С.Энхбаяр: Дэлхийн өнцөг буланд амжилттай яваа чадварлаг эмэгтэйчүүдийн VIP чуулган болно

Дэлхийн Монгол Эмэгтэйчүүдийн Хоёрдугаар Чуулга Уулзалт “Монгол Улсын хөгжлийн гарцыг хамтдаа гаргацгаая!” зорилгын дор 2017 оны Гуравдугаар сарын 1-5 ны хооронд Чикаго хотод болохоор бэлтгэл ажлаа базааж байна хэмээн Чикаго  хотоос сэтгүүлч Д.Уранзул мэдээллээ.

Тус чуулган нь Эрдэм-Хөгжил-Дэвшил уриан дор гурван өдөр үргэлжлэх бөгөөд “Эрдэм” өдрийн илтгэгчид л гэхэд оюуны болон боловсролын чиглэлээр амжилттай яваа бүсгүйчүүдийн илтгэл байх юм. Чуулганы төгсгөлд “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийг Чикаго хотын Монголчуудтай хамтран тэмдэглэнэ.  

АНУ- д ажиллаж амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн санаачлагаар 2011 онд Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн сан /МЭХС/-г байгуулжээ.

Тус сан нь  эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурийг дээшлүүлэн, мэдлэг чадварыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бий болгоход туслах, эмэгтэйчүүдийг амжилтад хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхэд төрөл бүрийн үйл ажиллагаагаа чиглүүдэг байна.

МЭХС-гаас санаачлан “Эмэгтэй таны хөгжил” чуулга уулзалтыг 2012 онд Чикаго хотод, 2013 онд Вашингтонд, 2014 онд Санфранциско, 2015 онд Денверт зохион байгуулснаар АНУ дахь Монголчуудын топ арга хэмжээний нэг болж чаджээ.   

Дэлхийн Монгол Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар зохион байгуулагч Н.Энхбаяраас тодруулсан юм.

-Чуулганы бэлтгэл ажил хэрхэн өрнөж байна?

-Чуулганы бэлтгэл ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн гэхэд болно. Нэгдүгээрт төсөл, төлөвлөгөө, төсөв боловсруулах. Өмнөх чуулгануудаас хуримтлуулсан туршлага, алдаа, ололтдоо дүгнэлт хийж боловсруулсан. Хоёрдугаарт чуулганы төлөөлөгчийг судлах.

Энэ ажлыг Монгол дахь салбартайгаа хамтарч хийсэн.Илтгэл тавих бүсгүйчүүдийнхээ боловсрол, мэдлэг, мэргэжил, эрхэлж буй ажил, нийгэмд эзэлж буй байр суурь, эх орноо хөгжүүлэх хүсэл, зорилгыг нь судалж, холбоо тогтоож, харилцан ойлголцолд хүрсэн 15 бүсгүй  илтгэгч оролцох бол урилгаар  40-өөд эмэгтэй төлөөлөгч ирнэ.

-Чуулганыхаа  бүрэлдэхүүнийг танилцуулна уу?

-Чуулганд Канад, Солонгос, Герман, Шинэ Зеланд, Францаас,  мөн Монголоос Улаанбаатар хот төдийгүй, Дархан хот, Ховд, Говь-Алтай аймгаас,  АНУ-аас Чикаго, Техас, Нью-Иорк, Санфранциско, Вашингтон ДС, Денвер, Лос Анжиллес, Миносотагаас  төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, сайн дурынхан оролцоно. Мэдээлийн спонсороор МОНЦАМЭ агентлаг, UBS ТВ болон АНУ дахь UMON ТВ ажиллаж байна.

-Чуулганы илтгэгчээр оролцож буй  бүсгүйчүүдээ танилцуулбал?

