С.Сүх-Очир: "Их хотын соёл" нэвтрүүлгээр дамжуулан залуучуудыг эерэг, соёлтой, боловсон байхыг уриална

Нийслэлийн хүн амын 34 хувийг залуус эзэлдэг бөгөөд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад дөрвөн сарыг үдлээ. Монгол Улсын ирээдүйн хөтөч болох залуусын талаар тус газар ямар ажил өрнүүлж буйг сонирхсон юм. Ингээд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой ярилцсанаа хүргэе.

 -Хотын нүүр царай болох залуучуудын хөгжилд анхаарах шинэ байгууллага нийслэлд үүд хаалгаа нээжээ. Залуусд чиглэсэн ямар ажил өрнүүлж буй талаар яриагаа эхлэх үү?

-Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2016 онд Засгийн газрын 08 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А-825 тоот захирамжийн дагуу үүсгэн байгуулагдсан. Өдий хүртэл улсын хэмжээнд залуучуудын хөгжлийн асуудлыг хариуцах төрийн байгууллага байгаагүй.Тиймээс бидэнд маш их хариуцлага ирж байгаа. Зөвхөн нийслэлээр хязгаарлахгүй орон даяар чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөсөн. Эхний ажил маань “Их хотын соёл” хэмээх төслөөр эхэлж байна. Төслийн хүрээнд хотын амьдрал, соёл,  иргэдийн хэвшил дадлыг харуулсан 40 минутын  24 анги бүхий цуврал нэвтрүүлгийг гаргахаар ажиллаж байгаа. Цуврал нэвтрүүлгээр дамжуулан хотын иргэд болон залуусын  хандлагыг өөрчлөхийг зорьсон. 2017 онд нийт 40 гаруй ажлыг хийхээр төлөвлөлөө. Үүнийгээ  12 сард нь хуваарилж хийнэ.  2016 оны 12 дугаар сараас эхлэн Нийслэлээс залуучуудад баримтлах бодлогын  баримт бичгийг боловсруулж байна.  Өөрөөр хэлбэл Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж буй юм. Хөтөлбөрийн гол зорилго нь эерэг хандлагатай бүтээлч сэтгэхүйтэй,  санаачилгатай нийгмийн хариуцлага,  идэвхи оролцоотой соёлч, тусч залуусыг бий болгоход чиглэнэ.

-Залуучуудын хувьд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховорхон. Хэдхэн кино театраар хэмжиж болохоор байгаа. Нийслэлээс залуусын цагийг зөв зохистой өнгөрүүлэх дэд бүтцийн асуудалд хэр анхаарал тавьж байгаа вэ?

- Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед аль болох бага зардлаар ажлаа төлөвлөж төсөвт хэмнэлт хийж байна. Залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх дэд бүтцийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын 2016-2020 хүртэлх хөтөлбөрт тусгасан. Уг хөтөлбөрөөр залуусын цагаа  зөв боловсон өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилт тавьсан юм. Энэ зорилтын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон ТББ, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах юм. Гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд хоёр дүүрэгт залуусын хөгжлийн төгөл байгуулахаар судалгааны ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд залуучуудын хөгжлийн төгөл байгуулахаар мод тарих, өвлийн цагт спортоор хичээллэх таатай  нөхцлийг бүрдүүлэх юм. Мөн манай байгууллага "Залуучуудын төв" байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, хүмүүстэй уулзаж, туршлага солилцох боломжтой болно. Төсвөөс их хэмжээний санхүүжилт гарган барилга байгууламж барихдаа бус байгаа боломжиндоо тулгуурлан ажиллах ёстой. Энэ утгаараа бид залуучуудын хандлага, оюун ухаан, боловсролын чиглэлд тодорхой хөрөнгө оруулалт хийнэ.  2017 онд 5-7 “Хобби клуб” байгуулахаар залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хийсэн зөвлөлдөх уулзалтаар тохирсон. Өөрөөр хэлбэл хард рок, металл рок сонирхдог залуус сонирхлоороо уулзах танхимыг  манай газар нээж буй юм. Сонирхлоороо нэгдсэн залууст манай үүд хаалга нээлттэй.

