Ц.Мөнх-Оргил: Монгол Улс, БНХАУ-ын харилцаа бүрэн хэвийн байдалд шилжсэн

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос ОХУ-д хийсэн айлчлалын үр дүн, БНХАУ-д хийх гэж буй айлчлалынх нь талаар тодрууллаа.

-Та Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д айлчлаад ирлээ. Айлчлалын хамгийн гол үр дүнг юу гэж харж байна вэ?

-Бид Засгийн газраас баталж өгсөн удирдамжтай явсан. Удирдамжаа бүрэн биелүүлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл, Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрүүд, байгууллага хооронд байгуулах 10 гаруй хэлэлцээр зэрэг нэлээн шаргуу яриа хэлэлцээрүүдийг амжилттай хийлээ.

ОХУ-аас авахаар манай улсаас санал болгож буй 100 миллярьд рублийн хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хөндөж ярьлаа. ОХУ-аас Монгол Улсад Хөгжлийн банкаар дамжуулж өгч байгаа ОХУ-аас нефть бүтээгдэхүүн худалдаж авах 300 сая ам.долларын зээлийн хүүгийн асуудлыг ярилцаж, тодорхой түвшний ойлголцолд хүрлээ. ОХУ-ын талаас бидэнтэй ярихаар санал болгож байсан олон асуудлыг тал талаасаа ярилцлаа. Бүхэлдээ бидний улстөрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн байна. Үүнийгээ худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулья гэж тохиролцсон.  

ОХУ-аас авахаар ярьж буй 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг Оросын тал үргэлжлүүлж судлахаа илэрхийлсэн. Гэхдээ энэхүү зээлийг Монголын дэд бүтэц, эрчим хүч, төмөр замын салбарт оруулахаар талууд тохиролцсон. Айлчлалын хүрээнд "Эгийн гол"-ын усан цахилгаан станцын асуудлыг мөн ярьлаа. Уг асуудалд өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн. Ингээд хоёр талаас судлаачдын баг гаргаж, асуудлыг үргэлжлүүлж ярья. Энэ ондоо багтаагаад ямар нэг эдийн засгийн үндэслэлгүй, улс төрийн нөлөө оруулалгүйгээр зөвхөн байгаль орчин, экологийн талаарх эрдэмтдийн саналыг нэгтгэе гэдэг дээр саналаа нэгтгэлээ.

-ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд таныг "Ростех" компанийн захирал хүлээж авсангүй гэсэн яриа гарсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ? 

-Тийм юм огт болоогүй. Албан ёсны уулзалтын дараа цай, зоог барих үед Оросууд "Монголчууд монголынхоо хуулийн дагуу асуудлаа шийдэж байгаа юм байна гэж ойлгож байгаа зөв үү" гэж лавлаж байсан. "Та нар зөв ойлгосон байна" гэсэн. Ердөө ийм яриа болсон. 

-Та одоо БНХАУ-д айлчлах гэж байна. Эдийн засагтай холбоотой ямар асуудлыг ярьж тохиролцох гэж байна вэ?

-Энэ сарын 20-21-ний өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар улстөрийн асуудлуудыг голчлон ярина.

Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрүүд яригдана. Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, бусад холбогдох албаны хүмүүстэй уулзана.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны тохиролцоонуудыг ажил хэрэг болгох зэрэг асуудлаар санал солилцоно. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна. 

Миний айлчлалын дараа парламентын төлөөлөгчид тус улсад айлчилна. Ирэх сард Шадар сайд У.Хүрэлсүхийн ахалсан ажлын хэсэг очиж, хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Улмаар тавдугаар сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсад айлчилна. Бид тэрхүү айлчлалын өмнө бүх асуудлуудыг зангидаж дуусгах ёстой.

-Тэгэхээр урд хөршөөс хүсч буй зээл тусламжийн асуудал Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр яригдана гэж ойлгох уу?

-Бүх асуудал ОУВС-тай хийж байгаа хэлэлцээртэй уялдаж яригдана. ОУВС-тай тохиролцоонд хүрчих юм бол тохиролцооны хүрээнд БНХАУ-аас зээл тусламж авах болно. 

-Хятад улсын иргэд визгүй зорчих нь гэсэн асуудал олон нийтийн сүлжээгээр нэлээдгүй яригдсан. Та албан ёсны хариу өгөх үү?

-Монгол Улс, БНХАУ-ын хооронд иргэд харилцан зорчих тухай албан ёсны Засгийн газар хоорондын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт орох тухай асуудал яригдаагүй. Албан ёсоор хариуцлагатай хэлж байна.

Хэлэлцээрт ямар нэг өөрчлөлт оруулах асуудал байхгүй. Өнөөдөр БНХАУ-ын иргэд Монгол Улсад визтэй зорчиж байгаа. Монголын иргэд БНХАУ руу визгүй зорчиж байгаа. Хятадын талаас асуудал тавиагүй, бидний талаас асуудал тавиагүй.

-БНХАУ руу хийх айлчлалууд хэвийн үргэлжлэх нь гэж ойлголоо. Тэгэхээр урд хөрштэйгээ үүссэн үл ойлголцол арилсан гэсэн үг үү?

-Энэ айлчлалыг хийснээр хоёр улсын харилцаа бүрэн хэвийн байдалд шилжиж байна. Хоёр улсын Засгийн газар, яамд хоорондын яриа хэлэлцээр хэвийн үргэлжлээд явна.

Б.Туул