Н.Энхболд: УИХ Цэцэд очих хэмжээний хууль батлахгүй байх нь чухал

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой  уулзаж, намрын чуулганы үр дүн, чуулганы хугацаанд иргэдээс гарсан шүүмжлэлтэй асуудлаар ярилцлаа. 

-УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө. Та гол байнгын хороог ахалж байгаагийн хувьд энэ удаагийн чуулганыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Аливаа чуулган эхлэхийн өмнө хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталдаг. УИХ энэ удаагийн чуулганаар төлөвлөсөн ажлуудаа хийж дуусгасан гэж дүгнэж байна. Ганц нэг асуудлууд буцсан. Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуулийг тусдаа хуулиар зохион байгуулья гэсэн асуудал оруулсан боловч буцчихлаа. Ерөнхийлөгчийн сонгууль өмнө баталсан хуулиар явна. Гэхдээ бие даасан хуультай болох асуудлыг хаврын чуулганаар эргэж хөндөх нь зүйтэй юм.

Саяны чуулганаар МАН-ын хөтөлбөрт туссан нийгмийн хамгааллын чиглэлээрх хуулиудыг баталлаа. Жижиг дунд бизнес эрхлэгчийн татварыг буурууллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал дээр УИХ байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь улсынх байх нь зохимжтой биш. 49 хувиас аль болох олон хүн, аж ахуй нэгж ашиг хүртдэг байх зохион байгуулалтад шилжих ёстой гэсэн байр суурьтай байна. Цаашдаа ч ийм байдлаар асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. 

-Хаврын чуулганаар эмнэлгийг эрүүлжүүлэхээс салгаад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Энэ хуулийг Засгийн газар, УИХ-ын гишүүд  давхардуулан өргөн барьсан л даа?

-Өмнөх парламентын үед ч ийм тохиолдол гарч байсан. УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэх эрхтэй Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар гэсэн гурван субьект байдаг. Гурвуулаа тусдаа байгууллага учир заримдаа агуулга ойролцоо хууль өргөн барьдаг. Цаашдаа ч барих байх. Наад хуулийг чинь Засгийн газар өргөн барьсан, нөгөө хоёр нь ийм хууль өргөн барьж болохгүй гэх зүйлгүй. Ижил төстэй хууль байвал тэдгээрийг хамтатгаад хэлцэж болно.

Хамгийн сүүлд Ерөнхийлөгчөөс Төрийн албан хаагчийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Гэтэл УИХ-ын гишүүдийн зүгээс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирсэн. Эдгээр төслийг гүйлгээд харахад эцсийн зорилго нь адилхан буюу төрийн албыг улс төрөөс ангид мерит зарчимд тулгуурласан институтууд байх ёстой гэсэн агуулга тусгасан байсан. Ойролцоо зорилготой учир байнгын хороо хамтатгаад хэлэлцээд явна гэж бодож байна. Ийм боломж хуулиар байгаа. Хууль болгонд ийм асуудал гараад байвал бас хэцүү, гэхдээ шийдвэрлэх боломж бий.

-Зарим хуулийг хэлцэх явцад 100 гаруй зарчмын зөрүүтэй санал гардаг. Ихэнх тохиолдолд найруулгын санал нь голлодог. Хуулийн боловсруулалт тааруу байгаад байна уу?

-Хуулийн боловсруулалтад дутуу хандаж байна. Нөгөөтэйгүүр тухайн  хуулийн төслийг хэлэлцэх явцад анхны зорилго агуулгыг  нь зөрчөөгүй, гэхдээ засмаар асуудлууд байнга гардаг. Тэгэхээр хууль өргөн барих гэж байгаа бол өмнө гарсан хуулиудаа сайн судлах хэрэгтэй. Хууль бичдэг техникт сайн суралцвал найруулгын алдаа багасна. Ялангуяа найруулгын чанартай санал олон байгаад УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч сайн анхаарч ажиллах ёстой.

-Хууль боловсруулахад ар талд ажиллах судалгааны баг, хүн хүч дутагдаад байна уу. Оны эхнээс хэрэгжиж буй Хууль тогтоомжийн тухай хуульд дээрх асуудал хэрхэн туссан бэ?

-Хууль тогтоомжийн тухай хууль нь аливаа хуулийг яаруу түүхий өргөн барихаас сэргийлсэн хууль юм. Өмнөх хуультайгаа нийцтэй байх, хамгийн гол нь гарах гэж байгаа хууль маань нийгэмд хүлээлт үүссэн асуудлыг зохицуулж чадах уу гэдгийг урьдчилан харж, өмнө нь сургалт судалгаа, уулзалт хэлэлцүүлэг явуулдаг байхыг тодотгосон байх учиртай. Хальт харахад хүнд суртал ихтэй юм шиг боловч нөгөө талаасаа бол чанартай хууль гарахад чиглэсэн агуулгатай хууль болсон. Түүнчлэн Нийтийн сонсголын тухай хууль гэж хууль гарсан. Сая бас Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэж гарлаа. Чамбай хууль гаргахын тулд УИХ хуулиудаараа асуудлыг албажуулсан байгаа.

-Чуулган тарахын өмнө зарим гишүүн бусдын кнопыг дарсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Гишүүдийн өөрийнх нь хурууны хээгээр кнопыг нь таниулдаг байж болохгүй юу?