НИЙТ ХҮН АМЫН 34 ХУВИЙГ ЗАЛУУЧУУД ЭЗЭЛЖ БАЙНА

 

-Та хоёр дүүрэгт төгөл байгуулна гэлээ. Аль дүүрэгт байгуулах вэ. Төгөлийн шийдэл ямар байх бол?

-Одоогоор энэ асуудлыг эцэслээгүй байна. Гадны орнуудад барилга, байгууламж дунд  сагс,  хөл бөмбөгийн талбай, төгөлийг байгуулсан байдаг. Хотоосоо гараагүй ч гэсэн ой дотор байгаа мэт сайхан орчин бүрдүүлсэн нь бий. Ийм цэцэрлэгт хүрээлэнг Монголынхоо орчинд тохируулан хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар судалгааныхаа шатанд явж байна. Төгөл байгуулахдаа залуучуудыг түлхүү оролцуулна.

-Сүүлийн үеийн залуус, хүүхдүүдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг талбар нь  PC тоглоомын газар болж. Үүнээс болж сөрөг үр дагаварууд нийгэмд гарч эхэллээ. Энэ тухайд?

-Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2017 оны төлөвлөгөөнд хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, буруу замд залуучууд уруу татагдахаас  сэргийлэх сургалт, семинарууд хийнэ. Бид ганц PC гэхээсээ илүү хорт зуршилд донтох, улмаар нийгмийн  харилцаанаас хөндийрөхөөс сэргийлэх чиглэлээр хэд, хэдэн ажил өрнүүлэхээр товлоод байна. “PC” тоглодог залуусыг IT чиглэлээрх сонирхлыг нь дагуулан бичил бизнес эрхлэх бололцоог бүрдүүлэхээр  төв дээрээ 10 компьютертэй туслах өрөө гаргаж байгаа. Түүнчлэн тухайн хүн гурван цагаас илүү PC- д тоглохгүй байх нөхцлийг бүрдүүлэх эрхзүйн үндэслэлийг бий болгохоор ажиллаж байна.

-Залуусын дунд хар тамхины асуудал нэлээн газар авчихлаа гэх юм. Хар тамхинд орж байгаа явдлыг хазаарлах боломжийн талаар юу хэлэх вэ?

-Хар тамхины асуудлыг 2017 оны төлөвлөгөөнийхөө “Хорт зуршил” гэсэн бүлэгт оруулсан. Үүнд ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүргүүдийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж, энэ гэмт хэргийн талаарх тоон үзүүлэлтийн судалгааг гаргана. Судалгааг үндэслэн  хар тамхитай тэмцэх бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн чиглэл гаргаж  “Хар тамхитай тэмцэх аян” өрнүүлнэ. “Их хотын соёл” 24 цуврал нэвтрүүлгийн нэг нь хар тамхи хэрэглэж буй шалтгаан, гарах арга замын талаар байх юм. Хар тамхинд залуус яагаад дурлаад байна вэ  гэдгийг сууриар нь  судлах хэрэгтэй. Шийдлийг олохын тулд эхлээд судалгаа сайн хийж дараа нь гаргалгаа гаргах нь чухал.

-1970-аад оны үед хот, хөдөөгийн ялгаа их байсан гэдэг.  Харин одоо нийслэлд хүн амын тал  хувь нь амьдарч байна. Хот хөдөөшчихлөө гэх хүмүүс бий.  Танай хөгжлийн газраас залуучуудын соёлыг дээшлүүлэхэд ямар ажил өрнүүлэх вэ?

-Нэгэнт тогтсон хандлагыг өөрчлөхийн тулд цаг хугацаа шаардана. Олон жилийн хандлагыг засч залруулахын тулд хэвлэл мэдээллийнхэн их  чухал үүрэгтэй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд хотын иргэн гэсэн статусыг тусгасан байдаг. Үүнд хотын иргэний дагаж мөрдөх ариун цэврийн асуудлыг тодорхой тусгасан. Тиймээс хуулийг олон нийтэд таниулах, ухамсарлуулах, тухайн иргэн нийслэлийн соёлд дадах, дасан зохицоход  чиглэсэн нэвтрүүлэг хийнэ.

