Д.Чойжамц: Алтан унжлагат тахиа жилд улс орны хувьд сайхан жил гарах төлөвтэй байна

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сүсэгтэн олондоо XVII жарны “Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, “Өнгөрч буй гал бичин жилд тэнгэр хайрхан биднийг ивээж, зуд турхан багатай, шашин төрийн хувьд амжилт бүтээлтэй сайхан жил байлаа. Ирэх гал тахиа жил монголчуудад сайхан зүйл авчирсан, сайхан жил гарна хэмээн бэлгэшээж байна.

Уламжлалт цагаан сарын баяраар монголчууд аав ээж, өтгөс буурал, төрөл төрөгсөдтэйгээ учран золгож энх мэнд, элбэг сайхны бэлэг ерөөлийг бүрдүүлдэг учиртай. Хүн бүр энэ сайхан баяраараа бие, хэл, сэтгэлээ тэгшитгэх буюу амар мэндийг зөв эрэлцэн бэлэгтэй сайхан үгсийг хөөрөлдөж гадаад төрх байдал, явдал мөрөө засаж, уур шунал, атаа хорсол зэрэг муу сэтгэлийг дотроо үл агуулан өнгөрүүлэхийг эрхэмлэн хичээгээрэй.

Дорно дахины Азийн улс орнууд бурхан шүтээн болон нэг нэгнээ хүндэтгэн дээдэлж таван зүйлийн өргөл тахил буюу сайхан дүрс, сайхан дуу, сайхан үнэр, сайхан амт, сайхан хүртэхүйг өргөдөг уламжлал бий.  Үүний дагуу монголчууд цагаан сарын баяраараа гэр орноо цэмцийлгэж, шинэ гоё хувцсаа өмсөж, сонсголонтой сайхан үгийг хэлэлцэж, арц хүж тэргүүтэн анхилам үнэртнээ уугиулж, амтат идээ будаагааа дайлж, хамгийн зөөлөн хүртэхүйн дээд болсон хадгаа солилцон баярлаж шинэлэн өнгөрөөдөг заншилтай. Монголчууд бид бусдад номын өглөг асралын өглөг, эдийн өглөг зэргийг өгч баярлуулан  буянаа хураадаг.

Бид оюуны тусгаар тогтнолын илэрхийлэл болсон уламжлалт ёс заншлаа хадгалан, эцэг өвгөдөөсөө өвлөн авч үеийн үед энх тунх оршин буй байгаль дэлхийгээ хайрлаж, үндэсний шашин соёлоо эрхэмлэн дээдэлж явах учиртай.

Монголын ард түмэн сүсэгтэн олон та бүхэндээ урт насалж, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье” гэв.

Мөн тэрбээр ирэх тахиа жилийн ерөнхий төлөв, өнгө, ноён нуруу ямар байх талаар, “Хүн төрөлхтөн хүний бие махбодь, орчлон ертөнцийн хоорондын харилцан холбоо, шүтэн барилдлагыг тооцон үзсэний үндсэн дээр хүний амьдралын магадлалыг гаргадаг. Энэхүү зурхайн хэмнэлээр сайхан жил гарах нь. Төрсөн жилээрээ хүн бүрийн төөрөг адилгүй боловч улс орны хэмжээнд ерөнхийдөө сайхан байх төлөвтэй байна. Жилийн эхээр салхи ихтэй, нийт хүн амын дунд галын аюулаас болгоомжлох учир тохиолын зураг гарсан. Засаг төр удирдаж буй тэргүүнүүд анхаарал болгоомжтой, ард түмний үгийг сонсч байх хэрэгтэй. Ард түмэн нийт олны байдал сайн. Амьдрал ахуйд өөрчлөлт дэвшил гарах боловч түүнийгээ голж, сэтгэл ханамж дутуу байх, чамлах байдалтай. Тиймээс энэ бүхнийг бодож сэтгэж ажил хөдөлмөр, аливаа зүйлд хандах хандлагадаа анхаарч явбал ер алзахгүй” хэмээн айлдав.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал