Д.Тэрбишдагва: ОУВС-тай хийж байгаа хэлэлцээ ойрын үед шийдэгдэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагваас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Олон улсын валютын сан 13 шаардлага тавьсан гэсэн. Чухам ямар асуудлыг санал болгосон юм бол оо?

-ОУВС-гийнхантай санал солилцоход 13-14 асуудал дээр анхаараач гэсэн. Өчигдөр би тус сангийнхантай уулзсан, уржигдар нь Сангийн яам, Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзсан. Энэ ярилцаж байгаа асуудал бол шаардлага биш юм. Уг нь ОУВС-гийнхнаар заавал хэлүүлээд байхааргүй өөрсдөө ярилцаад залруулаад явчиж болохоор зүйлүүд байсан. ОУВС-гаас тавьсан саналуудын дотроос авууштай зүйл ч байсан. Бид саналыг сонсох ёстой болохоос биш заавал хэлсэн болгоныг хэрэгжүүлнэ гэсэн үг биш. УИХ өөрсдийн асуудлаа шийдээд явна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцлээ. Саналын томъёоллыг хэлэлцэх явцад зарим нэг дэмжих шаардлагагүй санал гарч байсан. Ер нь гадны нэг байгууллагын шаардлагаар Монголын төр явж болохгүй.

-Хэлэлцээ хэр нааштай байна, аль шатандаа явж байна гэж ойлгож болох вэ?

-Бид эдийн засгийн хүнд байдалд байгаа учраас ОУВС-д хандсан. Хэлэлцээ амжилттай үргэлжилж байгаа. Хэрэгжих найдлага байна. Нөгөө талаасаа манай эрх баригчид гадна дотны зээл тусламжийг шүтэн биширч, тэднээс дэмжлэг авснаар бүх асуудлыг шийднэ гэдэг бол буруу хандлага. Гурван сая хүнтэй, 60 сая малтай, газар тариалангаар өөрсдийгөө хангах боломжтой улс орны хувьд өөрсдөө хямралаас гарахыг зорих ёстой. Эхлээд хүндрэлээс гарна гэсэн зорилгоо тавьчихаад дараа нь гадны тусламжийг харах ёстой. 

-Хэдий хэмжээний зээл хүсч байгаа юм бол.  Хугацааны хувьд ямар тохироо хийж байгаа вэ?

-4-5 тэрбум ам.доллар ярьж байгаа юм билээ. Хэлэлцээр ид явж байгаа тул тодорхой мэдээлэл хэлэх боломжгүй байна. Хэлэлцээ ойрын хугацаанд шийдэгдэнэ гэж ОУВС-гийнхан надад хэлсэн.

Б.Туул