М.Г.Линк:Танай улсын туршлага бүс нутгийн улс оронд үлгэр жишээ болсон

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны /АИХЭА/-ны захирал М.Г.Линк манай ГХЯ, СЕХ-ны удирдлага болон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргатай уулзах үеэр Монгол Улсын Их хурлын 2016 оны сонгуулийг амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд танай улсын туршлага бүс нутгийн бусад улс оронд үлгэр жишээ болохуйц болсныг онцлов.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажигласан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/-ны Сонгуулийн ажиглагчдын багаас гаргасан тайлан, зөвлөмжтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээ, санал санаачилгын талаар холбогдох албаны хүмүүстэй уулзах зорилгоор энэ сарын 14-15-ны өдөр тус албаны захирал ноён Михаэль Георг Линк манай улсад ажлын айлчлал хийв.

Цаашид Монгол Улсын холбогдох төрийн байгууллагууд сонгуулийн ажиглагчийн багийн тайланд туссан холбогдох зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Тайлан илтгэлд Монгол Улсын сонгуулийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг цохон тусгасан бөгөөд тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тус албанаас дэмжлэг авах, хамтран ажиллах боломжийн талаар ч дурджээ.