“Монголика” үзэсгэлэнд зураач С.Пүрэвхүү 30 гаруй бүтээлээр оролцож байна

Австрийн Форарлберг муж, Шрунс дүүргийн захиргаа, тус мужид амьдарч буй монголчуудтай хамтран монголын соёл, урлагийг сурталчлах зорилгоор зохион байгуулагдсан  “Монгол Улс Монтафон-д зочилсон нь” /die Mongolei zu Gast in Montafon/ арга хэмжээний хүрээнд зураач С.Пүрэвхүүгийн “Mонголика” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт “МАП” галерейд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр болов.

Нээлтийн  ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Хэргийг түр хамаарагч Ж.Сэрээжав, Форарлберг мужийн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн К.Вернхарт, Монтафоны төлөөлөгч Х.Битшнау нар оролцож үзэсгэлэнг нээж үг хэлэв. Энэ үеэр язгуур хөгжмийн “Хөх монгол” хамтлаг уран бүтээлийнхээ дээжээс толилуулав.

Форарлберг нь Вена хотоос 700 км-ын зайд алслагдсан муж бөгөөд иргэд ЭСЯ-нд ирж консулын үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг тул ЭСЯ-ны зүгээс энэ өдөр тус муж, түүний ойр орчимд оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэв. Мөн Хэргийг түр хамаарагч Ж.Сэрээжав, Форарлберг мужийн Засгийн газрын гишүүн К.Вернхарт, Шрунсын дүүргийн Засаг дарга Ю.Кустер нартай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Тус уран зургийн үзэсгэлэнд С.Пүрэвхүү зураачийн 30 гаруй бүтээл тавигдсан бөгөөд үзэсгэлэн энэ оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.