-Улс орнуудад янз янзын практик байдаг юм билээ. Тухайлбал, намын бүлэг дээрээ байр суурь нэгтгэсэн бол бүлгийн бүх гишүүд орж ирж кноп дарахгүй байж болдог. Өнөөдөр манай хуулинд бусдын кнопыг дарах нь хориотой. Таны хэлсэн шиг хурууны хээгээр таниулдаг зохицуулалт байж болохыг үгүйсгэхгүй.

-Сонгуулиар Ардын нам 65 суудал авсан. Иргэд олонх бүрдсэнээр улс оронд огцом өөрчлөлт авчирна гэж итгэсэн. Гэтэл өнөөдөр хуралдаа суудаггүй гишүүн олон байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Хуралдаа олон удаа суугаагүй гишүүнд тооцох хариуцлага гэж бий юу?

-Ажилдаа хариуцлагатай хандана, та бүгдийг төлөөлнө гэж УИХ-д сонгогдчихоод хуралд суухгүй байж болохгүй. Энэ бол цэвэр хувь хүний хариуцлагын асуудал. Хурал тасалсаны төлөө эргүүлэн татдаг парламент бол олон улсын жишигт ховор. Тэрхүү жишгээс харахад хурал тасалсан бол цалингаас нь суутгадаг, олон нийтэд ирцийг нь байнга мэдээлдэг гэх мэт зохицуулалтууд бий. Ер нь УИХ-аас хөөгдөтлөө хурлаа тасална гэдэг бол байж боломгүй зүйл.

-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг Ерөнхийлөгч хоёр ч удаа өргөн барьлаа. Сүүлийн өргөн барьсан хууль хаврын чуулган руу шилжсэн. Төрийн албаны тогтвортой байдлыг хадгалсан байдлаар хэрхэн ямар тохиолдолд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татаж болох вэ?

-Гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ нотлогдоод шүүхээр шийтгэгдсэн бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах ганц заалт өнөөгийн хуулинд бий. Өөр бусад шалтгаанаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг олон жил ярьж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар бол тухайн тойргийн сонгогчдын 15 хувь нь гишүүнийг эргүүлэн татна гэж оруулж ирсэн байсан. Гэтэл өнөөдөр нэг тойрогт олон хүн өрсөлддөг болсон. Мөн 60-иас дээш хувийн санал авч тойргоосоо гарч ирэх нь цөөрсөн. Үзэл бодол хуваагдсан ийм үед ялагдал хүлээсэн 49 хувиас зохион байгуулалттайгаар гишүүнийг татна гэвэл учир дутагдалтай. Тэр бүрд сонгууль явуулна. Төр тогтворгүй болох нөхцөл үүснэ. Монголын төр аль болох тогтвортой байх ёстой. Тогтворгүй байсныхаа горыг хангалттай амслаа. Засгийн газар тогтворгүй байхад юу болж өнгөрч байсныг иргэд мэдэж байгаа. Дээр нь УИХ тогтворгүй байх тогтолцоог бүрдүүлвэл монголын төр дампуурах чиг рүү орно. Иймээс УИХ-ын гишүүдийг хариуцлагатай байлгахад чиглэсэн бусад арга замыг өмнө нь бодох хэрэгтэй.

-Өмнөх парламентын үед цөөнгүй хууль цэц дээр очиж байсан. Саяны парламентын үед хууль цэцэд хүрсэн тохиолдол харьцангуй гайгүй байлаа. Хууль олширсноос нэг нь нөгөөтэйгээ уялдахгүй байна уу эсвэл хууль санаачлагч нар хуулин дээрээ ажиллахгүй байна уу. Цэц дээр очих нь хэр зөв бэ?

-Болж өгвөл Үндсэн хуулийн цэцэд очихгүй байх хэрэгтэй. Цэц дээр очно гэдэг маань тухайн хууль Үндсэн хуультай зөрчилдсөн гэсэн үг. Тэр тусмаа УИХ-ын шийдвэрийг цэц Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэлт гаргаж байна гэдэг бол УИХ буруу ажиллаж байгаа хэрэг. Цэцийн сайн муугийн тухайд бол энэ тусдаа асуудал.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд маш олон асуудал цэц дээр очиж, Үндсэн хууль зөрчсөн байна гэж буруутгагдсан. Өнөөдөр бидний сонгож авсан ардчиллын зарчим бол хуулиа дээдлэх явдал. Хууль хамаагүй гээд муйхарлаад байхаар цэцэд очилгүй яахав. Цэц түүнийг нь буцаалгүй яахав. Бидний зорилго бол цэцэд очих хэмжээний хууль батлахгүй байхын төлөө ажиллах явдал юм.

-Энэ бүх яриа маань дэгтэй холбогдож байна л даа. Та дэгийн тухай хуулинд өөрчлөлт орох шаардлагатай гэж үзэж байна уу?

-Дэгт зарим нэмэлт өөрчлөлт оруулна гэж төлөвлөж байгаа. Энэ асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Бүхэлдээ өөрчлөлт орохгүй. Гэхдээ түрүүний ярьсан хурал тасалдаггүй байх, үр бүтээлтэй хуралддаг байх зэрэг асуудлууд дээр өөрчлөлт орох болно.

Б.Туул