Я.Ариунболд: БНХАУ-ын иргэд манай улсад визтэй зорчиж байгаа

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал сүүлийн үед ихээхэн яригдаж байна. Бас багагүй маргаан дагуулж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-2005 онд тухайн үеийн Зам тээвэр, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Аялал жуулчлалын хороотой хамтарсан санамж бичиг байгуулж, түүгээрээ бүлэг жуулчдыг хүлээж авахаар тохиролцсон. Гэхдээ хэрэгжилт нь 2008 оноос эхэлсэн байдаг.  Жуулчдыг бүлгээр авахад хоёр давуу талтай. Нэгдүгээрт виз олголтод дээр түргэн шуурхай ажиллах боломжтой. Хоёрдугаарт жуулчид бүлгээр орж ирсэн шигээ бүлгээрээ гарч явдаг тул хяналт тавихад хялбар байдаг. Энэ асуудал сүүлийн үед саарсан тул идэвхжүүлэх тухайд л яригдаж байгаа юм.

Үүний зэрэгцээ хил орчмын аялал жуулчлал гэж байдаг. Одоогоор манай улсын урд талын аймгууд хөрш залгаа бүстэйгээ Аялал жуулчлалын санамж бичиг байгуулаад ажил хэрэг болгоод явж байна. Үүнийг албажуулаад хил орчмын үнэмлэхээр манай улсын хилийн аймгуудад БНХАУ-ын иргэд жуулчлах асуудлыг хэлэлцээр байгуулах журмаар шийдье гэж ярилцаж байна.

1989 онд Бээжин хотноо байгуулсан визний хэлэлцээрээр бол БНХАУ-ын иргэд манай улсад визтэй зорчдог нь хэвээр мөрдөгдөж байгаа. Харин тэрхүү хэлэлцээрт бичиг баримтны төрөл заагдаагүй. Тиймээс тэр орхигдуулсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хил орчмын 100 км дэх газар нутагт зорчдог байхаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

-Манай улс визний тал дээр хэр өндөр шалгууртай орны тоонд ордог вэ?

-Манай улс хамгийн хөнгөн шалгууртай орны тоонд орно.

-Саяхан Канад болон Солонгос улсад манай улсын тус бүр нэг иргэн нас барлаа. Яам эдгээрт хэрхэн ажиллав?

-Нэгдүгээрт нас барсан иргэдийн асуудлыг хүмүүнлэгийн үүднээс, мөн ёс суртахууны улмаас нийтэд тараахгүй байгаа. Энэ оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гадаадын 10 улсад манай 13 иргэн нас барсан бөгөөд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Хоёрдугаар сарын 10-ны орой хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллаж байсан манай улсын хоёр иргэн хоорондоо муудалцаж, нэгнийхээ амь насыг хохироосон байсан. Уг хэргийг тус улсын цагдаагийн байгууллага маргааш нь илрүүлж, хорьж цагдсан.

Мөн Канад Улсад нэгдүгээр сарын 23-нд манай улсын иргэн толгойдоо буудуулж нас барсан хэрэг гарсан.  Албан түвшинд бүхий арга хэмжээг авч ажиллаж байна.

Б.Туул