Элчин сайд М.Ахмет Язал: Туркийн хөрөнгө оруулалтыг Монгол руу татна

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал өнөөдөр сэтгүүлчдийг Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлах Элчин сайдын өргөөндөө хүлээн авч уулзлаа.

Ноён М.Ахмет Язал бол ирэх 2-3 жилд манай улсад суухаар ирсэн шинэхэн дипломатч юм. Түүнийг төрийн өндөрлөгүүдэд бараалхаж явааг хэвлэл мэдээллээс хэдэнтээ олж харсны хувьд таних гэж төдийлөн цаг авсангүй. М.Ахмет Язал тус уулзалтад албаны хэд хэдэн хүнийг байлцуулсаны зэрэгцээ гэргийгээ ч оролцуулсан байв.

Уулзалтын эхэнд өчигдөрхөн орон даяар тэмдэглэж өнгөрүүлсэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээг дэвшүүлсний зэрэгцээ бүхий л салбарт монгол охид эмэгтэйчүүд олноор ажилладгийг олж харж, ихээхэн бахархсан гэснээр Элчин сайд яриагаа эхлүүлэв. М.Ахмет Язал өмнө нь хэд хэдэн газарт дипломатчаар ажиллаж байсан ч өдийг хүрэхэд Монголын тухай огт ойлголтгүй явж ирсэн гэдгээ ний нуугүй хэлсэн. Тиймээс энэхүү сул талаа давуу тал болгож ашиглана гэлээ. Тухайлбал, ТИКА хүмүүнлэгийн байгууллага өмнө нь  өөрсдийн санаачилгын хүрээнд аливаа  хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байсан бол одооноос эхлэн манай улсын төрийн байгууллагуудын санал хүсэлт дээр үндэслэсэн төслүүдийг хэрэгжүүлдэг болж байгааг онцолж байлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд манай хоёр орон улс төрийн хувьд ямар нэгэн үл ойлголцол байхгүй. Харин эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр санасны хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна гэв. Тиймээс түүний нэн тэргүүнд барьж авч ажиллах салбар бол эдийн засгийн салбар байх гэнэ. Энэ тухайд Элчин сайд, “Дэлхийн бусад улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд зайлшгүй хийх хоёр шаардлага байдаг. Эхэнд тухайн улстай дипломат харилцаа тогтоосны дагуу ЭСЯ-ыг нээн ажиллуулдаг. Хоёрдугаарт Туркийн иргэний агаарын тээврийн нислэгийг үйлдэж эхлэх явдал юм. Эдгээр нөхцөл бүрдсэн тохиолдолд туркийн хөрөнгө оруулагчдад маш их итгэл төрүүлдэг.

Энэхүү хоёр тулгуурт нөхцөл өнөөдөртөө Монголд бүрэн бүрэлдээгүй байна. Учир нь Туркийн агаарын тээвэр өдгөө шууд нислэг хийж байгаа гэхэд хэцүү. Том багтаамжтай онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн тохиолдолд хоёр орны хооронд бараа эргэлт, жуулчин солилцоонд өсөлт гарч таарна. Энэ чиглэлээр Туркийн агаарын тээврийнхэн Монголын талтай хоёр орны аль алинд нь харилцан ашигтай байх тухайд ярилцаж байна.

Эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд хоёр талаас хүсэл эрмэлзэл байгаа ч одоогоор хөдөлгөөнд хараахан ороогүй байна гэсэн үг. Иймээс хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Нэгэнт хөдөлгөөнд оруулсан тохиолдолд түүний хурдыг нэмэх, бас хасахад асуудалгүй. Өнгөрсөн оны 7 дугаар сард Туркт төрийн эргэлт хийх оролдлого гарсан. Үүний улмаас манай улс аюулгүй байдалд ихээхэн анхаарч, эдийн засгийн салбарыг хойш тавьсан тал бий. Гэхдээ манай улс улс төрийн шинэ хуудас нээсэн. Үүгээр дамжуулан илүү тогтвортой худалдааны бодлого хэрэгжинэ гэж харж байгаа” хэмээв.

Дараагийн шатанд тэрбээр тус улсын хөрөнгө оруулагчдын төлөөллийг монголд урьж ажиллуулах, улс төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудыг идэвхжүүлэх, хоёр улсын хоорондох хүн болон ачаа тээвэрлэлтийн нислэгийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөтгөн Монгол Улсыг туркэд сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгуулах, ТИКА-гийн хөрөнгө оруулалт, төслийн үр дүнг нэмэгдүүлэх, монгол оюутнуудад олгодог тэтгэлгийн тоог өсгөх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцааг шинэ шатанд гаргахад анхаарч ажиллана хэмээн төлөвлөжээ.

М.Ахмет Язал өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Өнгөрсөн хугацаанд тэрбээр монгол орон, монголчуудтай нэлээдгүй танилцсан бололтой. Хөөрөг зөрүүлсэн хүний хөөргийг бэлэг гээд андуурч өвөртлөхөөргүй монголжсон байна билээ. Ирэх он жилүүдэд тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийлсэн. Өөрийнх нь хошигносноор бол ноён М.Ахмет Язал одоо Монголчуудын ч нэг хэсэг, Туркчуудын ч нэг хэсэг болж эхэлсэндэг ээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал