Монгол фермерийн ухаан буюу гинжин холбоосоор хөгжих нь

“Үнээ үнээ сүүгээ өгөөч, сүүг би мууранд өгөөд найзыгаа аварья” гэх царцааны үлгэрийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Үлгэр нэг талаараа нөхөрлөлийн үнэ цэнийн тухай юм шиг боловч нөгөө талаараа бусдаас хамааралтай байхын сул талыг өгүүлсэн шиг санагддаг. Ийм учир зангилаа дотор манай фермерүүдийн ажил явж ирснийг өөрчлөхөөр шамдсан хүний нэг нь “Монтаримал” ХХК-ийн захирал Р.Цогтбуян гуай юм даа хэмээн өчигдөрхөн би бодож зогсов.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч ням гарагт орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахаар Төв аймгийн Баянчандмань, Борнуур суманд ажиллалаа. Энэ үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн Баянчандмань сумын “Монтаримал” ХХК-ийг зорьж очсон юм. Р.Цогтбуян хэмээх 50 гаруй насны энэ эр Ерөнхий сайдыг фермийнхээ үүдэнд угтан мэндчилж, фермерээ танилцуулав.

Эднийх 1992 онд 53 га-д төмс, хүнсний ногоо тариалахаас гараагаа эхэлж байж. Хоёр жилийн дараа хосолсон аж ахуй үүсгэхээр 11 эрлийз үхэртэйгээр фермерийнхээ шавийг тавьж байв. Үүний дараа 2006 онд БНХАУ, Канадаас гаралтай хар тарлан үүлдрийн 30-н толгой үхэр, 2009 онд Францын “Норманд” үүлдрийн үр хөврөл, 2014 онд Германаас швецийн бор үүлдрийн 60 гунж, хоёр бух оруулж ирсэн. Өдгөө 300 гаруй толгой үхэртэй болсон. Өөрөөр хэлбэл, нийт үнээний 50 хувь нь канад улсаас гаралтай хар тарлан, 45 хувь нь швецийн бор, үлдсэн 5 хувь нь норманд үүлдрийн үхэр аж. Ингэснээр зах зээлд сүү мах нийлүүлэхийн зэрэгцээ үржлийн  мал нийлүүлэх болжээ. Монгол үнээний сүүний гарц хоногт 3-5 литр. Тэгээд ч зөвхөн зуны урин цагт сааль базаадаг бол дулаан байран дахь нэг үнээ 305 хоногт дунджаар 4450 мянган литр сүү өгдөг. Хамгийн дээд амжилт нь нийт саалийн хугацаанд 9000 литр сүү өгч байжээ. Махны хувьд голчлон бяруу болох үед буюу 500-600 кг-ийн жин татах үед нядалгаанд оруулдаг. Жилд 7 тонн мах үйлдвэрлэж, 40-50 толгой үржлийн мал борлуулдаг байна.

Монтаримал компанийнхан анх 53 га-д тариалалт хийдэг байсан гэж дээр дурдсан. Одоо бол нийт 225 га-д тариалалтаа хийж буй. Үүний 200 га усалгаагүй, 25 га усалгаатай. Төмс, хүнсний ногоо, улаан буудай тариалахын зэрэгцээ тэжээлийн манжин, овьёос, судан өвс, вандуй, арвай зэрэг тэжээлийн ургамал тарьж байна. Тодруулбал, газар тариалангаасаа фермертээ шаардлагатай тэжээлийнхээ 90 хувийг бэлтгэдэг. Эдгээр тоог харахаар тэд зүгээр нэг тариаланч биш, тооцоотой тариаланч гэдэг нь ойлгогдож байгаа байх. Компаний түүхийг харахад бизнесийнхээ цоорхой болгоныг нөхөх гэсэн оролдлогуудын нэгдэл гэмээр. Гэтэл түүх үүгээр өндөрлөөгүй байв. Р.Цогтбуян захирлынх хоёр охинтой. Том охин нь Улаанбаатарт байх сүүний үйлдвэрээ авч явдаг. “Үлэмж органик” ХХК-даа 3.5 тонны даацтай зориулалтын машинаар өнжөөд нэг сүүгээ хүргэдэг. Одоогоор 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэмээн захирал ярьлаа.

Цол дагаж бяр гэж манайхан ярьдаг даа. Олон шагнал урамшуулалтай юм. Хамгийн товчоор хэлвэл 2011 оны улсын шилдэг фермер болсон хамт олон аж. Тэдний бизнесийг харвал бүтэн цикл загвартай, өөр нэг давуу тал бол гэр бүлийн гишүүдийг татан оролцуулсан буюу хэзээд найдвартай ажиллах хүчинтэй. Эхнэр нь ч энэ ажилд эрвийх дэрвийхээрээ оролцдог гэх. Энэ жилийн хувьд самар их гарснаас болж хавь ойрынхон нь бүгд шахам самранд явсан гэнэ. Тиймээс малын хэвтэрт дэвсэх үртэс зортосоор жаахан дутмаг байгаа аж. Энэ бол ойрын зовлон. Харин цаашдаа сүү, сүүн бүтээгдэхүүний импортод хязгаар тавьж, дотоодын зах зээлээ хамгаалах, хоёрдугаарт Хүнсний тухай хуульд заасанчлан энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж буй бизнесменүүдэд урамшуулал олгодог байх, гуравдугаарт фермер оршин тогтнохын үндэс болсон тэжээл тариалалт-үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг асуудалд төр засаг анхаараасай хэмээн захирал Р.Цогтбуян Ерөнхий сайдад уламжилсан.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “Аймаг, орон нутгийн 50 орчим хувьд нь өвөлжилт хүндрээд байна. Өвөлжилт хүндэрсэн газарт Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Малчид маань ч энэ хүндрэлийг хохирол багатай туулахын төлөө ажиллах учиртай. Фермерийн аж ахуй учраас танай хувьд хүндрэл бага байна. Үлгэр болох фермерийн үйл ажиллагаатай танилцлаа. Засгийн газар энэ чиглэлд анхаарч ажиллана” гэсэн.

