэн эмнэлэгт иргэдэд яаралтай тусламжийг үзүүлдэг болох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. “Шилэн эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлснээр тусламж, үйлчилгээний хүлээлт 50 хувиар буурсан.

Эрсдэл бүхий 9 аймагт хүүхдийн чиглэлээр, 6 аймагт эх барихын чиглэлээр ЭХЭМҮТ-өөс мэргэжлийн зөвлөх баг ажиллуулсан. “Амгалан” амаржих газрын орыг 50-иар нэмэгдүүлэв. Мөн 5 хүртэлх насны хүүхдэд зайлшгүй шаардлагатай зарим нэр төрлийн эмийг ЭМД-ын сангаас олгож байна. Амьсгалын замын халдвар, бага насны хүүхдийн дундах уушгины хатгалгаа өвчний эсрэг 24 мянга гаруй хүүхдийг дархлаажуулав. Мөн 33 мянган хүнд дархлаажуулалтын вакцин хийж, 45 мянган хүнд нэмж хийх юм.

Хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх оношилгоо, эмчилгээнд зориулж 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг худалдан авна. Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд “Нэг цэгийн үйлчилгээ”-г бий болгосон. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор 32 байгууллагад 60 ширхэг агааржуулалтын тоног төхөөрөмж суурилуулав.

ХУД, БГД-ийн ЭМТ-д хорт хавдартай хүмүүсийн химийн эмчилгээг хийх, хөнгөвчлөх тасгийг шинээр нээлээ. Өвчтөний эрүүл мэндийн талаарх мэдээлэл, амин чухал үзүүлэлтүүдийг түргэн тусламжийн автомашинаас цаг алдалгүй холбогдох эмнэлэгт шууд хүргүүлдэг болов. Туслах сувилагчийг бэлтгэх сургалтад 108 эрүүл мэндийн ажилтан хамрагдсан. Зарим сумдын ЭМТ-ийн нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шинэчилнэ. 300 ортой төрөх эмнэлгийг 2017 онд барьж дуусгана. Яаралтай түргэн тусламжийн 21 автомашиныг сумдад хүлээлгэн өгөв. 2017 онд нийт 110 түргэн тусламжийн автомашиныг олгохоор төсөвт 4,2 тэрбум төгрөг тусгажээ.

Орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутнуудын ЭМБ-ын харъяаллыг тодорхой болгох гурван яамны сайдын  хамтарсан тушаалыг гаргав. Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах 1, 2 дугаартай “Сайдын албан даалгавар” хэрэгжиж байна. Эрүүл мэндийн сайдын нэрэмжит “Ирээдүйн эмч, сувилагч” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр суралцах резидент эмч нарыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт цалинтай ажиллуулна.

ЭМЯ-наас бодлогын түвшинд дээр дурдсан ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, иргэдийн эрүүл мэндийн боловсролд онцгой анхаарч, иргэн бүрт аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг эн тэргүүнд таниулахаар ажиллаж байгаа юм.

Д.Өлзий