Э.Гэрэлт-Од: Монголын улс төрд гуравдагч хүчний орон зай хаалттай байна

МУБИС-ийн багш, улс төр судлаач Э.Гэрэлт-Одоос улстөрийн намуудын хөгжил, цаашдын хандлага, тэдэнд үзүүлж буй иргэдийн итгэл ямар түвшинд байгаа талаар ярилцлаа.

-Улстөрийн нам гэх ойлголтыг хэрхэн тодорхойлдог вэ. Нам гэх тодорхойлолтыг шинээр авч үзэх цаг нь болсон уу?

-Засгийн эрхийг авахаар нэгдсэн бүлэг хүмүүс гэсэн 200 жилийн өмнөх сонгодог тодорхойлолтоор намуудыг ойлгоод байна. Гэтэл нам гэдэг байгууллага өнөөдөр нийгмийн хөгжлийн явц, хандлагыг дагаад ихээхэн өөрчлөгдөж байна.

Өнөөдөр олон тооны бүлэглэлүүдээс бодлого тодорхойлдог, улс орныг удирддаг, дотоод ардчилалтай, хариуцлагатай институци буюу намыг яаж ялгах вэ гэсэн асуудал хөндөгддөг болсон.

Нөгөө талдаа улстөрийн нам гэдэг бол олон нийтийн байгууллага. Өөрөөр хэлбэл, иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, өөрсдөө дүрмээ батлаад, өөрсдөө хэрэгжилтийг нь хангадаг байгууллага. Намын тухай судлаачид янз бүрээр тодорхойлох нь бий. Тиймээс нам хэмээх тодорхойлолтыг цэгцлэх шаардлагатай. Ер нь бол улстөрийн нам нь улс орны хөгжлийг тодорхойлдог, бодлого боловсруулдаг, олон нийтээс мандат авч өрсөлдөж парламентад суудал авахыг эрмэлздэг тодорхой бүлэг хүмүүсийн нэгдэл гэж ойлгох хэрэгтэй.

-Дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам бий. Гэтэл өнөөдөр хоёр нам улс орны хэмжээний асуудлыг шийдэж байна. Олон намтай гэж үзэх үү, олон намын тогтолцоотой гэж үзэх үү?

-Манай улс олон намтай болсон. Олон намтай гэдэг нь олон намын тогтолцоотой гэсэн үг биш. Зарим судлаачид хоёр намын системтэй гэж үздэг. Миний хувьд шууд хоёр намын системтэй гэж дүгнэдэггүй.

-Намууд хэр бэхжиж байна вэ. Тэр дундаа хоёр гол намын хувьд хэр бэхжсэн гэж үздэг вэ?

-Сонгуулийн можаритор тогтолцоог сонгож байгаа тохиолдолд хоёр нам л гарна.

Пропоцианаль тогтолцоог оруулсан холимог болон 100 хувь пропоцианаль тогтолцоо нь хоёр намын системийн задалж өгдөг. Тиймээс парламентад аль болох олон намын төлөөлөлтэй болох, улстөрийн намууд бодлогын нам болохын тулд пропоцианаль тогтолцоог сонгох хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд можаритор тогтолцоог голчлон хэрэглэж байгаа учраас улстөрийн намын тогтолцоо нь нэг нам давамгайлсан-хүчтэй өрсөлдөгч намтай, мөн олон жижиг намтай юм шиг харагдуулдаг болсон. Нэг нам давамгайлж байна гэдэг нь өнөөгийн эрх барьж буй намыг хэлж байна. Түүнтэй хүчтэй өрсөлдөгч нам гэдэг нь Ардчилсан нам юм. Тус нам нь тодорхой хэмжээний сонгогчдын дэмжлэгийг авдаг. Тогтолцооноосоо хамаарч парламентад орж ирэх төлөөлөл нь нэмэгддэг. Бусад намуудын хувьд улстөрийн намуудын цонх нээгддэг, бас хаагддаг. Улстөрийн намуудын хувьд тоглоомын дүрэм гэж бий. Тоглоомын дүрэм гэдэг нь сонгуулийн хуулиа хэлж байгаа юм. Сонгуулийн хуулиа хэр тогтвортой хадгалж байх вэ гэдгээс их зүйл хамаарна. Гэтэл манай улс хуулиа сонгууль бүрийн өмнө өөрчилж байна. Энэ нь улстөрийн тогтворгүй байдлыг үүсгэж байна. Ийм байдал үргэлжилсээр байвал засаглалын түвшинд байгаа алдаа дутагдал арилахгүй.

-Сонгуультай холбоотой хүндрэлүүдийг тойрч ярьлаа. Намуудын төлөвшлийг нэмэгдүүлэхийн тулд өөр ямар асуудал дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Улстөрийн намуудтай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбож өгөх хэрэгтэй. Намуудын эрх үүргийг тодорхой зааж өгөх ёстой. Өнөөгийн нөхцөлд намууд ямар ч хяналтгүй улстөрийн байгууллага болж хувирчихаад байна. Тиймээс намд иргэд сонгогчид итгэхгүй байна. Эхний ээлжинд Улстөрийн намуудын тухай хуулийг шинэчлэхээс ажлаа эхлэх хэрэгтэй. Дээр нь улстөрийн намуудад төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт олгох замаар намуудын дотоод ардчиллыг нэмэгдүүлэх ёстой. Хэрэв тухайн нам дотоод ардчилалгүй, гишүүдээ үйл ажиллагаандаа оролцуулдаггүй бол санхүүжилт нь зогсдог байх ёстой. Ингэснээр улстөрийн намуудыг хяналттай болгох нөхцөл бүрдэнэ.

-Та түрүүнд ярихдаа иргэд намд итгэл үзүүлэхээ больж байна гэж ярьлаа. Энэ тал дээр хийсэн судалгаа байдаг уу?

-“Сант марал” судалгааны төвөөс хийсэн 2014-2016 оны дараалсан судалгааны дүнгээс харахад сонгогчдын 70 орчим хувь нь улстөрийн намуудад итгэл үзүүлэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Ер нь сонгуулийн үеийн судалгаанаас илүү сонгуулийн бус үед авсан асуулга илүү бодитой байдаг.

-Монголын улстөрд шинэ хүчний орон зай бий юу?

-Ямар нам байх вэ гэдгээс шалтгаална байх. Хоёрдугаарт хэн тухайн намын лидер байх вэ гэдгээс шалтгаалж таарна. Гэхдээ өнөөдрийн хувьд гуравдагч хүчний орон зай хаалттай гэж хэлж болно. Орон зай гэдгийгээ сонгуульд ялалт байгуулж парламентад суудал авч чадах эсэхтэй холбож тайлбарлаж байна. Түүнээс нам байгуулах, эвлэлдэн нэгдэх асуудал бол манай улсад чөлөөтэй.

-Намд итгэх итгэл буурсаар байвал хэтдээ улстөрийн намуудын үүргийг иргэний нийгмийн байгууллагынхан гүйцэтгэх цаг ирэх болов уу?

-Намуудын хүлээн зөвшөөрөгдөх байдал буурч, улмаар олон нийтийн дэмжлэг авч чадахаа байсан тохиолдолд иргэний нийгмийн орон зай үүсч, парламентдаа суудал авч байгаа жишээ олон улсад гарч байна.

Ийм чиглэл рүү явах эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ намуудад итгэхгүй байгаа хандлага үргэлжилсээр байвал ийм орон зай үүсэхийг үгүйсгэхгүй.

Б.Туул

Т.Чимгээ