-Манай чуулганы илтгэгч нараас дурдвал "Grainger", "Large Customer Brand Pricing"-ийн Ахлах Үнийн Шинжээч, Самбуугийн Ундрам, Миззури мужид Коламбиа Коллежид багшилдаг доктор Я.Борчулуун,  АНУ-ын ENGIE (GDF SUEZ)- корпорацийн санхүү бүртгэлийн хэлтсийн дарга, АНУ-ын мэргэшсэн нягтлан бодогч цолыг авсан анхны Монгол бүсгүй Г.Даваажаргал, АНУ-д Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг Сахиулах Ажиллагааны Газрын Ажиллагааны Удирдлагын Хэлтсийн Ахлах Мэргэжилтэн, Энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа анхны Монгол эмэгтэй дэд хурандаа Г.Болор, Холбооны Нэгдсэн Герман Улсын Людвиг- Максимилианс Их Сургуулийн Зүүн Өмнөд Азийн Институтын Орчин цагийн монгол хэлний багш, доцент, Герман судлал хэл шинжлэлийн мэргэжилтэн Нямцэрэн Хүбэр, Харвардын Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж болох Монголын Эрүүл мэндийн Үүсгэл (MHI) байгууллагад хэвлэлийн төлөөлөгч Ц.Энхжаргал, Биоинфарматик судлалын доктор, Department of Pharmacology, Feinberg School of Medicine, Northwestern University -д судлаач Д.Нүрмаа, Удирдлагын Академийн менежмэнтийн тэнхимийн багш,  докторР.Бадралмаа, Үндэсний Стратегийн Хүрээлэн ТББ-ын гүйцэтгэх захирал, мөн ГОУХАН-ийн Эрчим хүчний үр ашиг төсөлд Төрийн санхүүгийн менежментийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Б. Мөнхсоёл, Мэдээлэл, харилцаа холбооны технологи, инновацийн олон улсын зөвлөх Гантулгын Энхболор,  Нью Йорк хотын эдийн засгийн хөгжлийн газарт (NYCEDC) ахлах мэргэжилтэн, Нью Йорк хотын эдийн засагт чухал үүрэгтэй том хэмжээний үл хөдлөх хөрөнгийн төслүүдийн үнэлгээ болон гэрээ хэлэлцээр дээр төвлөрөн ажилладаг Түвшинбатын Алдарсайхан, Sacramento Municipal Utility District- байгууллагад Эрчим хүчний худалдааны зах зээлийн салбарын мэдээлэл технологийн хэлтсийн Ерөнхий зохицуулагч, (Principal Coordinator, Information Technology Market Applications, Energy Trading & Contracts Department, SMUD) Шурагийн Уянга, "Леди" төвийн захирал, IMACO Institute, Харилцан хамааралт маркетингийн сургалт зөвлөгөөний төвийн тэргүүн, Мэргэшсэн менежментийн Үндэсний сургагч багш, МУ-ын Боловсролын Тэргүүний ажилтан Рэнцэндоржийн Лхагвадулам,  Нийслэлийн Газрын Албаны ахлах мэргэжилтэн, хуульч, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан Доржийн Цолмон  гээд Монголын сор болсон эмэгтэйчүүд оролцоно.

Мэдээж хэрэг аливаа ажлыг зохион байгуулахад санхүүжилт чухал байдаг?

-Манай сан гишүүнчлэлийн татваргүй, орлого олдог санхүүгийн эх үүсвэргүй, төрийн бус байгууллага. Чуулганы зардлыг ивээн  тэтгэгч, чуулганд оролцогчдын хураамжаас бүрдүүлэхээс  гадна сангийн Захирлуудын Зөвлөлийн гишүүд тодорхой санхүүгийн үүрэгтэй оролцож байгаа. Зардлыг тооцож цаасан дээр босгочихоод байгаа. Гэхдээ бодит байдалд төлөвлөгдөөгүй  зарим зардал гарч ирдэг. Бидний ажилд сэтгэлээрээ оролцдог сайн дурынхан, урлагийнхан, хамтарч ажилладаг Америкийн Монголчуудын байгууллагууд бий. Сэтгэлд гал байхад зууханд үргэлж галтай гэдэг шиг л ажил буцалж байна даа.

-Хураамжтай холбоотой ямар нэг гомдол санал гарч байв  уу?

-2015 оны чуулганы гурван өдрийн хураамжийг 400 доллараар тогтсон байсан. Монголын нэгэн орчуулгын товчоонд санал тавьж хүмүүсийнхээ визний материалыг журмын дагуу бэлтгүүлсэн. Гэтэл тухайн байгууллага хүн тус бүрээс 400 доллар ажлын хөлсөндөө авснаа сайтар тайлбарлаагүйгээс ойлголтын зөрүү гарч зарим нэг  хэл үг гарсан явдал бий. Энэ удаагийн чуулганы хураамж нэг хүний гурван өдрийн үйл ажиллагааны  550 доллар, хэрэв чуулган болох газар байрлаж оролцвол 1100 доллараар төсөвлөгдсөн.