2016 оны байдлаар манай улсад нийт 60 гаруй мянган үхэр бүхий 1472 сүүний фермер ажиллаж байна. 5, 6 жилийн өмнө дотоодын тэр дундаа нийслэлийнхний сүүний нийт хэрэгцээний 10 хувийг хангадаг байсан бол өнөөдөр 30 хувийг хангадаг болжээ. Мөн 14 мянга гаруй үхэртэй 175 цэвэр махны үйлдвэрлэл хөөсөн фермер ажиллаж буй. Тэдгээр нь уул уурхайн томоохон төслүүд, ресторануудад махаа нийлүүлж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд эзэд шинэ генфондыг оруулж ирж байгаагийн зэрэгцээ дагасан технологийг оруулж ирэх болсон. Түүнчлэн тухайн үр, үүлдрийг цэврээр нь байлгахын тулд ихэд анхаарч ажиллаж байгаа гэж ХХААХҮ-ийн Мал аж ахуйн бодлогыг зохицуулах хэрэгжилтийн газрын дарга Л.Чой-Иш энэ үеэр тодотгож байв.

Баянчандмань сумын Засаг дарга Ц.Энхжаргал сумын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаа танилцуулахаар тус ферм дээр ирсэн байв. Сумын цэцэрлэгийн барилга аль 1960-аад оных. Үүнийгээ л нэг шинэчилмээр байна. Түүнээс манай сумын хувьд өвөлжилт харьцангуй гайгүй байна гэсээр яриагаа эхэлсэн.

-Өмнөх онтой харьцуулахад өвөлжилт ямар байна. Мал тооллогоор хичнээн мал тоолуулав?

-Манай сум 4175 хүн амтай. Тооллогоор 45249 мал тоолуулсан. Төв суурин газарт болон хөдөө орон нутагт өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай сайн базаасан. Мал тооллогын үеэр хөдөөгөөр явж малчидтайгаа уулзсан. Сүүлийн 2-3 жилтэй харьцуулахад илүү хүйтэн өвөл болж байна. Мөн цасархуу, зудархуу сумандаа орж байна. Өвөлжилтийн бэлтгэлийг малчид намраас маш сайн базаасан учир одоогоор айхтар хүндрэл бэрхшээл бидэнд тулгараагүй. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас дэмжлэг, туслалцаа авах гээд Төв аймгаас гурван сум сонгосон. Тэр сумдын тоонд манай сум орсон байгаа.

-Өвс тэжээл хэр базаав?

-Сумын иргэд өвс тэжээлээ хангалттай базаасан. Дээр нь сумын ЗДТГ нөөцөнд 88 тонн өвс, зохих хэмжээний тэжээл байршуулсан. Өнгөрсөн долоо хоногт "Милл хаус" компанитай хамтарч үйлдвэрийн үнээр өвс тэжээл малчид иргэдэд борлуулах ажлыг зохион байгууллаа.

-Өөр аймгийн нутагт байгаа өрх байна уу. Тэдгээр өрхөд жирэмсэн эх, өндөр настан, бага насны хүүхэд хэд байна вэ?

-Манай сум газар нутгийн хувьд харьцангуй бага, малын тоо толгойн хувьд ч олон биш. Тиймээс отрын бүс нутагт гарсан айл байхгүй. Хавар нэлээн сунжрах төлөвтэй байна. Гэхдээ малчдынхаа нөөц бололцоогоор хаврыг өнтэй давна гэсэн итгэл найдвартай байгаа.

-Сумын эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үү?

-Оны эхний нэгдүгээр сарын байдлаар төсвийн байгууллагуудын өвөлжилт, халаалт дулааны асуудал хэвийн байна. Бүх байгууллагууд өргүй гарсан. ЗДТГ-т шатахууны нөөц, өрийн асуудал бий. Бусад байгууллагуудад ажилчдын цалин хөлс, түлш халаалтын асуудал хэвийн яваа.

-Сургуулийн хувьд ханиад томуу хэр байна. Танайх дотуур байртай юу?

-Манай ерөнхий боловсролын сургууль 720 гаруй хүүхэдтэй, 67 багш ажилчинтай. 2013 онд шинэ сургуультай болсон. Түүний үр дүнд суралцагчдын сурлагын ахиц амжилт сүүлийн жилүүдэд аймагт тогтмол эхний байрт шалгарсан. Дотуур байр суманд шаардлагатай. МСҮТ-ийн дөрвөн давхар дотуур байрны 13 тасагт 67 хүүхэд амьдарч байгаа. Шинэ дотуур байрны асуудлаа зохих шатанд уламжилсан. Ханиад томууны өвчлөл их байна. Гэхдээ ЕБС-ийн хичээлийг хаах хэмжээнд хүрээгүй.

Үргэлжлэл бий.

Б.Туул