- Ажилгүй  залуусын судалгааг гаргасан уу. Тэднийг ажил, орлоготой болгоход танай байгууллагын нөлөөлөл хэр байх бол?

-Нийслэлийн Засаг даргын хөтөлбөрт “Нэг өрхийг нэг ажлын байртай болгох” асуудлыг тусгасан. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг судлаад үзэхэд  нэг хэсэг нь ажлын байраа голоод ажилгүй байгаа бол нөгөө хэсэг нь  мэргэжлийн ажлын олдоц муу байна.  Ажлын байрыг нэмэх чиглэлээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр хоёр удаа хөдөлмөрийн яармаг зохион байгуулахаар төлөвлөсөн.  Тухайлбал  ирэх 5 дугаар сард “Ажлын туршлагагүй залуучуудын ажлын байрны яармаг” зохион байгуулах юм. Энэ яармаг нь ажлын туршлагагүй дөнгөж сургууль төгссөн, нарийн мэргэжлээр сургалтын төв дүүргэсэн залууст чиглэнэ. Ихэнх ажлын зар дээр ажлын туршлагыг онцолдог. Тиймээс ажлын байрны туршлагагүй хүнийг дэмжих талаас нь ажиллана. Харин намар “Ажлын туршлагатай залуучуудын ажлын байрны яармаг” болон гадаадад төгссөн залуучуудын дунд яармаг зохион байгуулна. Мөн ЕБС-ийн ахлах ангийнханд мэргэжил сонгох чиглэлээр зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. Тэдэнд заавал их, дээд сургууль төгсөх ёстой юу гэдэгт зөв ойлголт өгнө. Өнөөдөр нийслэлд 205 мянган оюутан их дээд сургуульд сурч байна. Оюутнууд маань төгсөөд ажил олдохгүй, дипломын гол болсноос нарийн мэргэжил эзэмшиж гадныханд орон зай өгөхгүй өөрсдөө ажиллах ёстой. Түүнчлэн  залуучууд  шинэ  бүтээгдэхүүн гарган зах зээлд нэвтрүүлэхэд нь бид дэмжиж ажиллана.

-Залуучуудын тодорхой хувийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байгаа. Тэдэнд чиглэсэн ямар ажил хийх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд зөвхөн гар урлал гэхгүйгээр  оюуны хөдөлмөр эрхлүүлэх талаар дэмжлэг үзүүлнэ. Хөдөлмөрийн тухай хуулинд  25-аас дээш ажилтантай төрийн болон хувийн хэвшлийн байгууллага заавал хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажиллуулах хуулийн зохицуулалт бий. Тэр хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд  нийслэлийн төрийн агентлагууд, ЗДТГ-т уриалга гаргаж байгаа.

 -Залуучуудын байгууллага маань “Сошиал ертөнц”-ийг хэр ашиглах вэ?

-Манай улсад идэвхтэй “facebook” хэрэглэдэг 700 мянган хүн бий. Тиймээс бид хийх ажлаа сошиалаар дамжуулна. Мөн асуудлыг эерэгээр шийдэх уриалгыг цахимаар түгээх юм. Мөн цахим ертөнцийг соёлтой ашиглах талаар нэвтрүүлэг хийнэ. Түүнчлэн Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран цахим ертөнцөд хэрхэн зөв мэдээлэл түгээх талаар сургалт явуулахаар зэхэж байна. 

-Залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Манай байгууллага та бүхэнд нээлттэй. Асуудал гарвал  санал хүсэлтийг тань бид  хүлээн авахад бэлэн. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Тэгэхээр залуучууд маань өөрсдөө идэвхи зүтгэл гарган бүгдээрээ эерэг байж, энэ хотынхоо эзэн нь болж гэр орон минь гэсэн ойлголтоор хандаасай гэж хүсэх байна.

Б.Заяа

Гэрэл зургийг Н.Батбаяр