-Чуулганы үр дүнг юу гэж тодорхойлох вэ? 

-Чуулган болон сангийн үйл ажиллагаанд оролцсон бүх бүсгүйчүүддээ урам зориг, итгэл найдвар, зорилго, мөрөөдөл өгч чаджээ. Ажил мэргэжил дээрээ өсч, амжилт олж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж,  хоорондоо танилцаж, ажил хэрэг, найз нөхдийн холбоо тогтоосон төдийгүй хувийн амьдралаа өөрчилж дэвшиж чадсан байна.

-Зарим хурал чуулган төлөөлөгчдийг залхаасан, эсвэл үнэ цэнийн нь ойлгоогүй  тал ажиглагддаг. Танай чуулган энэ хэв шинжит байдлыг эвдэж чадах уу?

-Чадна. Итгэлтэй байна. Зорилготой, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой бүсгүйчүүл, мөн бидний үйл ажиллагааг хилийн чанадад ажиллаж амьдарч буй чадварлаг бүсгүйчүүл олноор дэмжих болсон учраас бид энэ удаагийн чуулганаа нийтийг хамралгүй чанар, чадавхийн өндөр түвшинд зохион байгуулахаар зорьж байна.Товчхон хэлэхэд ухамсар, ёс суртахууны  болоод  боловсролын “академик” чадвартай эмэгтэйчүүдийн VIP чуулган болно.

-Энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байна. Монголын өнөөгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч,  нийгэмд ямар мессеж илгээх вэ?

-Чуулганы илтгэл бодлого боловсруулах түвшинд бэлтгэгдсэн учир энэ дэвшлийг ажил хэрэг болгож, Монгол Улсын төрийн бодлогод хүргэх нь бидний зорилго. Энэ тэргүүнд шийдвэрлэх асуудлыг хэрхэн шийдэх мессежийг нийгэмд хүргэх гэж байна. Яг ямар асуудлаар гэдэг нь чуулганы төгсгөлд тодорхой болно. Оюуны өндөр чадавхтай эмэгтэйчүүдийг нэгтгэж, нийтэд таниулна.  Гадаадад амжилттай яваа бүсгүйчүүдийн анхаарлыг Монгол руу хандуулж, нэгтгэх нь бас нэг үр дүн. Мэдээж чуулганд оролцогсод найз нөхөд болж, хамтран ажиллах түншээ олж, мэдээллээ солилцож, мэдлэгээ хуваалцах нь өмнөх чуулганаас өвлөсөн уламжлал.

Хилийн чанадаас эх орон нэгтнүүдээ цуглуулж хурааж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа зовниж, тулгамдсан асуудлын  гарц шийдэл, шинэ сэргэг санаа оноог түгээн дэлгэрүүлэхийн төлөө яваа МЭХС-ийн тэргүүн С.Энхбаяр гэж бүсгүйн талаар товч танилцуулбал, Тэрбээр анх гэр бүлээрээ 22 настайдаа Америкт амьдрахаар хөл тавьсан. Одоо “Sukh Agency, INC” нэртэй "American Family insurance" компаний тэргүүний нэгжийг 9 жил удирдаж, “Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан”- г хөл дээр нь баттай зогсоож чаджээ. 

Өөр өөр соёл иргэншилд ажиллаж амьдарч байгаа монгол эмэгтэйчүүдийн эх орноо гэх сэтгэлийг нэгтгэх, эмэгтэйчүүдээ хөгжүүлэх нь түүний чин хүсэл. Зорилгодоо хүрэх замд хүмүүстэй сайдах муудах, санаа нийлэх, нийлэхгүй асуудалд авах гээхийн ухаанаар хандаж, харин  “танай чуулганд бохь байдаггүй юмуу, та нар бэлтгэхгүй яасан юм” гэх мэт шүүмжийг сонсоод хүмүүсийн ухамсарт харилцаа, ёс зүйг төлөвшүүлэх нь энэ тэргүүний  үйл хэрэг юм байна гэж боддогоо илэн далангүй ярьсан юм.